solongonews
Эх хэлээ дээдлэх эрэмгий хатан зориг
2017-02-18 21:43
IV удаагийн “Улаанхүүгийн нэрэмжит монгол хэл бичгийн шагнал” хүртсэн Р.Эрдэмт

- Монгол хэл бичиг бол дээдсээс маань бидэнд өвлөсөн, бидний хэзээд омогшиж, хайрлаж, хөгжүүлж явах ёстой хамгийн их өв хөрөнгө юм. Мөн хүн төрөлхтний соёл иргэншлийн нэгэн ёсны өв учраас монгол хэл бичгийг хамгаалж хөгжүүлэх нь зөвхөн монголчуудын үүрэг төдийгүй төр засаг, тэрчлэн НҮБ-ийн үүрэг хариуцлага юм гэж ярьдаг Р.Эрдэмт гуайн монгол хэл бичгээ гэсэн халуун сэтгэл, зоримог үйл ажиллагаа Эрээн хот төдийгүй бүх Өвөр Монгол орон даяар яригддаг болсон.

Р.Эрдэмт гуай

Р.Эрдэмт Өвөр Монголын Боловсролын Их Сургуулийн Эрээн хот дахь Олон Улсын Дээд Сургуулийн Намын хорооны нарийн бичгийн дарга. Монгол хэл бичгийн ажлын хэрэглээ, хамгаалалт, хөгжилд анхаарлаа хандуулж 30 гаруй жил үндэстний боловсролын төлөө зүтгэсэн ардын багш. Өнгөрсөн зууны далаад оны дунджаар “Тойрон заах сургууль ”-аар дамжин анх бичиг сурч, 17 нас хүртлээ бага, дундад сургуулийн бичгийг өөртөө сурч эзэмшин 1978 онд Өвөр Монголын Монгол хэл бичгийн тусгай мэргэжлийн сургуульд элсүүлэн, эрдмийн жолоог сунгасан тэрбээр “Босоо монгол хэл минь намайг тэтгэн босголоо, монгол хүн, монгол сургууль, монгол хэл хэзээд салшгүй мөнхийн хэлхээ гэж бардам ярьдаг байлаа.

1980 онд шинээр үүсгэн байгуулагдаж байсан эрээн хотын монгол бага сургуульд ажлын гараагаа авсан Р.Эрдэмт “Хотын монгол хүүхдийн монгол хэл сурах тусламж”-ийг гардан найруулж, монгол хэл бичгийн ажлын гараагаа эхлүүлсэн гэдэг. 1984 онд Эрээн хотын боловсролын товчооны орлогч даргын тушаал авч, үндэстний боловсролыг хөгжүүлэх, зохион байгуулах бодит ажлыг өөрөө гардан хийх болжээ. Тэрээр Эрээн хотын боловсролд үнэ цэнтэй төсөл, төлөвлөгөө, барилга, шийдвэрүүдийг тогтоох ба хэрэгжүүлэх ажилд биечлэн оролцож явсан нэгэн бөгөөд гадаад улс хоорондын боловсролын солилцоо, хамтын ажиллагаа зэргийг амжилттай хийж явснаар Эрээн хотын үндэстний боловсрол нь эрчимтэй түргэн хөгжиж, Өвөр Монгол орны тэргүүний эгнээнд тэвшин орсон юм.

2013 онд Эрээн хотын засгийн газраас Эрээн хотын монгол сургуулийг дунд сургууль, бага сургууль болгон салгахаар тогтож, 100 сая юанийн санхүүжилттэй Эрээн хотын монгол дунд сургуулийн шинэ барилга нь ажлаа эхлүүлж, 2016 оны эцсээр ашиглалтад орж, АТИХ-аар дамжин Эрээн хотын монгол үндэстний хоёрдугаар хүүхдийн цэцэрлэгийг байгуулах шийдвэрийг баталж билээ.

Р.Эрдэмт гуай “Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Эрээн хот дахь Олон Улсын Дээд Сургууль”-ийг байгуулах ажилд мөн биетэн оролцож, сургуулийн намын хорооны нарийн бичгийн даргын тушаалыг үүрэглэсэн байна. Ийнхүү Эрээн хотын үндэстний хүүхдийн цэцэрлэгээс үндэстний дээд сургууль хүртэлх үндэстний боловсрол сургалтын үйлсэд Р.Эрдэмт гуайн хөлс хүч шингэж байдаг гэж хэлэхэд илүүдэхгүй юм.

