solongonews
“Танил дотно Өвөр Монгол” - 4
2017-04-05 15:33
Хүн хөгжим

         Ирж яваа цагийн эрх салхи наадсан Хөххотын тунгалаг өдөр Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, хөөмийч Д.Цэрэндаваа, хөөмийн багш, хөөмийч Т.Баянмөнх нар “Танил дотно Өвөр Монгол” буланг маань хөөмийн эгшиг, морин хуурын аялгуугаар мялааж, язгуур урлаг, үндэсний урлагийн өв их уламжлалынхаа тухайд хөөрөлдлөө. Юуны өмнө хөөмий гэгч хөгжмийн зэмсэг үл хэрэглэж гайхамшигт эгшиг бий болгодог энэхүү өвөрмөц содон урлаг анх Монгол Улсын Ховд аймгийн Чандмань сумаас үүссэн түүхтэй. Сүрлэг сайхан өндөр уулс, хадан хавцлын завсраар үлээх салхи, усны боргио, моддын чимээ зэргийг байгалийн хөөмий гэж үздэг. Басхүү тува хөөмий, монгол хөөмий гэж ялгах нь ч бий. Тува хөөмий монгол хөөмийнөөс шингэн, хүч султай. Тэр болгон ая дан оруулж болдоггүй. Харин монгол хөөмий хархираа буюу цээжний гүнээс түрэн гарах авиа, исгэрээ буюу амны хөндийнөөс гарах авиа, нармай буюу хамраар гаргах авиа, шахай хөөмий буюу хоолой шахаж гүнээс гарах авиа зэрэг байдаг тухайд товчхон ойлголтыг уншигч танд сонирхуулахыг зорьлоо.

    Хөөмийч Д.Цэрэндаваа Америк улс руу 1987 онд явах үеэр анх удаа Өвөр Монголд ирж байсан бөгөөд тэр цагаас хойш нэгэнт гучин хавар, намар улирчээ. Энэ хугацаанд Өвөр Монгол оронд маш их өөрчлөлт гарсан тухай онцгойлж, эргээд харахад хот тохижилтоосоо авахуулаад хүн зон, бүхий л зүйлс, тэр дундаа язгуур урлаг маш сайн хөгжсөнд сэтгэл өндөр буйгаа ярьж байлаа. 1981, 1982 онуудад бүх ард түмний Урлагийн их наадмаас алтан медаль, 1985 онд Дэлхийн залуучуудын XII их наадмаас алтан медаль, 2001 онд Дэлхийн Ардын урлагийн их наадмаас алтан медаль хүртсэн зэрэг ололт амжилтуудыг нь нэрлэвэл уртаас урт дараалал үүснэ. Ингээд зочин маань өнтэй өвөл улирч, урин дэлгэр хавар золгосон налгар цагийг бэлгэшээж, Өвөр Монголчууд маань дэлхийн даяаршлын дагуу Ар монголтой их ойр дотно холбоотой, түүний дотор яндашгүй баян өв бүхий үндэсний урлагаараа маш их холбогдож байна. Ялангуяа, Өвөр Монгол орны хөөмийн урлаг гайхамшигтай хөгжиж байгааг олж харахад бахархалтай буйгаа хэлсэн юм. Франц, Герман, Америк, Япон, Солонгос, Орос, Хятад, Англи зэрэг дэлхийн дөчөөд орны 120 гаруй оронд тоглолт хийж явсан тэрээр очсон улс орнуудынхаа хэвлэл мэдээллийнхэнд хөөмийн тухайд гадаадын судлаач эрдэмтэдтэй хамтран ажиллаж байсан олон сайхан амжилт бүтээлтэй. Энэ удаад олон жилийн дараа Өвөр Монгол оронд ирэхдээ Алшаа аймгийн Эзнээ хошуунд хичээл заахаар явж буй аж.

Анх гадаад хэл мэдэхгүй, яс үндэс, нас хүйс харгалзахгүйгээр гадаадын улс орнуудын хүмүүст хөөмийн хичээл зааж байсан бол одоо Өвөр Монгол орондоо өөрийнхөө цус, махны тасархай болсон монголчууддаа ирж хөөмий заах болсон нь түүний хувьд хүсэл эрмэлзлэлийн оргил хэсэг дэх баяр баясгалантай хүлээн авалт, зорилго юм даа гэсэн гэгээн сэтгэгдлээ бидэнтэй хуваалцлаа. “Хөөмийн урлаг гэдэг Хүннүгийн үеэс улбаатай, тиймдээ ч Хүн хөгжим гэж анх Цэрэндаваа хөөмийч нэрлэсэн байдаг. Азийн Долоодугаар Симпозиум Фестивал дээр Хүн хөгжмийн тухай үг хэлж, ийнхүү тайлбарлан ярьж байсан бөгөөд түүнээс хойш хөөмий-Хүн хөгжим гэдгийг хойч үеийн залуус улам ч таатай хүлээж авах болжээ. Сүүлийн үед хөөмийн урлаг маш сайн хөгжиж буй бөгөөд Монгол Улс түүхээ улбаалан хадгалж, хөгжүүлээд одоо дэлхий даянд түгээж байгаа их усны эх булаг нь учир энэ талаар ярих туршлага, судалгаа ч олон бий гэж тэрээр бахархаж байсан юм.

- Өв тээгчид нь хэдэн мянган жилээр өв уламжлалт урлагаа тээж ирсэн сайхан уламжлалтай. Язгуур урлаг гэдэг таван хошуу малынхаа хишиг, дуудлага, уриаг өөвлөдөг, тойглодог. Үндэсний хувцсаа өмсөхөд аав, ээж, ахмадууд нь ерөөдөг ерөөлөөс эхэлнэ. Түүнээс гадна, нэг гол шинж чиг нь орчин үеийн урлаг шиг дөрөвний дөрөв, дөрөвний гурав, хоёр гэх зэргээр хэмжээ заадаггүй. Тэр хүн ямар нөхцөлд яаж, хэдэн гишгэм барьж,  нотнуудыг, давтамжуудыг хичнээн түргэн хийж чадаж байна тэр чадлаар нь уран бүтээлийн таашаал хүртэгч үзэгч нь өөрөө үнэлж байдаг урлагийг үндсэндээ язгуур урлаг гэж нэрлэх биз ээ гэж ярьлаа. 1980 оноос хойш монгол оронд болсон 17 удаагийн Урлагийн үзлэгүүдэд алгасалгүй оролцож байсан хөөмийч Цэрэндаваа “Билиг танхай”, хэзээ ч дахин давтагдашгүй ахмадуудтайгаа хамтарч, бас ч тэднээсээ их зүйл сурч авсан тухайгаа догдлон дурсах нь нэн бахархалтай. Урлагийн хүн уралдаан тэмцээнүүдэд оролцох тусам улам хөгждөг. Уралдаанд орохоор барахгүй бусад илүү чадварлаг хүмүүсээс их зүйл суралцаж авдаг тухай өгүүллээ.

Мөн морины олон сайхан татлагууд тоног хэрэглэлүүдийн тухайд Чингисийн хөх толбот монголчууд мориороо тэмдэг хийж, морин дэл дээр дарцаглаж дэлхийг тойрсон түүхтэй. Эдэлсэн эд, эмээл, хазаар, баатар хүний ууж хувцас гээд бүх зүйл дэлхийд гайхагдсан нууц нь тайлагдаагүй хэвээр. Унасан морьдын арилжаа, жороо, хатирдаг, авч нисдэг, хурдан шалмаг гэх зэрэг тэр сайхан эрдэм шидүүдийг морин хуурынхаа татлагад шингээж ирсэн түүхтэй хэмээн хүндэт зочин маань хуучилсан юм. Дашрамд дурдахад, “Танил дотно Өвөр Монгол” булан тусгай нэвтрүүлэг бэлтгэн Солонго сайтаар үзэгч түмэндээ хүргэдэг билээ. Нэвтрүүлэгт маань Цэрэндаваа, Баянмөнх нар морин хуур, хөөмийн эгшигтэй хослуулан "Жанжин гүүний сайвар халтар" татлагыг сонирхуулсан. Сайхан ид шидтэй морио хятад пүүс наймаачдад гурван тэмээ бараагаар зараад тэр морь нь төмөр өрөөлөөр чөдөрлөгдөн төмрөө элэгдтэл гүйж явсаар нутагтаа буцаж ирсэн байдаг. Тэрхүү морины товолзсон явдлын тухай хуурын сайхан татлагаар сонор мялаалаа. Өвөр Монголын Хөххотноо анх Дорно дахин кино урлагийн дээд сургуульд 2009 онд жүжгийн болон хөөмийн багшаар уригдаж ажилласан хөөмийч Т.Баянмөнх одоо Өвөр Монгол оронд олон арван шавьтай. Алшаа аймаг, Ордос, Ордосын бусад хошуунууд, Шилийнгол зэрэг аймгуудаар хичээл ордог байсан тэрээр 2016 оноос эхлэн Өвөр Монголын Үндэсний дээд сургуульд хөөмийн багшаар уригдан ажиллаж байна. Багш хүн шавийнхаа амжилтаар бахархаж сууна гэдэг сайхан.

 Түүний анхны шавь Ууган нь 2014 онд Өвөр Монголын “Авьяаслаг Монгол” хөөмийн уралдаанд 2-р байр эзэлсэн. 2015 онд Өвөр Монголын Баруун Үзэмчинд болсон хөөмийн уралдаанд Шилийнголын Шулуунхөх хошуу нутагтай шавь Ханагар нь Өвөр Монголын Хөөмийн уралдаанд Тэргүүн байрын эзэн болсон зэрэг шавь нарынхаа олон сайхан амжилтыг бахархан дурдаж байлаа. Зарим шавь нар нь хэдийгээр цаашид тайзан дээр тоглолт хийхгүй ч гэсэн хөөмий гэж юу байдгийг ойлгож мэдэрч авъя. Хөөмий, түүгээр ч барахгүй үндэсний бахархал болсон монгол уламжлалт язгуур урлагаа өөрөө сураад зогсохгүй, үр хойчдоо өвлүүлж явъя гэсэн зорилгоор суралцдаг хижээл насны хүмүүс ч олонтоо ирдэг аж. Энэ нь Өвөр Монгол оронд хөөмий болон язгуур урлагийг сонирхогчид улам олширч, түүний ач холбогдол, гүн утгыг нь ойлгож, хойч үедээ өвлүүлэн уламжлах хүсэл эрмэлзэл нь Өвөр Монголын хөөмийн урлагийн хөгжилд улам их хөг нэмж байна гэж ярьлаа. Баянмөнх жүжигчин мэргэжлээрээ Монгол Улсдаа театруудад жүжигчин, бүжигчин, хөөмийчнөөр олон жил ажиллаж байсан аж. Уран бүтээлч хүн улсын ажилд цаг хугацаагаа өргөхөд өөрийн хувийн уран бүтээл хойш тавигддаг тал бий. Гэвч нөр их ажлынхаа хажуугаар “Чингисийн дөрвөн ноход” нэртэй дууг Монголын нууц товчооноос үгийг нь авч хөөмийтэй, байгалийн олон янзын чимээг орчин үеийн хөгжимтэй уялдуулан нэгэн шинэ уран бүтээл хийснээ сонирхуулсан юм. Аялгуу яруу уран бүтээлээс нь эрч хүч, эрэмгий дайчин аяс тодорч байсныг дурьдах нь зүй биз ээ.  Түүний энэхүү уран бүтээл Өвөр Монголын дуу хөгжмийн “Эгшиг”-т нийтлэгдэж сонсогч олны хүртээл болжээ.

 СГЗ, хөөмийч Д.Цэрэндаваа түмэн олон Өвөр Монголын ард түмэндээ хандаж:

Нарийн цагаан дуу чинь үүсэж яваарай

Наян мод тахил чинь өрөөтэйхэн байгаарай

Хүрэн хүжийн үнэр чинь сэнгэнэж л яваг

Унтардаггүй хөгтэй монгол улаан гал нь

Үеийн үедээ асаатай жаргаж халгиж явах болтугай гэсэн ерөөл хадгийн дээдээ өргөн барьсныг уншигч танд уламжилъя. Мөн хөөмийч Баянмөнх хүндэт Цэрэндаваа хөөмийчтэй хамт “Танил дотно Өвөр Монгол” буланд уригдсандаа ихэд бэлгэшээн баяртай буйгаа илэрхийлээд Солонго мэдээллийн төвийн хамт олон болон уншигчдад маань хамгийн сайн сайхан бүхнийг хүссэн билээ. Ингээд түүний “Монгол хөөмий мандтугай” гэсэн эрч хүчтэй үгийн бэлгийг түмэн олондоо өргье.

                                                                                                Э.ҮРЖИНХАНД

Найруулагч: Солонго мэдээллийн төв
Эх сурвалж : "Солонго" сэтгүүл
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл