“И Ли голын урсгал дагуух бүс нутагт хадгалагдаж байгаа тод үсгийн сурвалж бичгийн чуулган” 50 боть номын хадаг сөхөх ёслол саяхан Бээжин хотноо зохион байгуулагдаж, тод үсгийн сурвалж бичгийн тухай хадгалан цуглуулсан дэлхийн хамгийн том бүтээл хэвлэгдсэн байна. Тус 50 боть ном нь одоог хүртэл хэвлэгдээд байгаа тод үсгийн хамгийн том сурвалж бичгийн эмхэтгэл болсон юм.
И Ли гол · тод үсэг · сурвалж бичиг
19 жилийн хээрийн судалгаа шинжилгээ, 400 гаруй төрлийн 617 сурвалж бичгийн зураг тайлбар төдий биш, түүнд ухаант дээдсийн минь том оюун ухаан, И Ли голын урсгал дагууд амьдарч буй Өөлд монголчуудын итгэл бишрэл, тэдний амь нас хийгээд соёлд нэвтэрсэн зан үйл, тэдний соёл түүхээ хамгаалж уламжлах үзэл санаа, тэдний монгол соёлд оруулсан хувь нэмэр байгаа юм.
Тус цуврал номын цуглуулан эмхэтгэгч, ерөнхий редактор, Төвийн Үндэстний Их Сургуулийн профессор Мянгад Эрдэмт гуай 19 жилийн хугацаанд Шиньжяны Ойрдууд, тэр дундаа Тэнгэр уулын хормой, И Ли голын дээд урсгал дагуу амьдарч байгаа Монголхүрээ, Дэгс, Нялх, Цавчаал дөрвөн суурингийн ойролцоо хээрийн судалгаа шинжилгээ зохион байгуулж, Ойрдуудын дунд хадгалагдаж байсан тод үсгийн дурсгалт бичгүүдийг бүртгэсэн байжээ.

Дэгсийн гол нь Тэнгэр уулын хоёрдугаар өндөр оргил болох Хан Тэнгэр уулаас эх аван Монголхүрээ болон Дэгс голын хөндийгөөр урсан өнгөрч байгаа юм. 17-18 дугаар зуунд төв Азийн нэгэн үеийн эзэрхэгч байсан Зүүнгарчууд аль хэдийн түүхийн тайзнаас зодог тайлсан ч өндөр сүрлэг Тэнгэр уулын ар хормой, И Ли голын дээд урсгал дагуу амьдардаг Өөлд монголчууд гэж нэрлэгдэн, “Жангар”-аа хайлж, мал аж ахуй буюу хөдөө аж ахуй эрхлэн амьдардаг болсон байжээ.
- 1648 онд Заяа бандид Намхайжамц тод үсгийг зохиосон юм. Тод үсэг зохиогдмогц Халимагуудыг хамарсан өргөн уудам бүс нутаг өндөр хурдаар тархан түгсэн байв. Ингэсний улмаар монголчуудын хэрэглэж байсан үсэг бичиг болон хэрэглэгдсэн цаг хугацааны талаар тод үсэг нь уйгаржин монгол үсгийн дараа л жагссан ажээ. Ижил голын Халимагууд, Монгол Улсын баруун аймгийн Ховд, Увс аймгийн Ойрд монголчууд болон Хятадын Шиньжянд амьдарч байгаа монголчууд бүгд тод үсгийг ашиглаж хэрэглэж байсан түүхтэй гэж Мянгад Эрдэмт багш танилцуулсан байжээ.
ХХ зуунд янз бүрийн шалтгаанаас болж Халимагууд, Монгол Улсын Ойрд монголчууд, Хятадын Шиньжяны монголчууд тод үсэг хэрэглэхээ больсон байна. Гэсэн хэдий ч Өөлд монголчууд ном босгох, ном нээх, ном залах зэрэг соёлын уламжлалтай байснаас тод үсгийг хэрэглэсээр иржээ. Өнөөдрийг болтол И Ли голын урсгал дагуух бүс нутаг бол тод үсгийг амьд үсгийн хувиар хэрэглэж ирсээр байгаа бөгөөд мөн 360 гаруй жилийн хугацаанд тод үсгийг ашигласаар ирсэн цорын ганц бүс нутаг болжээ.
Тод үсэг· сурвалж бичиг· хээрийн судалгаа
Маянгад Эрдэмт 1996-2000 он хүртэл Төвийн Үндэстний Их Сургуульд мастер цол хамгаалахаар суралцсанаас хойш монгол судлал нь түүний анхаарлын төв болж, цаашид доктор цол хамгаалах хөдөлгөх хүч болсон байна. Мөн 2000 оноос И Ли голын урсгал дагуух бүс нутгийн монгол сурвалж бичгийн тухай хээрийн шинжилгээний аянд мордсон билээ. Энэ үеэс Өөлдүүдийн дунд хадгалагдаж байгаа эртний сурвалж бичгийн хэмжээ түүнийг гайхан бишрүүлсэн байна.
Маянгад Эрдэмт ойролцоогоор хориод жилийн хугацаанд И Ли голын урсгал дагуух бүс нутагт хээрийн судалгаа шинжилгээ хийж явахдаа тухайн нутгийн иргэдийн аж амьдралд гүнзгийрч, тухайн газрын түүх соёл, аж амьдрал, соёл иргэншлийн талаар нарийн ойлголт авахаас гадна эдгээр агуулгуудыг ном сэтгүүлд нийтлэхийн зэрэгцээ Төв телевиз, Өвөр Монголын Одон Телевизтэй хамтран ажиллаж, И Ли голын урсгал дагуух бүс нутгийн монголчуудын түүх соёлын тухай тусгай программ хийж, Хятадын иргэд болон дэлхийн хүмүүсийн хараа сонорт хүргэсэн байна. Мөн тэрээр Хятадын Ардын Их Сургуулийн сонгодог судлалын дээд сургуулийн Ойрд судлал, тод судлалын төвөөс Монголхүрээ болон Дэгс шяньд тод сурвалж бичгийн судлалын газар, тод үсгийн судлалын төв зэргийг байгуулсан байна.

- Ном бичиг бол хүн төрөлхтний ой билгийг гайхуулсан соёлын аварга сан билээ. Гэсэн хэдий ч хүний буюу байгалийн ямар нэгэн гай гамшгаар эвдэгдэн сүйдсээр байгаа бөгөөд зарим нь хэзээд эргэж ирж чадахгүйгээр алга болж байна. Ганц монгол үндэстэн ийм биш, бүхий л хүн төрөлхтний соёл түүхийн уламжлал залгамжлалаас авч үзсэн ч эдгээр сурвалж бичгүүдийг өнөөдөр болтол хадгалж ирсэн И Ли голын урсгал дагуух бүс нутгийн монголчуудын зориг тэвчээр, оюун ухаан, зүрхний хүч ямар зэрэг үнэ цэнтэй гэдэг нь мэдээж. Би өрөө судлаач болсны хувьд эдгээр олон ном судрын тухай ойлгон мэдэж, илрүүлэн судлах нь миний үүрэг хариуцлага хэмээн боддог гэж Маянгад Эрдэмт багш өөрийн бодлоо хуваалцсан байна.
И Ли гол нь Ойрд соёл түүхийн олон нууцгай зүйлсийг хадгалсаар байгаа нь үе үеийн эрдэмтэн судлаачдын анхаарлыг татсаар ирсэн юм. Өнөөдрийг болтол И Ли голын урсгал дагуух бүс нутгийн монголчуудын тод үсгийн сурвалж бичгийн хээрийн судалгааг гурван цаг үед хувааж болно. Хятад улс байгуулагдсаны дараа Өвөр Монголын Түүх хэл уран зохиол судлах газар (Одоогийн Өвөр Монголын Нийгмийн Шинжлэх Ухааны Академи)-ын Мэргэнбаатар, Өвөр Монголын Их Сургуулийн Цойзонжав нар Шиньжянаар очиж ном бичгийн цуглуулгыг анх хийсэн болно. ХХ зууны 70-аад оноос 90-өөд оны үед тод үсгийн дурсгалт бичгийн судалгаа мөн үргэлжлэн явсаар байжээ. Хорин нэгдүгээр зууны эхний үе, Маянгад Эрдэмт профессор 2000 оноос хойш 19 жилийн хугацаанд Тэнгэр уулын ар хормойд И Ли голын дээд урсгал дагуу бүс нутагт оршин амьдарч байгаа Монголхүрээ, Дэгс, Нялх, Цавчаал зэрэг дөрвөн суурингаар төв болгож, Шиньжяны Ойрдуудын дунд хадгалагдаж байгаа тод үсгийн дурсгалт бичгүүдийг бүртгэж, 50 боть цуврал номыг хэвлүүлсэн нь тод үсгийн сурвалж бичгийн судалгааны хамгийн сүүлийн үеийн судалгаа мөн болжээ.
Өвөр Монголын Их Сургуулийн Таяа профессор ярилцлага өгөхдөө:
- Тус 50 боть цуврал ном нь тод үсгийн сурвалж бичгийн цуглуулгын шинэ түүхийг бичсэн төдийгүй гэрэл зургаар хэвлэсэн, судар бичгийг хангасан хүний намтар, судрын нэр болон хуудас хэмжээ зэргийг тэмдэглэн хэвлүүлсэн байна. Мөн өнөөдрийг болтол эрдэм шинжилгээнийхэнд мэдрэгдээгүй, дэлхий дээр ганц буюу хоёр хувилбар бөгөөд хувь хүнд хадгалагдаж байгаа сурвалж бичгийг хэвлүүлсэн болно. Энэхүү том хувь нэмрийг бид хэлэхгүй байхын аргагүй гэжээ.
