
Тормоо тамгалах, тайлгаа цагаалах, ботго тосох, ханш ирэхээр тэмээ зогдорлох, тэмээ ноослох гэх зэрэг хийх ажил, сонсголонтой учирлал захаасаа бий.
Тэмээ бол жил өнжиж ботголдог том амьтан болохоор ботгоо гэдсэндээ арван гурван сар тээж байж төрүүлдэг. Хээлтэй ингүүд сувай тэмээтэй цуг сүрэглэдэг ч цас цоохорлож зэрэглээ татах үед ялгаад хаваржаанаасаа ойрхон амгалан сайхан говь нутгаар тогтоодог нь нутаг нутгийн тэмээчдийн тэмээн төл тосох ажилдаа бэлтгэн хийх ёстой ажил байдаг. Хээлтэй ингээ ялгаж салгадгийн учир нь ботгоо мэнд сайхан тосохын төлөө гэдэг. Хавар болоод ирэхээр тайлгууд ороо орж, сая ботголсон ингийг хураах, сая гарсан ботгыг хамах, дайрах зэргээр гэмтээж хороох үзэгдэл гардаг болохоор үүнээс сэргийлсэн явдал байв. Ингэ олон тэмээний дунд ботголох үед багачууд тэмээ нь амар хөрвөөлгөхгүй наадах үзэгдэл байдаг тухай энд тэндхийн тэмээчдийн яриа адилхан.
Ботголох ингэ олон тэмээнээсээ салж зайтай гарч ботголохыг шилрэх гэдэг. Энэ нь мөн үр төлөө амгалан тайван газар төрж, эндэж гэмтэхээс сэргийлэх гэсэн тэмээний төрөлх чанар байж магад. Ботголох ингэ шилрэхийг их төлөв хоёр зүйлээр магадлан ярьж байдаг. Нэг нь, ботголох аядаад их өвдөж сандрахдаа шилэрдэг гэнэ. Олон жил ботголоогүй ингэ илүү шилэрдэг. Хоёрт, өнгөрсөн жил нь бууранд гарсан газар уруугаа шилэрдэг гэж байна. Тиймээс ботголох ингэ шилрээд хаашаа явсныг мэдэхгүй байдалд өнгөрсөн жил нь бууртай тэмээдээ аль зүгт илүү тогтоож байсан гэдгээр анхны магадлал болгон тэр зүгт эрэл хийх бол хашир тэмээчдийн мэдэх ёстой туршлага болох юм.
Хээлтэй ингийг говь, боролжтой нөмөр дулаан, бэлчээр сайтай газрыг сонгон тавьдаг нь эн тэргүүнд тэмээ тогтох нь сайн байдаг, сая гарсан ботго толгойгоо их савладаг болохоор зөөлөн хөрстэй бэлчээрийг сонгодог, хатуу газарт толгойгоо савж гэмтээх аюултай байдаг. Жиндүү хайруу хавар бол ботголох ингээ онц анхаарч, хүйтэн жиндүү чийгээс болж нялх ботго цанхтахаас сэргийлдэг. Хаврын хөх салхитай өдөр ч гэсэн тэмээчид мөн ботголох ингэндээ илүү санаа тавих учиртай. Үгүй бол сая гарсан ботго хүйтэн салхи залгин, бээрч хөлдөх аюултай гэнэ.
Тэмээ гэгч том биетэй боловч их хэврэг бөгөөд эмзэг амьтан байгаа юм. Малыг харааж зодохыг цээрлэдэг монголчууд тэмээг харааж цөхөх, зодож балбахыг нэн ч их цээрлэдэг гэсэн. Ахмадын сургаалд тэмээг бүдүүн юмаар цохихын оронд нарийн юмаар гуядаж бай гэдэг. Бүдүүн юмаар цохивол тэмээ амархан гэмтдэг гэнэ. Толгой уруу нь гуядахыг цээрлүүлдэг нь тэмээ бол их сэтгэл ойрхон, нулимс ойрхон амьтан учраас амархан нулимс бөмбөрүүлдэг. Тэмээ малаа эмзэг газар уруу цохидог нь амьтны нулимсыг хүртэл хөөрхийлдгөөс үүдэлтэй.
Мал сүрэгтээ хүртэл ийм маягаар хайраа юүлж чаддаг малчин монголчууд гэж хичнээн өр нинжин сэтгэлтэй, хичнээн агуу улс вэ.
