АНУ-ын Мэн мужголын хавчаараа алдартай, тус мужийн голын хавчны аж үйлдвэр Хятадын эх газрын зах зээлд борлуулалт сайтай байдаг юм. Гэвч Хятад, Америкийн худалдааны маргааны улмаас бизнес эрхлэгчдээс хавч баригчид, улмаар аж ахуйн салбар нь их бага хэмжээгээр хямралд өртсөн байна.

Жил бүрийн 05-аас 11-р сард Мэн мужийнхан хавчийг олноор барьж, Хятадын Тэргэл сарны баяр, Үндэсний баярын үеэр Хятад улсад экспортлох оргил үедээ орно. Тус мужийн Портлендын ойролцоо хавчны бизнес эрхэлдэг Степани Надейдын хувьд боож багласан авдар авдар хавч нь Хятадын эх газар хүрч чадахгүй болсон гэнэ. Тэрээр:
“Өнөөдөр би 5000 фунт хавч худалдсан. Гэвч эдгээрийн нэг ч фунт нь Хятадын эх газарт очихгүй. Жил бүрийн энэ үед 5000 фунтын дээр дахин 5000-6000 фунтийг борлуулдаг байлаа. Тэднийг бараг 100 хувь Хятадад борлуулдаг байсан. Гаалийн татвар нэмснээс болж бидний Хятадтай хийх наймаа таг зогсчоод байна.”

Тоо баримтаас үзвэл, Америкийн амьд хавчны экспортын 80 хувийг Мэн муж дангаар гүйцэтгэдэг байна. Тус мужийн хавчны аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн 1.4 тэрбум долларт хүрч, мужийн ДНБ-ний 3 хувийг эзэлдэг юм. Өнгөрсөн хэдэн жил бизнесменүүд Хятадын асар том зах зээлийг олж харснаар, тус мужийн Хятадад экспортлох хавчны хэмжээ ихэд нэмэгджээ. 2017 онд Америкаас Хятадад экспортолсон амьд хавчны хэмжээ 128 сая долларт хүрсэн нь 2007 оныхоос 178 дахин нэмэгдэж, Америкийн хавчны нийт экспортын 20 хувийг эзэлсэн юм. Энэ оны эхний хагас жилд Хятадын эх газрын хавчны борлуулалт тус мужийн зарим аж ахуйн нэгжийн хавчны борлуулалтын 20-50 хувийг эзэлсэн байна.

Америкийн олон улсын худалдааны тоо баримт судалгааны WISERTrade компанийн сүүлийн үеийн бүртгэлээс үзвэл, Хятад, Америкийн худалдааны дайны нөлөөгөөр 7 дугаар сард Америкаас Хятадын эх газар борлуулсан хавчны хэмжээ 4.2 сая долларт хүрч, 06-р сарынхаас 64 хувиар буурчээ. Худалдааны дайн Мэн мужийн хавчны бизнес эрхлэгчдэд шууд нөлөөлж байна. Хавчны бизнес эрхлэгч Надейд: Борлуулалтын дарамтаас болж би 16 ажилчныхаа 4-ийг нь халсан гэжээ.
Мэн муж улсын хавчны борлуулалтын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Анни Целикис Америкийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа: Худалдааны дайн ажилгүйдлийг нэмэгдүүлж, бизнесменүүд нөлөөлж, аж үйлдвэрийн гинжин хэлхээ, ажил олголтод сөрөг нөлөө үзүүлж байна хэмээн ярьж байлаа.

“Энэ худалдааны дайн хязгаар нутгийн ажил олголтод сөргөөр нөлөөлж байна. Алс буйд нутаг, тэнгисийн дагуу оршин суугчид, тэнгисийн эргийн суурины хүмүүст их нөлөө үзүүлж байна.”
Портлендын ойролцоо суудаг өөр нэг бизнесмен Том Адамс сэтгүүлчид хэлэхдээ: Би ноднингийн 7-8 сард Хятадын эх газар 400 мянган фунт хавч борлуулсан. Харин энэ оны 7-р сарын эхээс өнөөг хүртэл ердөө 40 мянган фунт хавч борлуулсан нь өнгөрсөн жилийнхээс 10 дахин бага байна. Манай компани Хятадын эх газарт амьд хавч борлуулдаг учраас энэ удаагийн худалдааны дайны нөлөөнд хамгийн түрүүнд өртлөө. Худалдааны дайны нөлөө удалгүй бүх салбарыг хамарсан юм гэжээ. Тэрээр хэлэхдээ:
“Хавчийн аж үйлдвэрийн салбар АНУ-ын бусад аж үйлдвэрийг бодвол нэлээд бага, Хятадын эх газрын зах зээлийг алдвал АНУ-ын хавчийн аж үйлдвэрт нөлөөлөх нь дамжиггүй юм. Цаг хугацаа өнгөрөх тусам энэхүү салбарт бүх талаар нөлөөлнө.”
Худалдааны дайны нөлөөг багасгахын тулд бизнесменүүд өнгөрсөн 2 сар борлуулалтын бодлогодоо өөрчлөлт оруулж, АНУ-ын дотоодын зах зээл, мөн Азийн бусад орны зах зээлийг идэвхтэй эрэлхийлж байна. Том Адамс хавчаа Европын зах зээлд гаргахаар хичээж байгаа боловч тэр Хятадыг юугаар ч орлуулшгүй чухал зах зээл гэж үзэж байна. Тэрээр хэлэхдээ:
“Европын зах зээл бидний борлуулалтаа өсгөх боломж юм. Гэвч ямар ч зах зээл Хятадын зах зээлийг гүйцэхгүй. Хятадын дунд орлоготой иргэдийн тоо ихээр нэмэгдэж, эдийн засаг нь ч түргэн өсөж байна. Ийм нөхцөлд Хятадын зах зээлд чанар сайтай хүнсний бүтээгдэхүүн, нэн ялангуяа усны гаралтай бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлага түргэн нэмэгдэнэ. Энэ нь бидний хувьд сайхан боломж юм.”
Худалдаа, эдийн засгийн олон жилийн харилцаа холбоо Хятад, Америк хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг дэмжиж ирсэн юм. Харин энэ худалдааны дайн энэ нөхөрлөлд саад болсон гэж Том Адамс ярьж байна.
“Би Мэн мужийн хүн. Худалдаа хийх замаар олон хятад найзтай болсон. Хятадад очихоороо би тэднийдээ зочилдог. Хоёр орны хооронд худалдаа байгаагүй бол ийм сайхан харилцаа тогтохгүй. Худалдаа наймаа хоёр орны ард түмнийг харилцан ойлгуулдаг юм. Өнөөгийн худалдааны дайн хоёр орны ард түмний нөхөрлөлд саад болж байна.”
Өнөөгийн нөхцөлд бид шинэ зах зээл нээхээр хичээхээс гадна, АНУ-ын засгийн газар Хятадтай хийх хэлцлээ эртхэн сэргээж, бодит арга хэмжээ авч, худалдааны маргааныг зохицуулан, дуусгавар болгохыг хүсэж байна гэж Надейд, Том Адамс нар ярьсан юм.
