Монгол Улсын Улаанбаатар хотод Өвөр Монголын соёл урлагийн солилцооны нийгэмлэг болон Монгол Улсын Улаанбаатар хотын Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, нийслэлийн соёл урлагийн газраас 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хамтран зохион байгуулсан “Олон улсын ахмадын эгшиглэнт аялгуу-2017" соёл урлагийн наадам боллоо. Монгол Улсын бүх аймаг, хот, Өвөр Монголын Хөлөнбуйр, Алшаа аймгаас нийтдээ 140 нэр бүхий жүжигчид оролцож, уртын дуу, богино дуу, гоцлол дуу, бүжиг, хувцасны үзүүлбэр зэрэг тоглолтын хэлбэрээр амжилттай сайхан явагдсан байна.

Тус наадамд оролцсон Өвөр Монголын Хөлөнбуйр хотын Шинэ Барга зүүн хошууны Уртын дууны нийгэмлэгийн “Чанар” дууны багийн Баргачуудын уламжлалт дээлээр гоёсон хувцасны үзүүлбэр, гоцлол дуу “Ганган хар” зэрэг үзүүлбэрүүд нийтдээ 18 алтан медаль хүртэж, “Баргужингоо” бүжгийн багийн зээрэнхий бүжиг болон “Наран ижий” бүжгийн багийн саальчин бүжиг зэрэг тоглолт нь 38 мөнгөн медаль хүртэв. “Наран ижий” бүжгийн багийн андай бүжиг, “Жаргалант ээж ” дууны багийн “Эрдэнэ уулын бараа” зэрэг тоглолт нь нийтдээ 27 хүрэл медаль гардаж Барга нутгийн зан үйл, соёл урлагийн гайхамшгийг бусдад таниулж, нутаг орныхоо алдрыг өргөөд амжилт дүүрэн нутагтаа буцаж ирлээ.

Олон улсын ахмадын эгшиглэнт аялгуу-2017 соёл урлагийн наадмын хаалтын дараа Шинэ Барга зүүн хошууны Уртын дууны нийгэмлэгийн ахмадууд Монгол Улсын Хархорин зэрэг орон нутгаар жуулчилсан юм.
Үүний дараа 8 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “Барга ястны язгуур соёл”-ын тоглолтод оролцсон байна. Монгол Улсын Барга судлалын холбооны дарга Б.Намсрай, Монгол Улсын хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа, Өвөр Монголын Уртын дуу урлаг солилцоо судлалын нийгэмлэгийн байнгын хэрэг эрхлэх дарга С. Саранчимэг, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн барга Б.Хадбаатар зэрэг зохион байгуулагчид онц зэрэглэлийн дуучин Сайханчимэг, Саранчимэг, Эрдэнэгоо, Цэцэг нарт алтан медаль гардуулж, олон жилийн туршид Барга соёл судлалын үйлсэд гавьяа зүтгэл, хувь нэмэр үзүүлсэн хувь хүмүүсийг онцлон шагнав.

Тус удаагийн соёл урлагийн наадам болон “Барга ястны язгуур соёл”-ын тоглолтод Өвөр Монгол орны ардын урлан бүтээлчид, малчин ээж нар Барга малчны сэтгэл шингэсэн орон нутгийн соёл зан араншныг бусдад таниулж, Монгол үндэстнийхээ түүх соёл, утга урлагийг сурч судлах, уламжлан хөгжүүлэхэд суурь тавин “Нэг бүс нэг зам” дагуу газар орны ардын уран бүтээлчдийн харилцааг ахиулж чадсан байна.