1997 онд ӨЗО-ны Боловсролын танхимын томилолтоор Япон улсад хүрч судлан суралцсан бол “Монгол сургуулийн хятад хэл бичгийн хичээлийн тухай бодол” гэх хятад хэлээр бичсэн өгүүллээрээ Шанхайн олон улсын Боловсролын судалгааны төвийн хоёрдугаар зэрэглэлийн шагнал хүртэж, “Хүний хэв чанарын бүтэц болон суурь боловсролын шатан дахь хэв чанарын боловсрол”гэх хятад хэлээр бичсэн өгүүллээрээ“Хятадын боловсролын сонин”-ны хоёрдугаар зэрэглэлийн шагнал хүртжээ. Үндэстний боловсролоор сэдэвлэсэн “‘Монгол сурган хүмүүжил’ хийгээд түүний ач холбогдол”,“Эх хэлээ сонгосон монгол хүүхдийн боловсрол хүртэх нөхцөл”,“Монголоороо хичээллэж байгаа сургуулиудын хятад хэлний заан сургалтын тухай бодол” (хятад),“Монгол сургуулиудын гадаад хэлний заан сургалтыг чангатгахад өгсөн хэдэн талын санал” зэрэг өгүүллүүд нь үндэстний боловсролын салбарынхны анхаарлын төв болж байна.

Р.Эрдэмт 2005 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр шуудангийн хаягийг хятад бичгээр бичээгүй гэх шалтгаар захидлыг нь буцаасан Хөххотын шуудан товчоог шүүхэд заалдаж, зөвөө олсноор барахгүй бодит үйл ажиллагаагаараа “Өвөр Монголын монгол хэл бичгийн ажлын дүрэм”-ийг сурталчлан ухуулсан байна. Хөххотын Шинэ Хот дүүргийн Ардын Дээд Шүүхийн хууль зүйн саналын дагуу Өвөр Монголын Шуудан товчооноос 2005 оны 5 дугаар сарын 21-ний өдөр мэдэгдэл буулгаж, монгол бичгээр бичсэн хаягтай захидлыг буцааж болохгүй гэж шаардсан байна. Энэ тухай Р.Эрдэмт:

- Миний энэхүү үйлдэл мөнгөний төлөө биш, нэр төрийн төлөө ч биш. Харин монголчууд Өвөр Монгол орны хэмжээнд монгол хэлээр захидлаа хаяглавал ядаж монгол оюутнуудын ажил олох асуудлыг бага ч болов дэмжинэ гэж бодсон юм гэж ярилаа.

Хүнийг уургын морь шиг урагш зүтгүүлдэг нь хүсэл тэмүүлэл байж таарна. Нутгийн бор толгодынхоо энгэрт хонин сүргээ бараадан хэвтэхдээ “юм бичих юмсан”гэх нялхын бодол өвөрлөж байсан томоогүй бага насных нь хийрхэл, ууган шүлэг “Ариун сүүний дээжээ” нийтлүүлээд хөгсөн баярлаж байсан залуу насных нь хүсэл, “монгол хэл, монгол үсэг бичиг, монгол сэтгэхүй байж сая монгол соёл хөгжиж чадна” гэх хатуухан бодол, тар бүхэн нь түүнийг монгол соёл түүхтэй насан туршид түшилцэж явах хувь барилдлагатай болгосон гэдэг. 1978 онд ууган бүтээл “Ариун сүүний дээжээ” хэмээх шүлгээ нийтлүүлсэн Р.Эрдэмт урьд хожид өгүүллэг, найраглал, шүүмж зохиол зэрэг олон стилийн зохиол бүтээл хэдэн зуугаадыг туурвиж, 1999 оны сүүлчээр хилийн худалдаагаар сэдэвлэсэн “Эрдэнэговь” хэмээх туужаа “Өнөр Цэцэг”сэтгүүлд нийтлүүлж байсан бөгөөд тус туужийг нь хорин ангитай телевиз жүжиг болгон найруулжээ. “Хорин нэгдүгээр зууны монгол хүн”, “Бяцхан ногоон зүлэг минь”, “Миний монгол хайрхан Далан Хар” зэрэг найраглал, “Хошуун худгийн хоёр айл”тууж , “Европоор аялсан давхиа тэмдэглэл” аяны тэмдэглэл зэрэг уран бүтээл нь “Өнөр Цэцэг”, “Шилийн Гол”,“Өвөр Монголын Өдрийн Сонин” зэрэг сонин сэтгүүлд нийтлэгдсэн байлаа.

IV удаагийн “Улаанхүүгийн нэрэмжит монгол хэл бичгийн шагнал”-ын шагнал гардуулах ёслол

2000 онд “Гурван зуун жил хожимдсон ухаарал”гэх уран бүтээлээрээ “Өнөр Цэцэг” сэтгүүлийн “Мөнгөн Одон”шагналыг тосож, 2005 онд “Хорин нэгдүгээр зууны монгол хүн”-ээрээ Солонго шагнал тоссон бөгөөд тус хоёр найраглал нь Хятадын найман муж орны ахлах сургуулийн монгол хэлний сурах бичигт сонгогдон оржээ. “Тэнгэр шүтээнтэй өвгөн буурал үндэстний минь хэл соёл, нутаг ус, хүн зон хэзээд нурахгүй хөх тэнгэр л байсаар” гэж бэлэгшээн, 2004 онд хэвлүүлсэн түүврээ “Хөх Тэнгэр”гэж нэрийджээ.

2001 онд Р.Эрдэмт Өвөр Монголын Ардын Засгийн газрын “Монгол хэл бичиг сурч хэрэглэсэн жишээч”-ээр өргөмжлөгдөж, 2003 онд“Өвөр Монголын залуучууд сэтгүүл”-ийн “Шилдэг зохиолч”, 2005 онд Өвөр Монголын уран зохиолын “Солонго” шагнал, 2008 онд Хятад улсын “Тэнгэрийн Ботго” яруу найргийн наадмын зохион байгуулах комиссын “Үндэстний соёлын зүтгэлтэн” зэрэг яруу алдрыг хүртсэн бөгөөд 2012 онд Хятадын цөөн тоот үндэстний утга зохилын зохион бүтээх хуралд уригдан оролцож, 2015 онд IV удаагийн “Улаанхүүгийн нэрэмжит монгол хэл бичгийн шагнал”-ыг хүртсэн байлаа. Хятадын Зохиолчдын Эвлэлийн гишүүн, Өвөр Монголын Зохиолчдын Эвлэлийн бүрэн бүрэлдэхүүний хурлын гишүүн, “Өвөр Монголын залуучууд сэтгүүл” болон “Шилийн Гол” сэтгүүлийн найруулах комиссын гишүүн, “Өвөр Монголын амьдрал гарагийн сонин”-ны онц урьсан зөвлөгч зэрэг нийгмийн тушаалыг хариуцаж байхаас гадна 2001 оноос одоо болтол Эрээн хотын Зохиолчдын Эвлэлийн тэргүүлэгчийн тушаалыг хавсарган хариуцаж байгаа Р.Эрдэмт ажлын чөлөөгөөрөө бас Эрээн хотын орон нутгийн соёл түүх, зан ааль судлалд шамдаж, “Эрээн улаа өртөө”-г сэргээн байгуулах ажилд оролцож, улаа өртөөний соёл түүхийг судлахын хамт Эрээн хотын Гэрэлт-Од сумны нутаг дахь Хангин овогт хүмүүсийн тухай судлалд анхаарал хандуулж, Хангин шүтээний тахилгын зан үйлийн судлалыг амжилтад хүргэсэн байна. 2013 онд Эрээн хотын УТЗЗ-ийн орлогч тэргүүлэгчээр ажилласны дараа, Эрээн хотын УТЗЗ-ийн соёл түүхийн ажилд гарамгайлан оролцож, охорхон нэг жилд зуу гаруй мянган үсэгтэй “Эрээн хотын УТЗЗ-ийн соёл түүхийн эмхтгэл”(нэг)-ийг найруулсан.

Зохиогч: Р.Эрдэмт
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Шилийнгол сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл