
Хятадын Аньхүй мужийн Хэфэй хотын нэгэн бүжгийн өрөөнд хэдэн залуухан охид бүжиглэж байлаа. Тэдний ард зогсон бүжгийн бүх үйл хөдлөлийг нарийн ажиглаж байсан 1.1 метрийн жижигхэн биетэй Шюйкуан бол Аньхүй мужийн Фэйдүн шяний Чимэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн урлагийн багийн дарга болно. Бүжгийн дасгал дууссаны дараа тэр бүжгийн багштай ирэх жилийн бүжгийн тоглолтын бэлтгэлийн талаар ярилцлаа.

2015 онд Шюйкуан Фэйдүн шяний Чимэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн урлагийн багийг байгуулж, тус урлагийн баг нь Хэфэй хотын анхны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн урлагийн баг болжээ. Одоогоор 40 гаруй тоглогчтой, олонх тоглогч нь Аньхүй мужийн хөгжлийн бэрхшээлтэй дуу урлагт хайртай авьяас чадвартай хүмүүсээр бүрэлдэж, тэд олон сайхан уран сайхны тоглолт зохион байгуулж ур чадвараа солилцдог бөгөөд Хятад улсын олон бүс нутгаар тоглолт хийдэг байна.

- Гурван дүлий хэлгүй охин бий. Бүжиг тэдэнд итгэл урам хайрладаг, иймээс энэхүү урлагийн багийг илүү сайн ажиллуулах шаардлагатай гэж Шюйкуан ярив.

Жижигхэн биетэй Шюйкуан Хятадын Аньхүй мужийн Фэйдүн шяний Гүчэн суурингийн эгэл жирийн тариачин айлд төржээ. Нялх бага байхдаа төрөлхийн одой хэмээн оношлогдсон юм. Бусад хүмүүстэй адилгүй байдагтаа тэрээр хэсэг хугацаанд итгэл зориг алдарч байсан гэдэг. 10 настай байхдаа хулусигийн гоёмсог хөгжмийг сонсоод сэтгэл хөдөлж татагдсан гэнэ. Ингээд дуу урлагт дуртай гэдгийг нь мэдсэн түүний ээж нь түүнийг дуу хөгжмийн сургалтад сургажээ.

Хулусийн яруу сайхан дуу хөгжмөөс тэр аз жаргал баяр баясал олсон. Аажмаар тэр лимбэ, бау зэрэг олон хөгжим сурч, интернэтээр дамжин дуу урлагт дуртай олон сайхан найзуудтай танилцан, өөрийн дуу хөгжим бүтээлээ ч интернэтээр цацсан байна. Түүний жижигхэн биед асар их авьяас чадвар бий. Түүний амьдрал, хувь заяа бол хүн өөрийнхөө хүч чадалд итгэлтэй байвал ямар ч зорилгод хүрч чадна гэдгийн яруу тод жишээ юм. Түүнийг хэн ч тоодоггүй байсан ч Шюйкуан мөрөөдлөө биелүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байсан. Тэрээр Фэйдүн шяний хөгжлийн бэрхшээлтэй урлагийн холбоог төлөөлөн Хятад улсын олон бүс нутгаар уралдаан тэмцээнд оролцож, олон сайхан яруу алдраар энгэрээ мялаалгаж билээ.

Урлагийн баг ажиллуулдаг тэр бас машин механизмын сэлбэгийн үйлдвэр байгуулсан байна. Тус үйлдвэр нь 1000 гаруй хавтгай дөрвөлжин метр талбайтай бөгөөд 20 гаруй машин хэрэгсэлтэй. Тэрээр үйлдвэр болон урлагийн багтаа хөгжлийн бэрхшээлтэй 45 хүнийг ажиллуулан тэдний амьдралд нь дэм болдог.

Ажил үйлсээ амжуулахын хажуугаар айл гэрээ ч аз жаргалтай сайхан авч явдаг нэгэн. Дуу хөгжмийн ачаар тэр эхнэртэйгээ танилцаж, айл гэрээ байгуулан хүү охинтой аз жаргалтай сайхан амьдарна.

Урлагийн багийн дарга, үйлдвэрийн дарга гээд олон ажил үүрэгтэй нэгэн энэ олон ажлыг гар утсаар амжуулдаг.

Шюйкуан хөгжлийн бэрхшээлтэй иргэний жолооны үнэмлэхээ амжилттай шалгуулан, өөрөө машин барих боломжтой болжээ.

Жижигхэн биетэй учраас хөл нь тохируулагч, тоормост хүрч чадахгүй, гараараа бүх зүйлийг тохируулдаг.

Шюйкуан олон цагаар алхаж чадахгүй их ядардаг, алхах бүх замдаа олон удаа сууж амарна. Тэсвэр тэвчээр, зориг, өөдрөг бодол, итгэл зэрэг нь түүнд маш их боломжийг олгосон байна.
