
Зураач Бямба Өвөр Монголын алдарт бөх Баярбаатарын зургийг зурж байгаа нь
1976 онд Монгол Улсын Өмнөговь аймагт аав Банди, ээж Сумьяагийн ууган хөвгүүн нь болж төрсөн Бямба сумын сургууль дамжин долдугаар ангиа төгсгөжээ. Арван тавтай Өмнөговь аймгийн музейд найман жил зураачийн ажил хийснээ одоо Дархан-Уул аймагт бизнес эрхлэн ажиллаж байна. Удмаараа нэртэй зураач, сийлбэрчин, уран бүтээлч, дархан байсан бөгөөд модон дархны ажилтай аавынхаа нөлөөгөөр багаасаа гар уран, тархи хөнгөн, юманд эв дүйтэй, зураг зурах сонирхолтой болжээ. Монгол Улсын Өмнөговь аймгийн музейд ажиллаж байхдаа өөрийн зурсан зургаа жуулчдад үзүүлэн сонирхуулж, үнэлэн борлуулж байсан бөгөөд бусдад захиалгаар зураг зурдаг байв. Өмнөговь аймгийн Урчуудын эвлэлийн “Тэнгэр өөд” холбооны гишүүнээр элсэж, олон зураачдын хамтарсан уран зургийн үзэсгэлэнд байнга оролцдог байжээ. Монгол Улсад уран зураачдын их тэмцээн уралдаан гэж байдаггүй, харин олон зураачдын хамтарсан зургийн үзэсгэлэн, баяр наадмын зориулалттай үзэсгэлэн их болдог ажээ. Тэрчлэн уран зурагт сонирхолтой буюу таалан сонирхсон хүмүүстэй үнэ ханшаа тохирвол зургаа борлуулдаг гэнэ. Түүний зурагнаас нутаг ус, хөрөг зураг, усан будгийн зураг зэрэг олон төрөл харагдана. Түүний зургийн үзэл санаа нь үзэмж, бодит байдалд суурилан өнгө будгийг томруулж, гоё хээнцэр, амьд дүрслэг болгохоор дамжиж хүмүүст оюун санааны хүртээл олгохоор хичээдэг байна. Мөн өөрийгөө “Чөлөөт уран бүтээлч” хэмээж, ямар ч нийгэм төрийн хүлээслэлд баригдахгүй, нам жимийн дунд өөрийн сэтгэл мэдрэмжээрээ амьдрах нь хамгийн их аз жаргал болдгоороо бахархдаг гэж ярьж байлаа.


Зураач Бямбын уран бүтээлээс
Бямба өнгөрсөн оны тавдугаар сард найзынхаа урилгаар Сөнид баруун хошуунд ирж зураг зуржээ. Сөнид нутгийн уул ус, гол горхи, мал аж ахуй, үйлдвэрлэл амьдралыг нүдээрээ үзэж, өөрийн сэтгэлээрээ мэдэрч уран бүтээлээ бүтээж байгаагаа баярлан ярина. Мөн жил гаруйн хугацаанд зуу гаруй уран бүтээл гаргаж борлуулсан байна. Түүний зурсан “Номгон Хайрхан”, “Заан Тасархай”, “Бурхан Халдун”, “Бүтэмж Хайрхан” зэрэг бүтээл нь нутаг усны малчин түмний таашаалд хүрсэн бөгөөд зарим бүтээлийг нь дахин зуруулах захиалга иржээ. Чөлөөт уран бүтээлчийн хувиар Бямба гуай нутаг нутгийн байгаль ахуйгаас сэтгэлийн тамир авч, оюун ухаан ур авьяасаа сорьж, олон арван зураг зурж, ойрын хэдэн жилд Манжуур, Хөххот, Шилийнхот, Ордос хотод хүрч зураачийн ажилдаа шуурхайлж явна.
