Хятадын “Yutu-2” буюу “Хаш туулай-2” нэртэй сар судлах төхөөрөмж Сарны дэлхийгээс харагддаггүй тал дээр шинжлэх ухааны судалгаа хийж, 424.455 метр аялсан гэж Хятадын Сар судлал, сансрын хөтөлбөрийн төвөөс мэдээллээ.

Тус байгууллагын мэдээлснээр “Chang'e-4”, “Yutu-2” 16 дахь өдрийн судалгаагаа дуусгаж, унтлагынхаа горимд шилжсэн байна. Сарны нэг өдөр дэлхийн 14 хоногтой тэнцдэг бөгөөд шөнө нь ч мөн ийм урттай үргэлжилдэг юм. Шөнийн цагаар Нарны эрчим хүчийг цуглуулахад хүндрэл учирдаг тул төхөөрөмжүүд унтлагын горимдоо шилждэг байна.
“Yutu-2”-ыг анх гурван сарын хугацаанд ажиллуулах зорилготойгоор бүтээсэн боловч үүнээс урт хугацаагаар ажилласнаар Саран дээр хамгийн удаан ажилласан төхөөрөмж болжээ. 2018 оны 12 дугаар сарын 08-нд хөөргөсөн “Chang'e-4” төхөөрөмж Сарны ар талын “Von Karman” тогоонд 2019 оны нэгдүгээр сарын 03-нд газардсан юм.
