
Зарим тосгоны залуус хот руу шилжсэнээр тосгонд зөвхөн өндөр настан, хүүхдүүд хоцорч, аажмаар хоцрогддог байна. Харин зарим тосгон дэд бүтцээ сайжруулж, өвөрмөц давуу салбараа хөгжүүлснээр үзэсгэлэнт сайхан хөдөө тосгоны төлөөлөл болж чаджээ. Хятадын Аньхүй мужийн Чяньшань шяний 7000 гаруй хүн амтай Хуанпү тосгон хөгжлийн хөдөлгөгч хүчээ нэмэгдүүлэх замаар үзэсгэлэнт сайхан тосгон болж хувирчээ. Зургаан жилийн өмнө буюу 2011 оноос Хуанпү тосгон олон талын бүтээн байгуулалтаа эхлүүлсэн юм. Шинэ орон сууцтай болсон Шюй гуай Хуанпү тосгоны энэ хэдэн жилийн өөрчлөлтийг ярихдаа:
- Үзэсгэлэнт сайхан тосгон болгон бүтээн байгуулсны дараа хамаатан садан, найз нөхөд маань манайхыг олохоо байсан гэж хэллээ. Өнөөдрийн Хуанпү тосгон асфальтан зам дэвсэж, цэвэр тохилог орон сууцтай, эртний сүм хийдээ хэвээр хадгалсан, орчин үеийн үйл ажиллагаа явуулах төвтэй болжээ. Тосгоны ойр хавиар явахад гадаадын жуулчин гэлгүй тосгоны иргэдэд ч маш тохилог санагдана.

Хуанпү тосгоны эдгээр өөрчлөлт шинэчлэлийг ярихаар тосгоны иргэд нэг хүнийг заавал дурсана. Тэр бол Хуанпү тосгоны Намын хорооны дарга Ван Шаонань юм. Хуанпү шяний Намын хорооны нарийн бичгийн даргын орлогч Тү Гөүжинь:
- Тэр үед энэ шяньд Хуанпү тосгоныг “Үзэсгэлэнт тосгон байгуулах үлгэр жишээ бүсэд хамруулаагүй байлаа. Харин Ван дарга хэсэг хүмүүсийг дайчилж, өөрөө гар бие оролцон ажилласан юм. Өөр өөр газарт очиж, үзэж танилцахын зэрэгцээ суралцах, суралцсаны дараа дахин бүтээн байгуулах замаар замнасан хүн дээ гэж хэлсэн байна. 2011 онд гадаад орнуудад суралцаж ирсний дараа Ван Шаонань тосгоны иргэдийг дайчлан, үзэсгэлэнт тосгоны үлгэр жишээг бүтээн байгуулж эхэлсэн юм. Жил гаруйн хүчин зүтгэлээр урьдын төрхийг нь хадгалсан, үзэсгэлэнт үлгэр жишээ тосгон байгуулж чадсан юм. Хуанпү тосгон 20 ам километр газар нутагтай. 1800 өрх, 7000 гаруй хүн амтай.

Ван Шаонань тосгоны иргэдийн хамт нутгийнхаа өнгө зүсийг өөрчлөн сайжруулахын зэрэгцээ уул ногооруулах, иргэдийнхээ түрийвчийг дүүргэхээр зорьж, эко хөдөө аж ахуйг голлон хөгжүүлж, хөдөө тосгоны хөгжлийн замыг эрэлхийлж байлаа. Тэрээр хамт олноо удирдан холбогдох байгууллагаас бодлогын зөвлөгөө авч, ойн аж ахуйн мэргэжилтнээс газар шороог шалгуулж, тариачдын саналыг авах зэрэг олон арга замаар зөвшилцсөний үр дүнд тосгондоо хөдөө аж ахуйн тусгай хоршоо байгуулахаар шийдэн, газар нутгийн өвөрмөц онцлог бүхий хөдөө аж ахуйн эдийн засгийг хөгжүүлж, ашиг шимийг нь тосгоны иргэдэд хүртээх арга хэлбэрийг хэрэгжүүллээ. Хэдэн жилийн дараа хөдөө аж ахуйн өвөрмөц төслүүд Хуанпү тосгонд бий болж, хөрөнгө оруулагчид ч улам нэмэгдэв. Тосгоноороо Самеlliа тариалан, уул усаа нийгэм эдийн засгийн хөрөнгө болгосон бөгөөд жижиг Самеlliа жимс нутгийн өнгө төрхийг өөрчлөн хамт олон, аж ахуйн нэгж, тариачин өрх, экологийн орчин бүгд ашиг хүртсэн юм.

2016 онд Хуанпү тосгоны тариачдын дундаж цэвэр орлого 10 мянга орчим юаньд, бүх тосгоны орлого 2.8 сая юаньд хүрчээ. Тосгоныхоо ирээдүйн хөгжлийн тухай Тосгоны Намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ван Шаонаний ярихыг сонсоно уу. Тэрээр:
- "Бид нутгийнхаа уул усаа алт мөнгөний уул болгон ашиглаж, үзэсгэлэнт сайхан гэр орон, ногоон цэцэрлэгт хүрээлэн, үйлдвэрлэлийн жимсний хүрээлэн, тариачдын жуулчлалын бааз зэргийг байгуулах замаар бүх Хятадад алдартай тосгон болгох хүсэлтэй” гэсэн байна.
