solongonews
Үндэстний онцлогтой хүмүүжил өсвөр насны хүүхдийн бахархал
2016-11-29 11:57
Үндэстний онцлогтой хүмүүжил өсвөр насны хүүхдийн бахархал

Авга хошууны Бэлгүүдэй багийн Энгэр тойргийн төв гудамжинд байрлах “Хөх сүеэ” нялхсын хүмүүжлийн суурин газар гэсэн хаягийг хараад сониучирхан сурвалжилга авахаар хүрч билээ.

Ер нь эцэг эхчүүд цэцэрлэгт орохоос өмнө хүүхдээ харж харгалзах нь маш хүнд байсаар иржээ. Мөн балчир хүүхдийн төрөлх оюуныг бүрэлдүүлэх зангилгаа хүмүүжлийг яадаг билээ? гэж сэтгэл зовдог эцэг эх олон байдаг. Харин Юн Шюэ 12 жил сумын сургуульд багшилсан ба цэцэрлэгийн багш хийж явсан 12 жилийн хугацаанд хүүхдийн хүмүүжлийн эдгээр дутагдлыг нүдээрээ харж, сэтгэлээрээ мэдэрч ирсэн нь учиртай. Жинхэнэ монгол хүмүүжлээр хүүхдийг хүмүүжүүлж байгаа цэцэрлэг нэлээд цөөн байдаг нь нэгийг бодогдуулж байсан. Ийнхүү 1-3 насны хүүхдийн ой билгийг хүмүүжүүлэх талаар чухалчлан, мөн энэ тухай судалгаа олширч байгаа өнөөдрийн нийгэмд зохицуулан, 2016 онд Юн Шюэ нөхрийн хамт 200 гаруй мянган юанийн хөрөнгө оруулж, 260 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий гурван давхар байшин түрээслэн, 4 дүгээр сарын 1-ний өдрөөс “Хөх сүеэ” нялхсын хүмүүжлийн суурин газраа нээж, 3 багш 1 тогоочтой, гуравхан хүүхэдтэй ажлаа эхлүүлсэн байна.

Монгол Улсын Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотын 20-р цэцэрлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, нэг сарын хугацаатай Монгол Улсаас багш урин тэдний орчин үеийн хүмүүжлээр заах арга сургалтаа дээшлүүлсээр байгаа аж. Энэ явдал нь харин олон эцэг эхийн анхааралд хүрч, одоо 1-3 насны 20 хүүхэдтэй болсон байна.

“Хөх сүеэ” нялхсын хүмүүжлийн суурин газрын хүүхдүүд өглөөний цугларалтаас өглөөний дасгал, цай, эрүүл ахуй, хөгжүүлэх үйл ажиллагаа, тоглоом, номтой танилцах, өдрийн амралт гэх мэтийн нарийн төлөвлөгөөтэй бөгөөд цай хоол нь хүүхдэд зориулагдсан, наадам тоглоомын зүйлс нь өөрсдөө хийсэн үндэстний онцлогтой гар урлалын бүтээгдэхүүн, хоол цайн хэрэгсэл нь ч монгол амьдралын эдлэл хэрэгсэлтэй байдаг нь хүүхдийн балчир оюунд амьдрал таниулж байгаа бас нэгэн зорилго билээ.

- Хүүхдүүдийн зан чанарт нь тааруулж, ажиглалт судалгааны суурин дээр хүмүүжүүлэх нь маш чухал. Хүүхдүүдийн нүдийг харахад бүгд хөөрхөн цайлган дэгжин л дээ. Уйлж унждаг хүүхдийг аргадаж сургах, зожиг хүүхэдтэй ярилцан хүүхдүүдтэй тоглуулах, буруу хэрэг хийсэн бол уучлал хүсэж сургахыг зорьдог. Хүүхдүүд юм хүлээж авах нь хурдан, тогтоох нь түргэн байна гэж Монгол Улсаас ирсэн багш Анхцэцэг, Ариунаа нар ярьж байв.

Энэхүү суурин газар нь содтой ус, давстай ус, сармистай ус, нимбэгтэй ус зэргээр дөрвөн улиралд зохистой зохицуулж, хүүхдийн амыг зайлуулах, хөх давсан дээр алхуулах гэх мэт уламжлалт аргаар хүүхдийн эрүүл мэндэд анхаарч, ханиад хүрэхээс сэргийлэн, уламжлалт аргаа бас нэг маягаар өвлөж буйгаараа онцлог. Үүнээс гадна хүүхдийн мэдрэмж хурцалж, байгальтай харьцуулах нь энэ газрын хүмүүжлийн нандин зүйл юм. 6 дугаар сарын 1-ний Хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан “Унаган бууц” сэдэвтэй “Хөдөө гэртээ харъя” үйл ажиллагаа явуулж, эцэг эх багш ажилтан хүүхдүүд Монголоороо гоёж, овоондоо мөргөж, хөдөө айлд мэндийн ёс барин бууж, хонь гаргахаас монгол хоол цай базаахад хүртэл шууд амьд хүмүүжил хүртээж байна.

- Энэ цэцэрлэгийн нөхцөл нь сайн, хүмүүжил нь онцгой байдгийг сонсоод хүүхдээ багаас нь харилцаанд сургаж, биеэ даах чадварыг нь хүмүүжүүлэхээр өгсөн. Одоо манай охин гутлаа байгаа газар нь тавьдаг болсон шүү гэж ээж Цэцэнтуяа ой 10 сартай хөөрхөн охин Бүжмаагаа хараад баяртай ярив.

Зохиогч: Туяа
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : Шилийнгол сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл