
Ялангуяа шинэхэн аав ээжүүд маань хүүхдээ усанд оруулахаас авахуулаад эмзэг нандин эрхтэнийг нь хэрхэн цэвэрлэх тал дээр багагүй сандралд орж байж болох юм.
Дөнгөж нярайлсан ээж та, төрөхөд бэлтгэж буй бяцхан үрээ эрүүл чийрэг өсөн бойжуулах талаар элдвийг бодож сууна уу. Бидний тэр бүр анзаардаггүй нярай хүүхдийн арчилгааны хамгийн гол зүйлсийн нэг нь бэлэг эрхтэний ариун цэвэр юм.
Ялангуяа шинэхэн аав ээжүүд маань хүүхдээ усанд оруулахаас авахуулаад эмзэг нандин эрхтэнийг нь хэрхэн цэвэрлэх тал дээр багагүй сандралд орж байж болох юм.
Нярай хүүхдийн бэлгийн уруул бага зэрэг хөөсөн, арьс нь гөлгөр зарим тохиолдолд бага зэрэг үрчлээтэй мэт байдаг. Мөн бэлгийн бага уруулын хооронд ягаан өнгөтэй эд цухуйсан байж болох юм. Эдгээр нь бүгд хэвийн, эрүүл зүйл гэдгийг сануулмаар байна. Таны бяцхан охин өсч томрох явцад энэ нь бэлгийн уруултай нийлж алга болдог байна.
Түүнчлэн нярай охидын бэлэг эрхтэнээс цагаан, заримдаа бүр цусархаг ялгадас гарах нь хэвийн зүйл гэдгийг ч онцолъё. Энэ нь эхийн дааврын нөлөөнөөс үүдэлтэй бөгөөд хэдэн долоо хоногийн дараагаас өөрөө аяндаа арилдаг.
Нярай охидын бэлэг эрхтэн хамгийн эмзэг байдаг учраас тухайн хэсэг газрыг цэвэрлэхдээ маш болгоомжтой байх хэрэгтэй. Ихэнх эцэг эхчүүд эхний хэдэн долоо хоног ус юм уу, заримдаа хөвөн даавууг норгож арчих байдлаар цэвэрлэдэг. Бяцхан охиныхоо бэлэг эрхтэнг угаах усанд бага зэргийн хүүхдэд зориулсан зөөлөн, шингэн саванг нэмж болно. Мөн үнэртүүлэгчгүй нярай хүүхдийн нойтон сальфеткыг хэрэглэж болно.
Харин хатуу саван, алкохол болон бусад нэмэлтүүд орсон, хэт их үнэртэй нойтон сальфеткаас байнга татгалзаарай.
Нярай хүүхдийн шингэн саванг сонгож хэрэглэхдээ юуны түрүүнд шууд угаах гэж яаралгүйгээр хүүхдийн нимгэн арьстай хэсгүүд болох шууны дотор тал, гуяны ар тал зэрэгт багахан хэсэг газар угааж үзэх хэрэгтэй. Ингэхэд тухайн хэсэг газарт улайх, хавдах, тууралт гарах, хүүхэд зовиурлах шинж илрэхгүй байвал тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэхэд ямар нэгэн асуудал үүсэхгүй гэсэн үг юм.
Нярай хүүхдийн бэлэг эрхтэнг угааж цэвэрлэхдээ зориулалтын шингэн савантай усаар шавших байдлаар угаасны дараагаар цэвэр усаар зайлж, зөөлөн хөвөн даавуугаар арчиж хатаана. Үүний дараагаар хүүхдийн живхийг өмсүүлээд, тайвшруулан хөхүүлэх хэрэгтэй.
Мөн хүүхдийн живхийг солих, угаахдаа урдаас нь хойш нь чиглэлтэй арчиж байх хэрэгтэй. Учир нь бяцхан охины маань бэлэг эрхтэн болон шээсний сүв цэвэр байх ёстойг та бүү мартаарай. Хойноос урагш чилгэлтэй арчих нь шээсний сүв болон үтрээнд бохирдол орж үрэвсэл үүсэх нөхцөл бүрдүүлдэг.
Доорх тохиолдолд эмчид хандаарай:
1. Цавины ивэрхий- Энэ нь хүүхдийн нарийн гэдэсний гогцоо нээлттэй байх цавины сувагт орсон үед үүсдэг. Магадгүй та хүүхдээ усанд оруулах, живхийг нь солих үедээ цавь орчимд өвдөлтгүй, зөөлөн, товгор зүйл байхыг анзаарвал эмчид хандах хэрэгтэй. Цавины ивэрхий оношлогдсон тохиолдолд мэс заслаар тухайн нээлттэй байгаа цавины сувагт гацсан гэдэсний гогцоог буцааж хэвлийн хөндийд оруулж, цавины сувгийг оёх ажилбар хийгддэг. Зарим тохиолдолд гацсан гэдэсний гогцоо гэнэт өвдөлт өгч, хүүхдэд хүнд байдал үүсдэг тул цавины хэсэг газрыг эцэг эхчүүд шалгаж байх шаардлагатай.
2. Шээсний замын халдвар- Энэ нь таны бяцхан охины шээсний замд бактерийн халдвар орсноос болж үүсдэг үрэвсэл юм. Нярай охидын бэлэг эрхтэн болон хошного маш ойрхон байдаг тул хүүхдийг бааж, шээсний дараа цэвэрлэхгүй удах, бохир гараар хүрэх, мөн хойноос урагш чиглэлтэй арчих, угаах зэрэг нь шээсний замын үрэвсэл үүсэх нилээд том шалтгаан болдог. Энэ үед хүүхдийн бэлэг эрхтэн орчим улайж, хавдах, эмгэг үнэртэй ялгадас гарах, халуурах, зарим тохиолдолд хөхөндөө муудах, бөөлжих зэрэг шинж илэрдэг. Дээрх шинжүүд илэрсэн тохиолдолд хүүхдийн эмчид хандах хэрэгтэй.
3. Бэлгийн уруул наалдах эмгэг- Энэ нь бэлгийн уруул хэвийн үед хошного руу чиглэлтэй нээлттэй байх ёстой байтал, бэлгийн уруул хоорондоо нийлж, наалдсан мэт байхыг хэлдэг. Энэ тохиолдолд эмчид үзүүлж, эмчээс зөвлөгөө аваарай. Дур мэдэн оролдох хэрэггүй. Ихэвчлэн төрөх үед оношлогддог ч зарим тохиолдолд эцэг эхчүүд хүүхдийн живх солих, угааж цэвэрлэх үед анзаарч оношлох тохиолдол байдаг. Энэ эмгэг нь хүүхдэд өвдөх зовиургүйгээс гадна, шээсний урсгалд нөлөөлөхгүй ч шээсний замын халдвар үүсэхэд эрсдэлт хүчин зүйл болдог. Тиймээс живх солих, угаах үедээ зөв арчиж, цэвэрлэж байх хэрэгтэй.
4. Мөн дээрх тохиолдлуудаас гадна хүүхэд зовиурлан уйлагнах, хөхөндөө муудаж, хөхөө идэхгүй байх, цээж хонхолзох, халуурах, шингэн алдаж, суулгах, арьсны идээт болон бусад төрлийн тууралт гарах зэрэг шинжүүд илэрвэл яаралтай эмчид хандаарай.
