solongonews
Цэцгийг ашигласан чамбай ухаан
2019-10-22 15:32
Цэцгийг ашигласан чамбай ухаан.

Алтанхуагийн тал шаргалтан нэлийнэ. Цэцгийн дэлбээнд шүүдрийн мөхлөг бөнжигнөж, нарны алтан цацраг тосон гялтганан болортсоор цэцэгтээ эгшин шингэх нь цэцэгт талын үзэсгэлэн. Алтанхуагийн талд салхиар аргадуулан зогсоход цэцгийн содон шаргал өнгө хорвоогийн өөр өнгийг мартуулж, анхилам үнэр нь сэнгэнээд хоолойд цэцэг амтагдах шиг болно. Алтанхуа цэцэг нь Хятадын олон газарт ургадаг ч Шилийнгол аймгийн Шулуун хөх хошууны Юаний дээд нийслэлийн эргэн тойрноор нэлээд өргөн талбайтай ургадаг цэцэг болно. 

“Хааны нутаг болохоор цаанаа л ондоо” гэж цэцгийг нь хараад шагшин магтдаг хүн мөн ч олон байдаг. Шулуун хөх хошуу нь сүүлийн жилүүдэд Алтанхуа сонирхох наадам хийсэн байна. Алтанхуа цэцэг нь энэ нутгийн брэнд болж, соёл, аялал жуулчлалтай шууд холбогдох орон нутгийн бүтээгдэхүүн болжээ. Алтанхуа цэцгийг мөн Алтан цацагт цэцэг гэдэг. Алтанхуа цэцгийг түүж хатаагаад цайтай адил бүрж уухад дотор халууныг маш сайн туудгийг энэ нутгийн хүмүүс сайн мэднэ. Энэхүү цэцэг нь эмд ордог бөгөөд хятад эм үйлдвэрлэгчид энэхүү цэцгийг хуурай газрын Алтанхуа гэдэг ажээ.

Алтанхуа цэцэг аль эртнээсээ энэ нутгийн хүн ардад үр өгөөжөө өгсөөр иржээ. Дотор халуун нь ихдээд аман дотор нь шалбарч шаналгаатай байсан хүн буцалсан усанд Алтанхуа цэцгийг мөсөн чихэртэй уугаад хоёр хоноод эрүүл болсон жишээ бий. Алтанхуа цэцгийн сэрүүн чанарыг Шил нутгийнхан ингэж чадамгай ашиглаж ирсэн нь нутгийн өвс ургамлаа сайн мэддэг суу ухаан билээ. Нутгийн малчид маань өмнө нь Алтанхуаг цэцэг хэвээр нь ашиглаж байснаас биш өөр бүтээгдэхүүн болгон зах зээлд гаргаж байсныг сонсоогүй. Харин энэ жил вичатаас Шулуун хөхийн нэгэн залуу Алтанхуа цэцгээр шүдний оо хийсэн гэх мэдээг үзсэн хүний харааг мялаан тархаж билээ. Алтанхуа цэцгийг сайн мэддэг хүмүүс: “Алтанхуагаар шүдний оо хийх гэдэг ёстой зөв санаа байна” хэмээн ам дамжин магтаж байлаа. Алтанхуа цэцгийн сэрүүн чанарыг ашиглаж чадсан энэ хүн бол Шулуун хөх хошууны Сангийн далай суурингийн Баяннуур багийн иргэн Хөгжилт юм. Тэрээр Алтанхуа цэцгийн шүдний оог зах зээлд гаргасан эхний арван өдөрт арван мянган ширхгийг худалджээ. Нэг ширхэг нь 20 юань хүрнэ. Энэ маш том орлого. Ямар нэгэн бүтээгдэхүүн зах зээлд гараад хэрэглэгчийг татаж чадах эсэх нь материалтай нь шууд холбоотой. Хөгжилтийн ашигласан материал нь хэн бүхний сайн мэдэх зүйл. Алтанхуа цэцгийн чанар онцлогийг мэддэг л бол ямар ч эргэлзээгүй худалдан авах нь ойлгомжтой. Нутгийн үр өгөөжөөр хүн арддаа эрүүл бүтээгдэхүүн хүргэх бодолтой Хөгжилт маань зах зээл өөрийн хажууд байгааг мэдсэн байна.

Хөгжилт 2000 онд Хөххотод сурахаар очжээ. Сургуулиа дүүргэсний дараа Хөххотод үлдэж, машин худалдах ажлыг арав гаруй жил хийсэн байна. Хожим нь ажил амьдралаас болоод энэ ажлаа орхиж, шинэ үйлсийг эхлүүлэхээр болжээ. Энэхүү шинэ бизнес нь Алтанхуа цэцгийн шүдний оо байлаа. Сонсоход маш амархан атал мэргэжлийн бус хүний хувьд нэлээд урт хугацааны судалгаа хэрэгтэй ажил байсан нь үнэн. Тэрээр хоёр жил гаруй шүдний ооны үйлдвэрт суралцах, төсөв төлөвлөгөө гаргах, туршиж хийх, компани байгуулах, таваарын тэмдэг данслуулах, улсын холбогдох байгууллагын хяналт шалгалтыг дамжих, зах зээлд гаргах эрхийг олох зэрэг олон олон гогцоо ажлаа гүйцэтгээд “Онон” нэртэй Алтанхуа цэцгийн шүдний оог зах зээлд гаргаж, хэрэглэгчдийн алганд хүргэсэн байна. Сүүлийн жилүүдэд газар авч байгаа монгол онцлогтой бараа таваарын тоог бас нэгээр нэмэгдүүлсэн явдал боллоо. Хөгжилт Алтанхуа цэцэг түүдэг хүмүүсээс нойтноор нь 500 граммыг нь 10 юаниар худалдаж авдаг. 5 кг Алтанхуа цэцгийг хатаахад 500 гр хатсан Алтанхуа болдог байна. Хатаасны дараа иш буюу илжирч ялзарсан хэсгийг нь түүж хаяад нунтаглахад 6.5 кг нойтон Алтанхуагаас 500 гр Алтанхуа цэцгийн нунтаг гаргаж авдаг төлөвтэй. Гурилын ширхэг шиг нарийн нунтаг болгох шаардлагатай болохоор маш нарийн хөдөлмөр орно. Хэчнээн нарийн ширийн хөдөлмөр шаардсан ч чанарын талд Хөгжилт маш их анхаарал тавьдаг байна.

Анх Алтанхуа цэцгээр бүсгүйчүүдэд зориулсан гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх санаатай байсан Хөгжилт хамгийн эцэст шүдний оо хийхээр болсон нь Алтанхуа цэцэг дотор халууныг бууруулах, үрэвслийг дарах, элэг хамгаалах, нүдний харааг сайжруулах зэрэг хүний биед үзүүлэх сайн нөлөөнөөс болсон гэдэг. Хөгжилт Алтанхуа цэцгээр хийсэн бүтээгдэхүүнүүдийг интернэт сүлжээнээс нэлээд цаг зарцуулан эрж хайсан боловч Алтанхуа цэцгийн найрлагатай хятад эмнээс өөр олон зүйл олдсонгүй. Алтанхуагийн нутагт төрж өсөөд энэ цэцгийн тухай маш сайн мэддэг хүний хувьд аливаа зүйлийн үнэ цэнийг таниулах ёстой гэсэн бодол байжээ. Хийж бүтээе гэсэн хүнд манай тал нутаг, таван хошуу мал маань ундраад баршгүй үр өгөөжөө өгсөөр байгаа билээ. Хөгжилт Алтанхуа цэцгийн шүдний оо хийх ажлаа нэлээд зүгшрүүлээд, 2017 оны 09-р сард “Онон” гэх брэндээ бүртгүүлсэн бөгөөд 2018 оны 01-р сарын 30-нд Өвөр Монголын Хасар Арилжаа Худалдааны Компаниа байгуулсан байна. Шулуун хөх хошууны төв Шанд сууринд байрлах тус компанид одоо дөрвөн хүн ажилладаг. Гол төлөв вичатаар төлөөлөн борлуулагч элсүүлж, шинэ цагийн хэвлэл мэдээллийг ашиглан борлуулалтаа хийж байгаа аж. Зах зээлд гарснаас аваад одоог болоход 20 гаруй төлөөлөн борлуулагчтай болсон бөгөөд төлөөлөн борлуулах хүний тоо өдөр бүр нэмэгдсээр байгаа аж. Шүдний оогоо зах зээлд гаргасан хагас сарын богино хугацаанд Шилийнгол аймгийн бүх хошууны дэлгүүр, эмийн сан, гоо сайхны дэлгүүр зэргээр түгээж, арав хоногт 10000 ширхэг шүдний оо худалдаж байсан удаатай.

Зөв сонголт зөв замыг нээж өгдөг нь жам хууль билээ. Өөртөө байгаа зүйлийн үнэ цэнийг мэдэрч чадсан их ухаан байсан цагт малчин залуугийн маань үйлс улам бүр өргөжин тэлэх нь дамжиггүй. Өвөг дээдсээс өвлөж явсан ур ухааныг шинэ цагийн шинжилгээ, мэргэжилтэй уялдуулан ажиллахад амжилт та бидэнд тун ойрхон ажээ.

Зохиогч: Нийтлэл: Шүрэнчимэг, Сараана
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Шилийнгол өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл