solongonews
Урианхай хонь ховор эрдэнэ
2016-09-07 11:01
Шилийнгол аймгийн Авга хошууны малчид урианхай үүлдрийн хонь тэжээдэг.

   Урианхай хонь халх монгол хонны цусан удам.  Түүхэн дайн дүрвээнээс шалтгаалан Монгол Улсын хойд хэсгээс Урианхай аймгийн хэсэг малчид одоогийн Авга хошууны хойд хэсгээр орж ирэхдээ урианхай хонио авчирсан байдаг. Тэр цагаас эхлэн урианхай хонь Авга хошуун дахь Хятад, Монголын хил дагуу бэлчээрлэн нутагшиж өдгөө 300 гаруй жилийг үдээд байна. Ихэнхдээ хойд хэсгийн Жаргалант сум, Ихгол, Наранбулаг сум, Билигтэй суурингийн нутгаар мал аж ахуй эрхэлж байдаг.

                            Урианхай хонины онцлог шинж

      Урианхай хонь том биетэй, өргөн цээжтэй, шилбэ туурай нь бат бэх, том нүдтэй, монхор хамартай, өргөн магнайтай, далбагар том чихтэй бөгөөд унжгай, өргөн хүзүүтэй. Биеийн хойд хэсэг нь хөгжил сайтай, булчин сайтай, дөрвөн мөч нь богино бөгөөд өргөн, ихэнх эр хонь  нь мурий эвэртэй, эм хонь нь эвэргүй. Хуц нь хүзүү хэсэгтээ их үстэй, үсний урт нь 20-иос 30 сантиметр байдаг. Тэгшхэн нуруутай, дугариг сүүлтэй. Зүсмийн талаар хар түрүүт хонь олон бөгөөд амьтан судлалын талаас илүү нэг үе нуруу, илүү хоёр хавиргатай.

 Өвөр Монголын Засгийн газраас 2002 оноос эхлэн урианхай хонины махыг Төрийн Зөвлөлд тусгайлан хангах хүнсний бүтээгдэхүүн болгож, 2003 онд Авга хошууны Дүн Юань хүйтэн агуулахад гурван жилд 30 тонн мах  авах гэрээ хийж, шууд захиалга авч эхэлсэн байдаг.

                 Урианхай хонины сонгон бойжуулалт

    2009 онд мэргэжилтнүүд Авга хошууны урианхай хонины гол тархалтын орон болох Ихгол сум, Жаргалант суманд очиж ажилласан байна. Урианхай хонинд судалгаа шинжилгээ хийж, урианхай хонин сүрэг, бэлчээр ус зэргийг нь үзэж, малчидтай ярилцаж бодит байдлыг ойлгон, урианхай хонь бол Хятад  улсын мал амьтан, жигүүртэн, ургамлын чухал нэгэн эх баялаг юм гэдэгт санал нэгджээ. Улмаар аравдугаар сард "Урианхай хонь бол улсын зэрэглэлийн шилдэг үүлдрийн хонь" гэж албан ёсоор нийтлэсэн байна.

                       Урианхай хонь худалдаанд гарлаа

   Сүүлийн жилээс малчид хоршоожил нийгэмлэг байгуулан, цэвэр урианхай хонины махаа Хятад улсын зах зээлд борлуулж эхэлжээ. Үүний нэгэн тод жишээ бол Авга хошууны "Чандмань" хоршоожил юм. Тус хоршоожлыг 2014 онд хүсэл зорилго нэгтэй Авга нутгийн зургаан малчин залуу байгуулсан байна. Хоршоожлын гишүүд нийд 3000 гаруй га нутагт 3000 гаруй урианхай хонь, 100 нутгийн үхэр, 100 монгол адуу маллаж буй гурван суурин газартай. Тус хоршоожил уламжлалт мал аж ахуйн арга хэлбэр ба орчин үеийн менежментийн хэлбэрийг уялдуулж, дүрэмжсэн, эрчимжсэн, стандартад нийцсэн үйл ажиллагаа эрхлэн урианхай хонины эдийн засгийн үр нөлөөг улам дээшлүүлэхээр аж ахуйлалтай хамтран ажиллаж  байгальлаг малын ашиг шимийн бүтээгдэхүүнээ онлайн дэлгүүрээр борлуулж байна.

     2014 онд хоршоожлын гишүүд болон ойр хавийн 17 малчин айлтай хамтран 2600 ээмэг зүүлгэсэн хургыг нэгдсэн байдлаар борлуулж, айл бүр тэгшитгээд 8200 юаниас илүү орлого олжээ. 2015 онд 45 малчин айл  арван мянга гаруй хурга борлуулж, өрх бүрт тэгшитгээд 8000 юаниас илүү орлого олсон байна. Өнгөрөгч оны хоёрдугаар сард "Чандмань” хэмээх нэрт тэмдгийг гаргав. Улмаар 11-р сард "Чандмань бүхэл шүүс"-ээ албан ёсоор зах зээлд борлуулж эхэлсэн байна.  Авга нутгийн байгальлаг бэлчээр дээр бойжсон урианхай эр хонины махыг бүхэл шүүс хэлбэрээр бэлтгэж, Шүн Фен түргэн дамжуулгаар дамжин 72 цагийн дотор хэрэглэгчдийн гар дээр хүргэв. Энэ жилийн хоёрдугаар сар хүртэл онлайн худалдаа ба "Өвөр Монголын хөдөө аж ахуйн ашиг шимийн бүтээгдэхүүний үзэсгэлэн”-д оролцож, нийт 150 гаруй бүхэл шүүсээ Бээжин, Шанхай, Гуандүн, Хэбэй, Хармөрөн зэрэг 12 хот, мужид борлуулж, 300 мянган юаний орлого олсон байна. "Чандмэнь" хоршоожил саяхан 100 мянган юаний хөрөнгө оруулж, Билигтэй сууринд "Чандмань хонины махны тусгай дэлгүүр "нээж," Суурин газар + дэлгүүр + интернэт”-ийн хэлбэрээр үйл ажиллагаа эрхэлж байгаа юм. - Одоо бид уламжлалт үйлдвэрлэлийн арга хэлбэрээ өөрчлөх шаардлагатай болжээ. Үүнд, хоршин хамтрах гэдэг нь хамгийн чухал юм. Малын үнэ ханш ихээр буурч байгаа энэ үед малчид бүгдээрээ хоршин нэгтвэл сая органик байгальлаг малын бүтээгдэхүүнээ шууд борлуулах их зах зээлийг нээж болох юм. Гагцхүү нэг  гэр бүл үүнийг биелүүлж хараахан чадахгүй учир бид энэ байдалд хандуулан хоршоожлын хэлбэрээр үйл ажиллагааныхаа үндэс суурийг тавьж байгаа гэж тус хоршоожлын гишүүн Тэргэл ярьлаа.

Зах зээлийн өрсөлдөөнд байгальлаг, цэвэр экологийн бүтээгдэхүүнээ яаж үнэд хүргэх вэ гэдэгт малчид анхаарал хандуулсаар. Мөн энэ талаар шинэ эрэлхийлэл хийхийг цаг үе шаардаж байна. Энэ байдалд "Чандмань" хоршоожлынхон малчин хүний чандмань  эрдэнэ болсон малын бүтээгдэхүүний өргөн том зах зээлийг нээж яваа нь гүйлгээ ухаантай орчин үеийн малчин залуусын зоригтой оролдлого идэвхтэй эрэлхийлэл юм.

 

Зохиогч: Нийтлэлийг: Содбилиг
Найруулагч: Б.АРВИНТАЛ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл