solongonews
Номтой ертөнцөд тавтай морилоорой
2021-06-08 10:20
Номтой ертөнцөд тавтай морилоорой

    Ном бичгийн амь нас гэдэг унших тусам сэргэдэг. Өнөө цагт ном унших шинэ хэв маяг ар араасаа гарч ирсээр байна. Том өгөгдлийн тусламжтайгаар ном төлөвлөлтөөс эхлээд уншигчид руу илүү оновчтой чиглүүлж, уншихын төлөвлөгч, дата шинжээч зэрэг шинэ албан тушаалууд өөрсдийн онцлогоо харуулах боломжтой болжээ; Ном уншихаас ном сонсох нь шинэ чиг хандлага болж, аудио номын редакторууд болон номын видео хөтлөгч, нэвтрүүлэгч зэрэг нь шинэ мэргэжлийн ажил төрөл болж байна; Биет номын дэлгүүр нь өдөр тутмын амьдралд соёлын цогц орон зай болж нэгдсэн. Номын дэлгүүрт урлан зурж төлөвлөх дизайнер гарч ирсэн байна. Үйлдвэрлэлээс сурталчилгаа хүртэл унших бүх холбоосууд дээр номын “гоо сайхан”-ыг зурж төлөвлөх ерөнхий дизайнер гарч ирсэн. Үүнээс гадна, хөдөө орон нутгийн хүүхдүүдэд зориулсан ном унших сурталчлагч болон хуучин номны эргэлтийг илүү тохиромжтой болгодог интернэт бизнес эрхлэгчийн ажил төрөл шинээр гарч ирсэн байна. Тэдний хийж байгаа ажил бол ном уншихыг өргөнөөр сурталчилж, ер бусын эерэг үр нөлөө үзүүлж байна.

   Ном бол ертөнцийг харах цонх, хүүхдийг дэмжиж цонхны хөшгийг нээж өгнө

   Юнь Нань мужийн Дали Бай үндэстний өөртөө засах жөүгийн Бинь Чуань шяний Ла Ү суурин шяний төвөөс хамгийн хол оршдог суурин юм. Уулын тосгоны буланд байрлах хөдөө орон нутгийн хүүхдүүдийн нийтийн номын өргөөнд Ла Ү бүрэн дунд сургуулийн захирал Ше Хунфэнь хүүхдүүдтэй хамт тойрон сууж ном уншина. Ше Хунфэнь багш сургуулиа төгссөний дараа Ла Ү сууринд багшлахаар ирэв. Багш, сурагчдын хичээлээс гадуурх харилцаа холбоо нэгэн будаггүй зургийн номоос эхлэлтэй. Тэрээр хүүхдүүдэд ном уншиж өгдөг, хүүхдүүд ч зургийн цомгоос амьтан, ургамлыг таньж мэддэг. Ше Хунфэнь:

- Ном унших нь хүүхдүүдийн сурах сонирхол, урам зоригийг бадрааж, сурах чадварыг нь сайжруулдаг гэж хэлж байна.

Уулархаг хөдөө нутагт хүүхдэд зориулсан сайн чанартай номын нөөц тийм ч их байдаггүй. Хүүхдүүд уншихад тохиромжтой номыг хэрхэн сонгох вэ? Ше Хунфэнь шяний төвд очих бүрт номын дэлгүүрт очиж хүүхдүүдэд ганц хоёр ном худалдаж авч өгдөг. Сайн ном хүүхдүүдэд сонирхол, эрэл хайгуулын хүсэл тэмүүллийг төрүүлж, тэдний амьдралыг дэлхий ертөнцтэй холбож өгөх юм.

Ше Хунфэнь хөдөө орон нутгийн уншлагыг сурталчлахад хүүхдийн эцэг эхийн ойлголтыг өөрчлөх шаардлагатай байхыг дүгнэж мэдэв. Олон эцэг эхчүүд сурах бичигтэй ямар ч холбоогүй ном унших нь цаг хугацаа алдах явдал гэж үздэг. Энэ шалтгааны улмаас Ше Хунфэнь амралтын өдрүүдэд нямбай сонгосон номоор дүүргэсэн цүнх үүрч, сурагчдын гэрт очиж хүүхдүүдэд эцэг эхтэй нь хамт ном уншиж, үлгэр ярьж өгдөг. Аажмаар хүүхдүүдийн өвөө эмээ нар ч гэсэн хүүхдүүдтэйгээ ном уншиж үлгэр ярих дуртай болжээ.

Ше Хунфэнь хүүхдүүдтэй хамт ном унших бүртээ агуулгад автан заримдаа нулимс унагаж, заримдаа инээж хөөрдөг. Сүүлийн үед нэг сурагч түүнд "Үүл ба талх" нэртэй зургийн ном санал болгов. Тэрээр нэг шөнийн дотор уншиж дуусгаад хүүхдүүдтэйгээ санал бодлоо солилцжээ. Багшаас цаг тухайд нь хариу өгөх бол хүүхдүүдэд сайн унших дадлыг төлөвшүүлэхэд тусалдаг.

2018 оны 07-р сард Ше Хунфэнь Шанхайн нэг буяны үйлчилгээний төвийн тусламжтайгаар өөрийн хашаандаа хөдөө орон нутгийн хүүхдүүдийн нийтийн номын өргөө барьж, түүгээр ч үл барам байрандаа жижиг ном солилцооны цэг нээсэн байна. Ше Хунфэнь:

- Нийтийн номын өрөөний загвар уулархаг хөдөө нутгийн хүүхдүүдэд амралтын үеэр ном унших хэрэгцээ шаардлагыг нь хангаж чаддаг. Би ч сурагчидтайгаа хамт ном уншдаг гэж ярьлаа. Өнгөрсөн жил Ше Хунфэнь Төвийн суртал ухуулгын газар, Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамнаас зохион байгуулж сонгосон "Хөдөө орон нутгийн ном унших жишээч" яруу алдрыг хүртжээ.

  Номын өрөөний ширээн дээр Ше Хунфэнь болон хүүхдүүдийн хийсэн зурагтай номууд байдаг. Тэрээр:

- Заримдаа би яагаад шувууд нисдэг юм бол гэж гайхдаг. Тийм бага дорой харагддаг байтлаа маш хүчтэй нисэж чаддаг гэж хэллээ. Багш, сурагчдын өөрсдөө зурсан, өөрөө бичсэн эдгээр номоос хүүхдүүдийн сайхан төсөөллийг олж хардаг юм байна.

“Ном унших нь уулан тосгонд байгаа хүүхдүүдэд зориулсан цонх юм. Хүүхдүүдийн цонхны хөшгийг нээдэг хүн нь би байх ёстой гэж боддог”. Энэ бол түүний эрхэм бодол. Ше Хунфэнь бас ирээдүйдээ маш итгэлтэй байж, хожим нь улам илүү сайн чанартай номоор хүүхдүүдийг дагуулан дэлхий ертөнцийг таниулахаар зүтгэж байна. Мөн тэрээр илүү олон мэргэжилтнүүдийг хүүхдүүдэд ном уншихад нь анхаарч, тусламж үзүүлнэ гэдэгт найдаж байна.

  Хуучин номын хуудсанд өмнөх хүний гарын дулаан шингэж үлддэг

   Хуучин номын зах дээрээс ном худалдаж авах нь ном сонирхогч олны хамгийн дуртай зүйл. Интернэт хөгжсөнөөр хуучин номын зах онлайн хэлбэр лүү нүүсэн байна. 2017 онд "Загас барих" онлайн номын платформ нээгдэж, эхний жижиг хөтөлбөрөөс АПП хүртэл, өнгөрсөн жил Бээжин, Шанхай зэрэг хотод биет дэлгүүрээ нээсэн. Одоо таван сая орчим хэрэглэгчтэй болжээ.

Чэнь Түө бол "Загас барих" АПП-ийг үүсгэн байгуулагчдын нэг. "Үнэхээр сайн ном бол олон удаа уншихад үнэ цэнтэй байдаг." Тэрээр чухам ийм зорилгоор энэхүү АПП-ийг бүтээн байгуулах ажилд оролцож хамтран ажилласан байна.

   Онлайн хуучин номын зах өөр өөр худалдааны горимтой байдаг. Зарим нь шалгалт сургалтын ном, хүүхдийн ном зэргийг голлон худалддаг бол зарим нь хэвлэхээ зогссон ховор номууд голлон худалддаг. Хэлбэрийн хувьд зарим нь уламжлалт хүн хүний хооронд худалдаалах, басхүү бизнес эрхлэгч хуучин номыг цуглуулж шууд хувь хүн худалдах хэлбэр бий. "Загас барих" АПП ажиллах хэлбэр нь хамгийн сүүлийн хэлбэр юм.

Чэнь Түө:

- Хуучин номыг дахин зах дээр гаргах болсон шалтгаан нь ном бүр нь өвөрмөц ISBN (Олон улсын стандарт номын дугаар)-тай байж, мэдээлэл нь маш стандартчилсан болохоор худалдаа тархалт нь маш хялбар байдаг гэж танилцууллаа.

"Загас барих" АПП дээр өдөр бүр 20,000 орчим ном худалдаалдаг. Уншигчид зөвхөн арын нүүрэн дээрх ISBN-ийг гар утсаараа сканнердах хэрэгтэй. Ингээд л номын мэдээлэл, худалдан авах үнэ гарч ирдэг. Дараа нь мөнгөө төлөөд шуудан хүргэгч ном хүргэж ирэхийг хүлээх л үлдэнэ. Энд худалдаалж байгаа бүх хуучин ном улсын өнцөг булан бүрээс худалдан авч цуглуулсан номууд. Цуглуулсан номоо Тяньжинь, Жян Сүгийн үйлдвэрт оруулж, дээр нь онцгой таних код хадаж, бэх, хавтас, цаас зэргийг өндөр хүчин чадалтай томруулдаг шилээр шалган үнэлгээ хийж, дараа нь өнгөлөх, цэвэрлэх, засах, ариутгал хийх зэрэг алхмаар ажиллаж, эцэст нь байгальд ээлтэй материалаар дахин гадарлаад худалдаалж байна.

  Хуучин номын дэлгүүр хулгайн номын зах болж болохгүй. "Загас барих" АПП бол хатуу дүрэм журамтай. Уншихад нөлөөлөх, эвдэрсэн, бохирдсон, хэт хуучирсан, үнэртэй буюу хулгайн ном, хууль бус хэвлэлийн номыг хүлээн авдаггүй. Хуучин номын чанарыг баталгаажуулж, уншигчдын итгэлийг гүнзгийрүүлэхийн тулд бүх салбарын чиглэлд урт хугацааны хуримтлал шаардлагатай байна.

Одоо номын зах зээлийн хөгжлийг дагаад онлайн хуучин номын зах зээл эрүүл өсөх хандлагатай байна. Чэнь Түө:

- Хуучин номын бохир, хэт хуучирсан, муу байдлыг өөрчилж, хуучин номын зах зээлийн эргэлтийг уншигчдад таниулах нь хүлээн авч буй хуучин номын дэлгүүрүүдийн цаашдын хүчин чармайлтын чиглэл юм. Хуучин ном маш их сэтгэл хөдлөм мэдрэмж төрүүлдэг. Учир нь тэдгээр хуучин номууд аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн угсралтын шугамаас шууд ирдэггүй. Харин хувь хүний гар дээрээс ирдэг. Нэг ном дахь хавчуурга, тэмдэглэл зэрэг бол бүгд он жилүүдийн дурсамж юм. Номыг хэрэглэж байсан хүний гарын дулаан номын хуудсанд шингэж үлддэг юм гэж ярьлаа.

       Урьд нь зураач шиг байсан бол одоо найруулагч шиг

   Жан Гуөлянгийн ажиллах өрөө Шанхай хотын Сү Жөү голоос холгүй байрладаг. Өрөө нь номын тавиур, зургийн самбараар дүүрч байлаа. Уран зургийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн тэрээр 30 гаруй жилийн турш номын дизайн хийж байгаа бөгөөд бүтээлүүд нь "Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй ном" шалгаруулалтад Хятад улсыг төлөөлөн олон удаа оролцож байсан.

Жан Гуөлянгийн үзэж буйгаар номын дизайны ажил нь гоо зүйн нүдийг ашиглан зураг төсөл боловсруулах, цаас сонгох, агуулга байрлуулах, хэвлэх зэрэг бүх үйл явцын найруулгад оролцож, уран сайхны аргыг ашиглан, өвөрмөц урлагийн ертөнцийг бий болгох явдал юм.

   1980-аад онд 27 настай Жан Гуөлян сургуулиа төгсөөд хэвлэлийн газарт гоо сайхны редактороор ажилласан. Түүний гол ажил бол номын нүүр хавтсыг зурж төлөвлөх. Тэрээр:

- Шинэчлэл, нээлтээс хойш манай улсын номын дизайн маш их ахицтай болсон юм. Бид өмнө нь гадаадад судалгаа хийхээр явахдаа ихэвчлэн “дээшээ” хардаг байсан. Харин одоо Хятадын номын дизайны түвшин, арга хэлбэр нь олон улсын түвшинд хүрсэн байна гэж хэллээ.

Номын дизайнер урьд нь зураач шиг байсан бол одоо найруулагч шиг болжээ. Номын дизайныг сайн хийнэ гэдэг урьдынх шиг зөвхөн номын хавтсыг урлаж бүтээх биш. Харин агуулга, цаас, хэвлэл зэрэг бүх зүйлийг бодолхийлэх хэрэгтэй. Агуулга, хэлбэрийн хооронд заавал төгс зохицуулах шаардлагатай юм. Ингэснээр Хятадын номын дизайны ерөнхий түвшинг аяндаа сайжруулж чадсан байна.

   Нүүр хавтасны дизайн болон нэг бүхэл номын дизайны зардал маш их зөрөөтэй байдаг. Учир нь бүхэл номын дизайн нь заримдаа бүтэн жил, эсвэл хоёр жилийн хугацаа зарцуулдаг байна. Жан Гуөлянгийн үзэж байгаагаар номын дизайныг сайн хийнэ гэдэг заавал мөнгө хэдий илүү зарвал төдий сайн гэсэн үг биш юм. Тэрээр өмнө нь хамгийн нимгэн сонины цаас ашиглан хямд үнэтэй ном зохиосон нь харин хүмүүст түүхэн давалгааны өвөрмөц мэдрэмжийг бий болгож өгсөн байна.

   Номууд хэвлэн нийтлэх арга хэлбэрийн аажмаар өөрчлөгдөж байгааг дагаад улам илүү мэргэжлийн дизайныг шаардагдах болсон. Жан Гуөлян онлайн уншлагын өсөлт энэ үйл явцыг хурдасгаж байгааг олж мэдэв. Ирээдүйд хүмүүс ном ба хүмүүсийн хоорондын холбоог илүү чухалчлах болно. "Цаасан ном ба интернэтээс ном уншихын ялгаа нь уншигчид цаасан номыг барьж, харж, үнэрлэж, мэдэрч чаддагт оршино. Ирээдүйд номын дизайны чиглэл агуулга, хэлбэрийг нэгтгэхэд илүү их анхаарал хандуулах нь дамжиггүй. Номын хэлбэрийн дизайн яаж ч зогссон агуулгын дизайн уншигчдад хэзээд шинэ мэдрэмж түрүүлдэг юм.

 

 

Зохиогч: ЛИ МАО ИН, ЧЭНЬ ЮАНЬЮАНЬ, ЦАО ЛИНЖЮАНЬ
Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Ардын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл