solongonews
Урлаг соёлын элч
2017-12-25 12:25
Хахир өвлийн хүйтэн агаар тал нутагт саатсан боловч утга урлагийн халуун урсгал хүмүүсийн сэтгэлийг дулаацуулна. 11 дүгээр сарын 21-ний өдөр ерөнхий нарийн бичгийн дарга Өвөр Монголын ууган Улаанмөчир болох Сөнид баруун хошууны Улаанмөчирт захидлын хариу илгээснээс эхлэн утга урлагийн фронтын ажилчдын итгэл зориг нэмэгдэн, ажил үйлсээрээ бахархаж, амьдралын сайхныг магтан дуулж, алс ирээдүйдээ итгэл дүүрэн боллоо.

 

Улаанмөчир байгуулагдсан цагаасаа эхлэн тоглох, танилцуулах, үйлчлэх зэрэг үүрэг хариуцлагаа гүйцэтгэн, иргэд болон чөлөөт уран бүтээлчдийн урлагийн чуулгад мэргэжлийн сургалтыг хангасаар ирэв. Хятад улс байгуулагдсан эхний жилүүдэд хөдөө нутагт радио телевизгүй байх үед Улаанмөчирийн уран бүтээлчид орой бүр хүүхэд багачуудад бүжиг дуу зааж, ард түмний дундах урлагийн чуулгад тусгай мэргэжлийн сургалт явуулдаг байлаа. Хагас илүү зуун өнгөрч, цаг үе шинэчлэгдэн хувирсан ч Улаанмөчир хөдөө орон нутгийн уран бүтээлчийнхээ дотно хань, сайн багш нь болсоор байна.

Баруун Үзэмчин хошууны 2 сум 5 суурин чөлөөт уран бүтээлчдийн Улаанмөчирийн буюу соёлын газартай. Жил бүр хошууны Улаанмөчир тусгай уран бүтээлч томилж эдгээр зохион байгуулалтын уран бүтээлчдэд мэргэжлийн сургалт явуулдаг юм. Зуны улирал болоход хошууны төв талбайд ард түмний утга урлагийн үйл ажиллагаа зохион байгуулж, ахмадуудын бүжиг ч эхэлдэг. Хошууны Улаанмөчир ахмадуудад бүжиг дэглэж өгөх, дагуулж бүжиглэх зэрэг сургалт явуулдаг бөгөөд ахмадуудын онцлогт тохирсон монгол бүжиг дэглэж өгдөг байлаа. 2015 оноос эхлэн хошууны Улаанмөчирийн хоёр уртын дуучин хошууны монгол үндэстний хоёр бага сургуульд үнэ төлбөргүйгээр уртын дууны хичээл орж, долоо хоногт 1-2 удаа хичээл ордог байна. Баруун Үзэмчин хошууны Улаанмөчирийн дарга Ариунгоо: - Бид уртын дууг сургуулийн сургалтад оруулж, хүүхэд багачууддаа үндэстний өв соёлоо уламжлан залгамжлуулахаар энэхүү хичээлийг орж байгаа юм. Хоёр жилийн нүүрийг үзэж байна. Хүүхдүүд маш сонирхон сурч байгаа гэлээ.

Тус хошууны Баянхуа суурингийн Алтанхянган багт урлагт хайртай, урлаг сонирхдог малчин олон бий. Хошууны Улаанмөчирт олон жил ажилласан Хүүдүүт гуай ч тус багт амьдарч байна. Тэрээр 18 настайгаасаа эхлэн Улаанмөчирт уртын дуучнаар ажиллаж, дараа нь хошууныхаа Соёлын төвд ажиллах болжээ. Тэрээр тэтгэвэрт гарсны дараа Алтанхянгандаа буцаж, малчиддаа мэргэжлийн хичээл ордог байв.

- 80-аад оны эхээр бид тухайн үеийн Баянбулаг суманд хүрч, авьяаслаг хүүхдүүдэд зориулан сургалтын анги нээдэг байсан. Сүүлд энэ хүүхдүүдээс маш олон авьяаслаг боловсон хүчин гарсан. Саяхан олны хүртээл болсон “Хөдөө шил” телевизийн олон ангит киноны дууны аяыг зохиосон Улаанбаатар бол тухайн үед сургалтад сууж байсан залуу уран бүтээлч юм хэмээн Хүүдүүт гуай дурсан ярив.

Монгол нутаг өргөн уудам, авьяаслаг малчид олон олон төрөн гардаг. Орчин нөхцөлөөс болоод тэд урлагийг системтэй сурах боломж байдаггүй. Харин Улаанмөчирийн уран бүтээлчид сайн багш нь болж, хүслийг ургуулж итгэлийг нь хөглөн дагуулагч нь байдаг.

Алтанхянган багийн малчин Лянхуа хар багын уртын дуу сонирхдог боловч тусгай мэргэжил сурах боломж тохиосонгүй. Сүүлийн жилүүдэд тэрээр Хүүдүүтийн зохион байгуулсан сургалтын ангид хоёр удаа суралцан дуулах арга техник нь дээшилж, багийнхаа найр наадамд дуучнаар оролцох болжээ.

Тэрээр: - Хүүдүүт гуай тэтгэвэрт гарсан боловч бидэнд мэргэжлийн хичээл ордог. Багшаараа хэдэн удаа уртын дуу дуулах арга техникийг заалгасан. Одоо миний хоолой нээгдэж, өнгө нь сайжирч, тайзан дээр гарахдаа ч өөртөө итгэлтэй болсон хэмээн баярлан ярьж байв.

Тунляо хотын Хүрээ хошуу бол “Андай” бүжгийн нутаг. Энэ газрын 186 баг тосгон, 9 нийгэм дүүрэгт малчин тариачдаас бүрдсэн уран сайхны баг байгуулагджээ. Хүрээ хошууны Улаанмөчир уран бүтээлчдээ 2 хүн нэг баг болгож, баг тосгонд суулган уран сайхны багт тусгай мэргэжлийн сургалт явуулж, соёлын үйл ажиллагааны өрнөлд хүчтэй дэмжлэг үзүүлдэг байна.

Тус Улаанмөчирийн дарга Ууганбаяр: - Бид “Андай” бүжгийг байгууллага, аж ахуйн нэгж, сургууль, цэрэг, нийгэм дүүрэг, хөдөө тосгон зэрэг зургаан байгууллага нэгжид зааж, андай урлагийн хөгжлийг нэмэгдүүлж байна. Хөдөө орон нутгийн ардын урлагийн чуулга энэхүү язгуур урлагийн гол дэлгэрүүлэгч юм. Нэг нэгдээ туслан хамтдаа энэхүү өв соёлоо дэлгэрүүлэн хөгжүүлэхээр хичээж байна гэлээ.

Бугат хотын Дархан Муумянган холбоот хошуун 12 Соёлын төвтэй. Улаанмөчир хөдөө бууж Соёлын төвтэй хамтран тоглолт хийж, зав чөлөөгөөр нь дуулж бүжиглэх мэргэжлийн сургалт явуулж байв. Сүүлд хэсэг ахмад уран бүтээлчдийг Соёлын төвийн даргаар томилж, тусгай мэргэжлийн сургалт явуулахад хялбар болгожээ. 2013 оноос эхлэн Дархан Муумянган холбоот хошуу нь жил бүр нүүдлийн мал аж ахуйн соёлын наадмыг зохион байгуулж, хэдэн сараар үргэлжлэх соёлын наадмын хугацаанд Улаанмөчир болон Соёлын төвийн уран бүтээлчид том хэмжээний тоглолтыг хамтран биелүүлдэг болсон юм.

Орчин үед урлагийг илэрхийлэх хэлбэр олон янз болж, олон нийтийн урлаг сонирхох нь өдрөөс өдөр дээшилжээ. Ажлын чөлөөний урлагийн чуулга өмнө нь дуу бүжиг, хөгжмөөр гол болгож байсан бол хошин шог, хамтлаг байгуулах, рок поп дуу зэрэг цагийн урсгал дагасан урлагийн хэлбэрийг сонгон тоглож, энэ нь Улаанмөчирийн уран бүтээлчдийг цаг үеэ даган авьяас чадвараа дээшлүүлэхийг шаарддаг болжээ.

12 дугаар сарын 13-ны өдөр Дархан Муумянган холбоот хошууны Соёл спорт радио аялал жуулчлалын товчооны орлогч дарга Батбөх Бугат орж, “Үндсэн шатны соёлын гол боловсон хүчний боловсрол”-д оролцохоор бэлтгэж байлаа.

- Би Улаанмөчирт олон жил ажилласан. Улаанмөчирийн уран бүтээлчид маань   олон мэргэжил эзэмшсэн байхыг шаардана. Бид жил бүр 10 гаруй удаа энэ төрлийн сургалтыг зохион байгуулж, хавар өвлийн улиралд хоёр удаа багш урьж Улаанмөчирийн уран бүтээлчдэд хичээл ордог гэж танилцууллаа.

Сүүлийн жилүүдэд тус хошууны Улаанмөчир Монгол Улсад хоёр залуу уран бүтээлчийг томилон мэргэжил дээшлүүлж байгаа бөгөөд Хятад улсын дотоод гадаадаас тусгай мэргэжлийн багш урьж, дуу, жүжиг зэргийн сургалт явуулж, цаг үеийн хөгжилтэй зэрэгцэж явна.

Урлаг гэдэг цаглашгүй татах хүчтэй бөгөөд хүний сэтгэлийг ариусгах шидэт хүчтэй. Улаанмөчирийн бүтээсэн урлагийн шилдэг бүтээл нь чөлөөт уран бүтээлчдийн уран бүтээлчээр дамжин малчин түмэнд өргөнөөр хүрч, маш хурдтай тал нутагт дэлгэрч, хүн бүхний ам дамжин дуулдаг содон бүтээл болдог удаатай. Жишээлэхэд, 50-иад оны сүүлээр хөдөө нутгаар өргөн дуулагдаж байсан "Хонь хайчлах дуу” нь хөдөлмөрийн сайхныг магтан дуулсан олны хүртээл болсон дуу бөгөөд орчин үеийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл үгүй байсан тухайн цаг үед ардын урлагийн үйл ажиллагаагаар маш хурдан дэлгэрсэн юм. Орон нутгийн Улаанмөчирийн уран бүтээлчид өөрийн орон нутгийнхаа соёл түүхээр сэдэвлэсэн дуу, яруу найраг, жүжиг зэргийг зохион бүтээж, хүүхэд багачуудад зааж, үзэгчидтэйгээ ойртсон ардын дунд дэлгэрч таашаагдсан содон бүтээл хийж байв.

Урлаг амьдралаас эхтэй, ард түмэн урлагийн сайхнаар амьдралаа илүү аз жаргалтай болгоно. Ард иргэдийнхээ дунд, хөдөө орон нутгийнхаа хүсэл  мөрөөдөлд жигүүр ургуулан хүч нэмж, содон сайхан бүтээлээ ард түмний дунд өвлөн дэлгэрүүлэхэд Улаанмөчир өөрийн гэсэн орлуулж болшгүй хүчин зүтгэлээ үзүүлсээр байна. Үйлсдээ итгэлтэй, үйлчилж байгаа олон түмэндээ хайртай үе үеийн Улаанмөчирийн уран бүтээлчдэд минь чин үнэнчээр биелүүлсээр явна.

Зохиогч: Шилийнгэрэл
Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл