- Та олон сайхан хүнтэй уулзаж ярилцаж, тэднийг нээхийг оролдож яваа хүн. Харин энэ удаад өөрийг тань нээхийг хүсч байна. Бага насны амьдрал гээд олон талын мэдээллийг фенүүд тань сонирхдог. Ер нь таныг бүжиглэдэг, урлагт дуртай, бас ном зохиол бичдэг охин байсан гэж сонсож байсан. Хүүхэд насны дурсамжаас тань ярилцлагаа эхлүүлье?
- Монгол Улсад оюутан залуусын дунд “Манлай” охин хэмээх тэмцээн зохион явуулдаг. Би 1993 оны тэмцээний “Манлай” охин болж байсан. Би бас онц сурдаг охин байлаа. Бага нас маань зохиолч, сэтгэгч, зураачдын урланд өнгөрсөн. Нагац маань Монгол Улсын шинэ сүлд, төрийн тамганы эх загварыг бүтээсэн түүхч, зураач Ц.Ойдов гэж хүн бий. Монгол Улсын төрийн тамга, сүлд манай голомтод төрсөнд би хязгааргүй их баярлаж бас бэлгэшээж явдаг. Түүхч нагац маань надад “Анужин” хэмээх нэрийг өгсөн юм.
- Таныг Японд сургууль төгссөн гэдэг. Таны төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил?
- Би МУИС-ийн дэргэдэх /Олон Улсын Харилцааны Дээд Сургууль/ ОУХДС-ийг гадаад албаны ажилтан мэргэжлээр төгсөж, дараа нь Япон улсад олон улсын хуулийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалж, тус улсад төгссөн мэргэжлээрээ нэлээд олон жил ажилласан.
- Мэргэжлийн бус хүн мөртөө “Монгол тулгатны 100 эрхэм” хэмээх том бүтээлийг хийж, хөтлөгчийн ажлыг бие даан хийхэд хэцүү байсан уу? Сэтгүүл зүйд хожим ингэж их татагдах байсан бол анхнаасаа сэтгүүлч мэргэжлийг сонгодог байж дээ гэж та боддог уу?
- Хүн хүнтэйгээ харилцахад сэтгүүл зүйн мэргэжил хэрэгтэй гэж би өөрийгөө хайрцаглаагүй. Хүн хүнтэйгээ харилцахуй, хүний чанарт орохын талаар би өөрөө их даруухан байж, өрөөлийг сайн сонсохуй гэдэг дээр миний “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн 60-н дугаар амжилттай явсан. Японоос эх орондоо очоод монгол хүмүүсийн үүх түүх гэдэг хэрэгтэй шүү хэмээх чин сэтгэл дээр үндэслэгдсэн. Хүсэл байгаад санхүү эдийн засаг байхгүй бол хийж чадахгүй, хүсэл байгаад сайн баг байхгүй бол хийж чадахгүй.
Миний үндсэн мэргэжил бол гадаад албаны ажил, олон улсын хуульчийн мэргэжилтэй. Би бага байхдаа бүжиглэдэг хүүхэд байсан. Бүжиглэхээс илүү би бичдэг хүүхэд байсан. Бага байхдаа дандаа сурвалжлагч, сэтгүүлч болно гэж бодсоор байгаад гэнэт л тухайн үеийн хүүхэд бүхэн орохын мөрөөс болж байсан МУИС-ийн дэргэдэх ОУХДС-руу орохоор болчихсон. Дандаа онц мундаг сурдаг хүүхдүүд. Хүний хувь тавилан гэж сонин, би өөрөө сэтгүүлч болно гэж бодсоор байгаад өөр мэргэжил эзэмшсэн. Хувь тавилан намайг буцаагаад энэ сэтгүүлийн салбарт оруулсанд баярладаг. Миний бодлоор сэтгүүлч хоёр янзаар төрдөг юм байна. Нэг нь бол ном үзээд, нөгөө нь бол мэдрэмжээрээ буюу сурвалжлагч хүн гэж төрдөг байж магадгүй. Хүнтэй хүн сэтгэлээ нээж байж ярилцдаг, түүнээс биш хүйтэн тарихаар хөндий хүйтэн цайралчихаад яг тэр сэтгэлийн үгийг урсгаж явна гэж ерөөсөө байдаггүй. Сэтгүүлч гэдэг үгийн үндэс бол сэтгэ. Хэн түрүүлж сэтгэж чадаж байна энэ сэтгүйгээ хэн ажиллуулж чадаж байна, сэтгүүл зүйн салбар бол нээлттэй гэдгээрээ их сайхан.
- “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр Өвөр Монголчууд таныг таньдаг мэддэг болсон. Энэ талаар асуухгүй өнгөрч чадахгүй байна. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээ үргэлжлүүлэн хийх үү?
- Хоёр жилийн өмнө би өөрийгөө “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээс албан ёсоор татсан. Тухайн үед бэлтгэл дүрс алдагдчихсан. Байж боломгүй алдааг гүйцэтгэгч байгууллага маань гаргасан учраас би өөрийгөө татсан. Монгол бүсгүй хүн ч хэлсэн үгэндээ эр хүний дайтай байдаг гэж би итгэдэг. Гэвч гэгээн сайн хүнээр эхлүүлсэн ажил маань үргэлжлэн явж байхад би баяртай байна. Амьдралд зогсох ёстой газраа зогсож зарим нэг хаах ёстой хаалгыг хааснаар дараагийн зам дараагийн хаалга нээгддэг гэдэгт би хатуу итгэдэг. Сэтгэл зүрхнээсээ бүтээсэн бидний бүтээлийг үзэж, сэтгэлийн таашаал, амар амгалан, ухаарал, гэгээрэл, бахархлыг мэдэрч, бүтээлийг минь хүндэтгэл хайраараа өлгийдөн авсан ард түмэндээ гүн талархлаа илэрхийлье. Зогсолт бол ухралт биш. Зөв газраа зогсож чадвал зөв урагшлахын эх болдог гэж би боддог.
- Сүүлийн үед өөрийн шинэ нэвтрүүлэг “Монгол товчоо”-гоо вэб сайтаар цацаж эхэлсэн. “Монгол товчоо” нэвтрүүлгээ бидэнд танилцуулна уу?
- “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр хүмүүс намайг хөтлөгч гэж боддог. Гэтэл би бол санаачлагч, хөрөнгө мөнгө бас бус зүйлийг нь босгосон. Дараа нь өөрөө ажиллаж эхэлсэн. Нэг ёсондоо миний хүүхэд гэсэн үг. Энэ нэвтрүүлэг маань 60-н дугаар үргэлжилж, маш амжилттай явагдаж байгаа ийм төсөл. Миний дараагийн төсөл бол “Монгал товчоо”. Монгол гэдэг үгийг сүүлийн үед хүмүүс мөнх гал гэж байгаа. Нөгөө талаар залуу хүмүүсийн тухай уран сайхны төсөл. Залуу хүн гэдэг бол гал дөл бадарсан тухайн улс орныхоо гал дөл нь байдаг гэж би ойлгодог. Энэ удаа бол ид хийж бүтээж байгаа залуучуудын хөрөг бүтээлийг монгол түмэндээ монгол тулгатандаа хүргэж байгаадаа маш их баяртай байна. Саяхан албан ёсны нээлтээ хийсэн. “Монгол тулгатны 100 эрхэм” бол хийдгээ хийчихсэн хүмүүсийн тухай тийм төсөл. “Монгал товчоо” бол ид хийж байгаа хүмүүсийн тухай. Монгол тулгатанд настай буурлуудтайгаа өмнө үеийн алтан үеийнхэнтэйгээ ярилцаж байх үед энэ хүн ид хийж бүтээж байх үедээ юу ярих байсан бол гэх бодол сэтгэлд маш ихээр төрдөг байсан. Би тэр сониуч зангаа тэр хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр “Монгол товчоо” төслөө хийж байгаа. “Монгол тулгатны 100 эрхэм”-ээс илүү ур хийцтэй баримтат киноны хэмжээнд бүтээгдэж байгаа учраас илүү их бодож хийсэн төсөл байгаа. Оюуны баялаг болон эдийн баялаг бүтээгчдийг нэвтрүүлэг маань урьж байна.
- Та Өвөр Монголд анх удаагаа ирж байна гэсэн. Өвөр Монголд ирсэн сэтгэгдэл ямар байна вэ?
- Маш сайхан байна. Дэлхий ертөнц өөрөө хавтгайрч ижилсэж байна гэж хүмүүс ярьдаг. Магадгүй дэлхийн аль ч улс гүрэнд очсон ч том нийслэлүүд нь ижилхэн болчихсон, хүн тэндээс ондоошлыг харахаа больчихсон. Ийм он цагт Өвөр Монгол буюу бидний яс цусны тасархай ахан дүүс маань ямар хот соёлыг бий болгож 21-р зуунд байна вэ гэдэг нь надад үнэхээр сонин байсан. Тэгээд онгоц Монголын газар нутгаас гараад аль цагт Өвөр Монголын газар нутагт ордог юм бол гэж би нүдээ салгаагүй ширтсээр байгаад Хөххотод буусан. Дээрээс харахад Өвөр Монгол үнэхээр зохион байгуулалттай, нам тайван хот байлаа. Миний бодлоор улс орны хөгжил нь өндөр байр байшиндаа байгаа биш. Улс гүрний хөгжил гэдэг бол тухайн улс орны ёс заншлын онцлого дээр тогтдог гэж боддог. Өвөр Монголын хөгжил бол өөрийн гэсэн онцлготой, өөрийн гэсэн нутаг, ёс заншил, даруу байдлыг илтгэсэн хүмүүстэйгээ адил ёс заншилтайгаа тодорхой хэмжээнд уялдаж байгаа юм байна. Өвөр Монголд ирж хөл тавьсан маань надад үнэхээр сайхан байна. Улс орны ёс заншлыг би өндөр байшингаар хэмждэггүй. Гадаадаар хэн их хольж ярьж байгаагаар би хэмждэггүй. Улс орны хөгжил гэдэг бол даяаршиж байгаа, ондоошиж байгаа гэдгээр би хардаг болсон. Энэ бол маш өвөрмөц ертөнц, маш сайхан ертөнц.
- Энэ удаа та оюутан залууст зориулсан яриа илтгэл тавьсан. Дараагийн удаад Өвөр Монголчуудтай чөлөөт ярилцлага хийх үү?
- Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийнхан надад урилга явуулахаас өмнө Өвөр Монголын тодорхой газруудаас надад бас маш олон урилга ирж байсан. Гэхдээ би энэ удаа юу ч бодоогүй за гээд гарч ирсэн шалтгаан бол оюутнуудын урилга байсан. Оюутан гэдэг бол тухайн улс орныхоо ирээдүй. Намайг урьж байгаа Өвөр Монгол оюутнууд гэдэг бол энд байгаа Монголын ирээдүй гэж би үздэг. Тийм учраас Өвөр Монголын ирээдүй намайг урьсан. Би хүндэтгэж олон асуулт асуугаагүй. Цаашид ирээдүйтэй холбоотой хүмүүс надад урилга илгээх юм бол цаг зай гаргаж ирнэ.
- Хөдөө Аж Ахуйн Их Сургууль танд ямар санагдаж байна?
- Сургуулийн хүрээнд орж ирээд үнэхээр сайхан санагдаж байна. Би өөрөө олон жилийн өмнө оюутан байсан. Оюутан байсан дурсамж маш ихээр сэргэж, сэдэрч сайхан байна. Их том хүрээтэй юм.
- Өвөр Монгол оюутан залууст хандаж таны хэлж захих үг тань?
Өвөр Монгол, Монгол, Япон, АНУ ялгаагүй. Залуу хүн сурахыг хүсэж байгаа гэдгээрээ бид хязгааргүй хүнтэй ижилхэн. Өөрийгөө олоорой гэдгийг л захих гэж ирсэн. Энэ их ижилшил дунд ондоошил өөрөө чухал гэж би яриагаа эхэлсэн.
- Та бол гурван сайхан хүүхэдтэй эх хүн. Нэвтрүүлэг нийнэ, бас ном бичнэ. Та ер нь энэ бүх ажлаа хэрхэн зохицуулдаг вэ. Энэ их ажлынхаа хажуугаар өөрийгөө хэрхэн цэнэглэдэг вэ?
- Би өөрөө их юм хийж байна гэж боддоггүй. Багтаамжаа том гэж бодвол том, хүний сэтгэлд хязгаар байдаггүй. Ээж минь намайг битгий шуналтай бай гэдэг. Би сүүлийн үед амьдралын цаг бүхэн ямар үнэтэй юм бэ гэж боддог болсон. Чөлөөт цагаараа хүүхдүүдээ тэвэрч өөрийгөө цэнэглэж байна. Миний хамгийн бага хүү 8 сартай. Хүүгээ харахаар цэнэг авдаг. Эх хүн гэдэг үр хүүхдээсээ цэнэг авдаг. Амьдрал маш энгийн. Өөр дотор байгаа өөрийн хамгийн их хайрлаж байгаа зүйлээс цэнэг авдаг. Ингэхээр миний юунд ч эргэлзэхгүй хайрладаг хүн бол гэр бүл, миний хүүхдүүд. Хүүхдүүдээ тэвэрч үнэсэхээр сайхан болдог. Одоо нэг хүүхэд гаргавал алдарт эхийн одон авна. Монголын үрс маш олон болтугай гэдэгт би бас явж байгаа. Энэ бол миний төслөөс их том зорилго. Биеэ хувааж хүн төрүүлнэ гэдэг бол маш том үйл. Тэгэхээр би одон авна гэж бодож байгаа.
Сэтгэл дээр мөнхийн амьдрал явж байгаа. Би бол олонх цагийг хөдөлмөрлөж бүтээж бичиж туурвиж хүмүүстэй уулзаж явна. Гэтэл сэтгэл гэдэг агуу, бие хаана байгаа нь хамаагүй. Сэтгэлийг нь хураавал биеийг нь хураана гэсэн үг байдаг. Зүрх сэтгэлд хаана ч явсан үр хүүхэд гэр бүл маань байдаг. Сэтгэлийн их хүчээр юм бүхнийг амжуулж болдог. Тэнцвэртэй явж байна гэж бодож байна.
- Хүний амьдралд хүнд хэцүү үе тохиодог. Таны амьдралын хамгийн хүнд хэцүү үеийн талаар асууж болох уу. Магадгүй хүнд хэцүү үе мацагтан болсонтой тань холбоотой юу. Энэ тухайгаа хуваалцвал?
- Миний хувьд амьдралыг ойлгох завшаан маш эрт тохиолдсонд баяртай байдаг. Аливаа зовлон тохионо гэдэг, аливаа бэрхшээл тохиолдоно гэдэг бол хүнийг урагшлан дээшлүүлэхийн эх үндэс гэж би боддог. Би хүнд тохиолдож байгаа бэрхшээлийг ухаалгаар давж чадвал хүн тухайн бэрхшээлийн дараа хэчнээн их өсч, хөгжчихсөн байдаг вэ гэдгийг өөрийн амьдрал дээр үзэж туулсан юм. Би оюутан болсон эхний жилээ маш хүнд өвдсөн. Тэр үед би 17 настай, их л хүнд хоёрхон сарын настай гэж оношлогдож, ээж аав хоёр маань намайг Монголын төв эмнэлэгт бүтэн нэг жил чулуун шалан дээр сонин дэвсээд сахисан. Мөн хүүхэд гаргаж чадахгүй гэж байсан. Хүнд өвдөөд хүнд хагалгаа хийлгээд эмнэлгийн хаалгыг арай гэж ардаа орхиод оюутны амьдралаа эхэлж байлаа.
Япон улсад суралцаж байхад нэг удаа амралтаар гэртээ харихад ээж надад хоолоор эрүүл болдог хичээл байна гэсэн. АНУ, Японоор үзүүлээд эдгэхгүй, насаараа дааврын эм уухаас өөр аргагүй болсон би хоолоор эрүүл болдог гэж сонсоод огт итгэж чадахгүй байв. Аав радиогоор сонсоод охин чинь ирэхээр дагуулаад яв гэж ээжид захисан гэсэн. Тэр удаад би Монголд 5 хоног байх ёстой байсан. Тэгээд ээжтэй хамт тэр хичээлд нь орсон. Хэдэн өдөр сонсоод итгэж болох юм байна гэсэн бодол надад төрсөн. Тэр өдрөөс эхлэн би мацагтан болсон. Би бүрэн эрүүл болсон, би гурван хүүхдийн ээж болж чадсан. Миний амьдралдаа ялсан ялалт бол би өөрийгөө ялсан гэж боддог.
- Та бол харилцааны чадварыг мэргэжлийн түвшинд хүртэл эзэмшсэн хүн. Хүний харилцааны туршлагаасаа хуваалцах уу?
- Хүний харилцаа гэдэг бол чин сэтгэлээс үүсэлтэй. Харилцаа гэдэг бол өөрөө үнэн оршихуйгаас эхэлдэг. Хамгийн тэргүүний суурь ойлголтоо тавьж чадвал, хүндэтгээд нээлттэй байж чадвал ямар ч харилцаа амжилттай байж чадна. Ил далд илүү бодол хүнийг ядраадаг. Энэ гурван зүйлийг барьж чадвал хүний харилцаан дээр нэг их алдахгүй болов уу. Залуу хүний гэнэн алдаа гэж байдаг. Улам хичээхийг чармайж улам эрхэмсэг байх ёстой.
Чамайг нэг хүн зорьж ирээд чамайг гэсэн сайн үг хэлэхэд тогтоож сонс, тэр хайраас олны хайр ирдэг юм. Олон дээр нэг янз, нэг дээр нэг янз байж миний охин алдаа гаргав гэж миний ээж захидаг.
Олны танил байна гэдэг бол дандаа л хайр байдаггүй. Маш их шүүмж, доромж, чулуу, хүйтэн аадар бороо энэ бүхнийг давдаг. Миний хувьд мөндөртэй, адаартай, хад чулуун дээр нүцгэн гүйж байсан үе дэндүү олон байсан.
- Үгийн хүчийг яаж эзэмших вэ?
- Тухайн үгийн утгыг гүн ойлгож, ойлгосон утга үйлдлээрээ хэрэгжүүлдэг хүний үг нь хүчтэй. Би эрүүл гэдэг зүйлийг тэмцэж олсон, маш их тэвчээрээр олсон. Эрүүл гэдэг үнэтэй юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс эрүүл гэдэг зүйлийг амьтайгаар хардаг. Хэзээд наад зүйлээ үйл болгоогүй байж бүү хэрэглэ гэж би өөртөө ч хатуу ханддаг. Үгийн сангаа нэмье гэвэл үйлээ нэм, олон үгээр ярина гэж бүү оролд, эзэн нь болж чадахгүй байж.
- Тантай ярилцах сайхан байлаа. Амжилт, эрч хүч, сайн сайхныг хүсье.
- Баярлалаа, та бүхэнд ч гэсэн сайн сайхныг чин сэтгэлээсээ хүсье.
