solongonews
Нүүдлийн ухаанаа өвлөсөн мал маллах ухаан
2018-01-25 17:21
Малчин Сүхбаатарын гурван улирлаар нүүдэллэн мал аж ахуйгаа хөгжүүлсэн үлгэр жишээ

Нутаг бэлчээрийг өрхөд хувьчилснаас хойш малчид нүүдлийн амьдралаасаа алгуур холдсон бөгөөд нэгэнт түүх болон хоцорч, хэмжээ хязгаартай нутагтаа хэдэн малаа эргүүлж маллах болсон юм. Гэхдээ уламжлалт нүүдлийн мал аж ахуйн хэв загварыг хэмжээтэй нутагтаа бүтээлчээр ашиглаж яваа малчин бас байгаа гэдгийг дурдууштай. Зүүн Сөнид хошууны Хонгор сумын Шинэ-Амьдрал багийн малчин Сүхбаатарынх өөрийн болон өрөөлөөс түрээсэлсэнтэйгээ нийт 1733 га талбайтай нутгаа яг ийм хэлбэрээр гурван улирлаар нүүдэллэн маллаж байна.

Малчин Сүхбаатарын өвөлжүүлсэн охин хургууд

Сурвалжлагч 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр Сүхбаатарынд хүрэв.

Өдөр богино өвлийн нар удахгүй жаргахаас урьтан малчин Сүхбаатарынд хүрсэн ч буцах замаа гэгээтэй өлгөх шаардлагатай байсан тул ажлаа амжуулахыг бодож, сурвалжлагаа яаруухан эхлүүллээ. Сүхбаатарыг гэрт нь суулгаад биш, харин хотны дундуур, бэлчээрийн захаар нь дагуулж яван ажил амьдралтай нь танилцсан юм. Сүхбаатар гэнэт уулзсан таньж мэдэхгүй хүмүүст юугаа ч ярих билээ гэсэн шиг эхлээд тойруулж тогшуулаад байсан ч малчны амьдрал сайн мэддэг түүнээс энэ тэрхнээс нь ажиж харснаа санаанд нь нийцүүлэн эвээр асууж эрүүдсээр байж, ээдрээг нь арай гэж алдааж, чөлөөтэй ярилцаж эхэлсэн юм.

Зун, намрын улиралд 733 га бэлчээрээ ашиглаж, өвөлдөө түрээсэлсэн 333 га нутагтаа өвөлжиж, хаваржааны 667 га нутгаа төл тосохдоо ашигладаг нүүдэл суудлын зуршлаар мал сүргээ хариулаад олон жил болж байна. Хэмжээтэй нутгийнхаа задгай уужуу талыг бэлчээрийн сэргэлт болон мал сүргийн тарга авалтад илүү тустай байгааг Сүхбаатар туршлагаасаа дүгнэсэн учир нүүдлийн мал аж ахуйг хөгжүүлэхээр зүтгэж яваа нь энэ байлаа.

- Хэдийгээр газар нутаг хуваасан боловч миний бодлоор уужим нутагтай айлууд ядаж гурван улирлаар нүүж шилжин, малаа маллаж байвал юуны түрүүнд өөрийнхөө бэлчээр нутгийг сайн ашиглаж хамгаалж чадах бөгөөд эргэн тойрныхоо бүс нутгийн экологийн хамгаалалтад ч зохих нөлөө үзүүлэх байх гэж боддог. Ингээд л дээдсээс уламжилсан энэхүү шинжлэх ухаанч мал аж ахуйн арга барилыг одоогийн бодит байдалтайгаа зохицуулан хэрэгжүүлж байгаа нь энэ гэж Сүхбаатар гурван улирлаар нүүдэллэн маллаж байгаа учраа тайлбарлав.

“Бэлчээрт идээшсэн малын бие дааж онд мэнд орох чадвар болон тарга хүчээ хадгалах чадвар нь тэжээвэр малыг бодоход харьцангуй сайн байдаг бөгөөд байгалийн араншинтай малын төл нь ч их сайн байдаг” гэж ярьсан Сүхбаатарын бэлчээр дэх үхэр сүрэг болон ялган өвөлжүүлж байгаа охин хургануудыг очиж үзэхэд үнэхээр таргаараа гайхам сайхан байлаа. Мөн үнээ мал нь тугаллаад эхэлчихсэн байв. Зусаг шиг том биетэй хургануудыг нь хараад гайхаж байх зуур “Хургыг нь үзээд эхийнх нь тарга хүчийг асуух хэрэг байна уу?” хэмээн Сүхбаатар хөгжилтэй гэгч “хөөрч” завдав. Тэгэлгүй дээ, малчин хүн малынхаа тарга хүчээр бахархах нь түмэн зөв. Гараад сар ч болоогүй нялх тугалууд эхээ дааган цас цайсан шилийн жавартай бэлчээрт хоноглож байгаа гэнэ. Нялх тугал ажиггүй гэхэд, мал сүргийнхээ өлчрийг гайхуулсан малч эзэн нь ч ажиггүй байгааг хараад үнэхээр гайхах, бишрэх хосолсон билээ.

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн өөрийн өртөг бага, мал аж ахуйн орлого сайтай Сүхбаатарынх хэдийгээр бэлчээрт түшсэн мал аж ахуй эрхэлж байгаа гэдэг ч хэзээ нэгэн цагт төсөөлж дийлшгүй тэнгэрийн зуд гамшгаас сэргийлэн, хашаа саравчны бүтээн байгуулалтыг сайн хийж, өвс бордооны бэлтгэлийг жил бүр алдалгүй хийдэг байна. Юмыг яаж мэдэх билээ, жаргах цагт сэрэмж хэрэгтэй гэдэг биз.

Зохиогч: Сараанаа
Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : СОЛОНГО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл