solongonews
М.Хасбаатарын уран бүтээл ”Гэрэлт шувуу чамдаа татлахуй”
2014-10-27 13:50
Санасан зүгт нэгэн шувуу ниснэ,
Сайхан сүүдрийг нь газар нөмрөөд баясна,
Сансрын наанаас нэгэн чимээ хангинан
Сарны зөөлөн аялгуу цээжинд урсах мэтхэн !

        Харнууд овгийн М.Хасбаатар 1957 онд төрсөн, 1974 оноос эхлэн шүлэг, найруулал, орчуулга оролдож, Өвөр Монголын Монгол Хэл Бичгийн Сургуульд суралцаж байхдаа сургуулийн сэтгүүл дээр өөрийн шүлэг зохилоо нийтлэн, ӨМ-ын “Залуучууд" сэтгүүлийн тусгай мэргэжилтнээр уригдан ажиллаж, хошууны сонин сэтгүүл хийгээд “Алтан гандарь”, “Торог саран”, ”Цэлгэр тал”, “Шар мөрөн”, “Хөлөнбуйр сэтгүүл” мөн Улаанхадын “Өдрийн сонин”, “Өвөр Монголын Өдрийн Сонин”, “Дундад Улсын Монгол Хэлний Сайт” зэрэгт шүлэг, найруулал, дууны үг нийт 200 гаруй бүтээлээ нийтлүүлж байжээ.Тэрээр одоо ч уран бүтээлээ туурвин байгаа бөгөөд өөрийн шүлгүүдээ эмхтгэн шүлгийн түүвэр гаргахаар бэлтгэл ажилдаа орсон байна.

 

Гэрэлт шувуу чамдаа татлахуй

 ( Өвөр Монголын Монгол Хэл Бичгийн Сургуулийн

нэг ангийн сурагч Гэрэл найзынхаа бурхан болсныг сонсоод )

 

 

Санасан зүгт нэгэн шувуу ниснэ,

Сайхан сүүдрийг нь газар нөмрөөд баясна,

Сансрын наанаас нэгэн чимээ хангинан

Сарны зөөлөн аялгуу цээжинд урсах мэтхэн !

 

Сар өдөр тоологдож хэчнээн жилээр алсарсан ч

Саарал ойн дундрашгүйд чи мөн л тэр янзаараа,

Хайр асгарсан харцны чинь гоёхон гэж ээ!

Хаашаа адилтгасан ч олны дундаа од нь гэж ээ!

 

Гэрэл тэрлэсэн тэр шувуу гэнэт л харагдахгүй,

Гэгээн өдрийг нүд алдуулж нуучихсан ч юм уу?

Гэнэн дотор минь үгүйллийн сэтгэл иврэн ирж

Гэндэж ойчсон усных нь тохойд дурсал цахилав !

 

Алаг хорвоод хэн нь ч гээд л хэзээ нэгэн өдөр

Алдаас үнэтэй амраг төрлөө хаяж л явах хойно

Ар хорчны өчүүхэн өвгөн би яахын ч аргагүй

Арын хойноос нь хэдэн мөр шүлгээ эрээчин л байна,

 

Хөххотод бидний хөгжөөн бялхсан өдрүүд сайхан,

Хүслийн гал минь есөн өнгөтэй байсан нь нэн сайхан аа,

Хөвөө хязгааргүй хүний далайгаас бид хамтдаа цугларсан

Хүний дундах хувь ерөөл минь нээрэн сайхан аа!

 

Хүсэж байгаад чамайг л гэж олсон биш ч

Хөмсөг нүдний чинь тасархай сайхныг хэзээд цээжилнэ,

Хүний дотор юу бодохыг мэдэхгүй л хойно доо,

Хэцүүхэн нэг бүлэг нууц чингээд л замхраг цаашаа!

 

Санасан зүгт нэгэн шувуу нисэх мэт.

Сайхан сүүдрийг нь газар нөмрөөд уярах мэт.

Сансрын наанаас муу чимээ чихэнд хангинаад

Сарны зөөлөн аялгуу дотор би хайлах мэтхэн!...

Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : СОЛОНГО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл