solongonews
БНХАУ-ын шилдэг 30 их сургуулийн танилцуулга үзэсгэлэн боллоо
2019-10-15 14:26
БНХАУ-ын шилдэг 30 их сургуулийн танилцуулга үзэсгэлэн боллоо

Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Монгол Улстай дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой энэ жил тохиож байна. Хоёр орон найрамдалт харилцаа тогтоосон түүхэн үйл явдалд зориулан соёл урлаг, боловсрол, хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэх зорилгоор олон талт ажил шат дараатайгаар зохион байгуулсаар байна. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд өнөөдөр буюу энэ сарын 15-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын шилдэг их сургуулиудын танилцуулга үзэсгэлэн МУИС-ийн Номын санд нэг өдрийн турш болж байна.

Энэхүү танилцуулга үзэсгэлэнгийн үндсэн зохион байгуулагчаар БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгийн хороо, БНХАУ-аас Монгол Улсад суугаа суурин төлөөлөгчийн газар буюу БНХАУ-ын Элчид Сайдын Яам болон Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хамтран ажиллажээ.
Мөн үеэр БНХАУ-ын шилдэг 30 их сургуулиуд үзэсгэлэнгээ гаргахын сацуу БНХАУ-ын Элчид Сайдын Яам, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны төлөөллүүд хүрэлцэн ирж, үг хэлэв.

БСШУСЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Д.Гарьд: - Ямар ч улсын хамтын ажиллагаа хүмүүнлэгийн салбараас эхэлдэг. Хүмүүнлэгийн салбарын үндэс нь боловсролын салбар байдаг. Манай улсын боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийхээр Хятадын 10 мужийн 30 гаруй их сургууль ирсэн байгаа нь хоёр улсын соёлын харилцааг улам бүр бэхжүүлэхэд сайнаар нөлөөлж байна. Үүнээс гадна хоёр орны боловсролын салбар дахь хамтын ажиллагаа ч мөн тэлж байна гэсэн үг. Сүүлийн үед Монгол Улсын боловсролын салбарын хөгжил зөвхөн хүний нөөц бэлтгэхэд чиглэж байгаа. Энэ ч утгаараа БНХАУ-д манай орноос 10.000 гаруй оюутан дээд боловсрол эзэмшихээр бэлтгэгдэж байна. Үүний 3.580 нь Засгийн газрын тэтгэлгийн хүрээнд суралцаж байна. Манай улсын ирээдүйн хөгжил хоёр хөршөөс эхэлнэ. Тиймээс оюутнуудын урсгал мөн ийшээ чиглэх нь гарцаагүй. Мөн Хятадууд технологи, уул уурхай, барилгын салбарт дэлхийд  тэргүүлэх байр суурийг эзэлдэг. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд хоёр орны харилцаанд дэвшилттэй олон зүйл гарсан. Өнөөдрийн байдлаар хоёр орны харилцаа хамгийн  сайнаараа хөгжиж, урагшаа тэмүүлж байна хэмээн арга хэмжээний үеэр  сэтгэгдэл болон хамтын ажиллагааны талаарх саналаа хуваалцав.

Мөн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгийн хорооны нарийн бичгийн дарга Жан хэлсэн үгэндээ: - Боловсролын салбар дахь хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх үйл явдалд хүрэлцэн ирсэн зочдод хүндэтгэл илэрхийлье. Энэ удаагийн үзэсгэлэнд Чинхуа их сургууль тэргүүтэй БНХАУ-ын хамгийн шилдэг гэсэг сургуулиуд оролцож байна. Эдгээр сургууль нь Бээжин, Тяньжин зэрэг 10 мужаас  ирсэн. Энэ удаагийн боловсролын үзэсгэлэн нь БНХАУ-ын боловсролын салбарын хөгжлийн үр дүнг Монгол Улсад таниулж, дэлхийн стандартад нийцсэн боловсролыг хөрш орны оюутнуудад олгоход оршиж байна гэв.

Тус үзэсгэлэн БНХАУ-аас Ази тивд зохиогдож буй хоёр дахь удаагийн “Боловсролын яармаг” бөгөөд их орноо төлөөлөн ирсэн 30 гаруй их сургуулийн багш нар Киргизстан улсаас шууд Монгол Улсыг зорин иржээ.

Найруулагч: Б.ТУЯА
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл