solongonews
Долоодугаар сарын импорт, экспортын нийт үнийн дүн өнгөрсөн оны мөн үеэс 16.6 хувь өсөв
2022-08-08 10:52
Долоодугаар сарын импорт, экспортын нийт үнийн дүн өнгөрсөн оны мөн үеэс 16.6 хувь өссөн байна.

        Гаалийн статистикийн мэдээгээр энэ оны эхний долоон сард Хятад улсын импорт, экспортын нийт хэмжээ 23.6 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.4 хувь нэмэгдсэн байна. Үүний дотор экспорт 13.37 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 14.7 хувь, импорт 10.23 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.3 хувь өссөн байна.

         07-р сард Хятад улсын импорт, экспортын нийт хэмжээ 3.81 их наяд юань болж, 16.6 хувь өссөн байна. Үүний дотор экспорт 2.25 их наяд юань болж, 23.9 хувь, импорт 1.56 их наяд юаньд хүрч, 7.4 хувь нэмэгдсэн байна.

        Гаалийн ерөнхий газрын Статистик дүн шинжилгээний газрын дарга Ли Күйвэнь хэлэхдээ “Энэ онд төрөөс аж ахуйн нэгжүүдэд туслахад нь дэмжлэг үзүүлэхийн тулд эдийн засгийг тогтворжуулах багц бодлого, арга хэмжээг хэрэгжүүлсэн. Мөн гаалийн байгууллага аж ахуйн нэгжүүдэд туслах, зардлаа бууруулах, аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж буй асуудлыг үр дүнтэй шийдвэрлэхэд туслах зорилгоор тусгайлан судалж, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлснээр гадаад худалдааны зах зээлд оролцогчдын эрч хүчийг үр дүнтэй идэвхжүүлсэн байна. Долоодугаар сард Хятад улсын импорт, экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 16.6 хувь өсөж, 05-р сараас хойш гадаад худалдааны өсөлт тасралтгүй сэргэх хандлага үргэлжлэн, макро эдийн засгийн зах зээлийг тогтворжуулахад эерэг хувь нэмэр оруулсан байна”.

        Хятад улсад эхний долоон сарын байдлаар импорт, экспортын гүйцэтгэлтэй гадаад худалдааны аж ахуйн нэгжийн тоо 526 мянга болж, өнгөрсөн оны мөн үеэс 5.8 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Үүний дотор хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн импорт, экспортын хэмжээ 11.8 их наяд юань болж, 15.3 хувь нэмэгдэж, нийт гадаад худалдааны үнийн дүнгийн 50 хувийг эзэлж байна. Мөн хугацаанд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн импорт, экспортын хэмжээ 7 триллион 970 тэрбум юаньд хүрч, 2.7 хувь нэмэгдсэн байна. Төрийн өмчит аж ахуйн нэгжийн импорт экспортын хэмжээ 3.8 их наяд юань болж, 15.5 хувь нэмэгдсэн байна.

         Ерөнхий худалдааны импорт, экспорт нэмэгдэж, эзлэх хувь нэмэгдэв. Эхний долоон сард Хятад улсын худалдааны импорт, экспортын нийт хэмжээ 15 триллион 170 тэрбум юаньд хүрч, 14.5 хувь нэмэгдэж, гадаад худалдааны нийт үнийн дүнгийн 64,3 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2,3 пунктээр нэмэгджээ. Үүний дотор экспорт 8.6 их наяд юань болж, 20.7 хувь, импорт 6.57 их наяд юань болж, 7.3 хувь өссөн байна. Мөн хугацаанд боловсруулах худалдааны импорт, экспортын хэмжээ 4.76 их наяд юань болж, 3.9 хувь өссөн байна. АСЕАН, ЕХ, АНУ, Өмнөд Солонгос зэрэг худалдааны томоохон түншүүдийн импорт, экспортын өсөлт нэмэгдсэн байна.

        Эхний долоон сард АСЕАН-тай хийсэн худалдааны нийт хэмжээ 3.53 их наяд юань болж, 13.2 хувь нэмэгдэж, ЕХ-той хийсэн худалдааны нийт хэмжээ 3.23 их наяд юаньд хүрч, 8.9 хувь өсөж, Хятад, Америкийн худалдааны нийт хэмжээ 2.93 их наяд юань болж, 11.8 хувь өссөн байна.

         Мөн хугацаанд Хятад улсын “Бүс ба зам" дагуух орнуудад хийсэн импорт, экспортын нийт хэмжээ 7.55 их наяд юаньд хүрч, 19.8 хувь нэмэгдсэн байна. Үүний дотор экспорт 4.27 их наяд юань болж, 19.8 хувь, импорт 3.28 их наяд юань болж, 19.8 хувь нэмэгдсэн байна.

        Механик болон цахилгаан бүтээгдэхүүн, хөдөлмөр их шаарддаг бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэн. Хятад улсын эхний долоон сард 7 триллион 570 тэрбум юанийн механик цахилгаан бүтээгдэхүүн экспортолсон нь 10.1 хувь нэмэгдсэн нь нийт экспортын үнийн дүнгийн 56.6 хувийг эзэлж байна. Үүний дотор автомат мэдээлэл боловсруулах төхөөрөмж, түүний эд анги 918.2 тэрбум юань болж, 4.4 хувь, гар утас 494.63 тэрбум юань болж, 2 хувь өссөн байна. Автомашины 75.74 тэрбум юань болж, 54.4 хувь өссөн байна. Мөн хугацаанд хөдөлмөр их шаарддаг бүтээгдэхүүний экспорт 2 триллион 410 тэрбум юаньд хүрч, 15.2 хувь өссөн байна.

Зохиогч: ДҮ ХАЙТАО
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл