
(Адыгэй ястны үлгэр)
Нэгэн удаа арслан аймшигтай зүүд зүүдлээд сэрэгдээ аймаар чангаар архирч гэнэ. Түүний энэ аймшигтай архирааныг сонссон хамаг амьтан үүрнээсээ гаран зугтааж гэнэ. Шумуул ч гэсэн цочин сэрээд хошуугаа үрчийн ихэд уурлаж:
Энэ муу арслан миний зам дээр тааралдвал сайнаа үзэхгүй дээ! гэж занажээ.
Үүнийг сонссон арслангийн хилэн бадарч:
Яана гэнээ! Араатны хаан арслан намайг нэг муу шумуул ингэж заналхийлж болно гэж үү? Ичгүүргүй амьтан чамайг одоохон болгоод өгье өө гэж гэнэ.
Шумуул тэр дороо арслангийн хамар дээр суугаад цусыг нь сорж гарчээ. Арслан өвдсөндөө хамраа үрчийн ийш тийш давхисан боловч өөдгүй муу цус сорогчоос салж чадсангүй. Шумуул улам чанга хатгаж гэнэ. Арслан өвдсөндөө өөрийн эрхгүй шумуулнаас өршөөл гуйжээ. Шумуул араатны хаан арсланг хэрхэн ялснаа бусад амьтдад хэлэхээр онгирон нисэж явахдаа аалзны тухай ор тас мартсан байжээ. Тэгээд замдаа байсан аалзны торонд орооцолдон түүний үдийн хоол болсон гэнэ.
