solongonews
Үрдээ захидал бичээрэй
2015-12-28 18:21
Хэдхэн жилийн дараа бяцхан ханхүү эсвэл гүнж тань таны яг л тэр хоромд бичсэн захидлыг дахин дахин уншина. Тэр л ганц хуудас цаас таны хүүхдийн насан туршийнх нь хамгийн хайртай гайхамшигтай “ном” байх болно.
Хэвлий дэх бяцхан үрээ хүлээн суугаа ээж та удахгүй мэндлэх үрдээ зориулж захидал бичээд үзээрэй. Юуны ч тухай байж болно. Яг л энэ хормын тухай, яг одоо юу бодож байгаагаа эсвэл түүнийг хэчнээн хүлээж байгаагаа юунд ч санаа зовнилгүй бичээрэй. Хэдхэн жилийн дараа бяцхан ханхүү эсвэл гүнж тань таны яг л тэр хоромд бичсэн захидлыг дахин дахин уншина. Тэр л ганц хуудас цаас таны хүүхдийн насан туршийнх нь хамгийн хайртай гайхамшигтай “ном” байх болно. 
Яагаад гэвэл таны хэвлийд байсан тэр алтан хормуудын үнэ цэнийг тэр ойлгож, хэчнээн их замыг туулж одоогийн энэ амьдралд хөл нийлүүлэн алхсанаа ухаарна. Хэчнээн хүний хөдөлмөр, зүтгэл, хайр энэрлээр энэ биеэ эрүүл чийрэг өсөн торнисныг мэдрэх болно. 
 
Бас хэчнээн их хайр өөрийг нь хүрээлж байдгийг насан туршдаа тэр мартахгүй. Мөнх бусын орчлонд үргэлж бид үрсийнхээ дэргэд байж чадахгүй нь харамсалтай. Гэвч бидний бичиж үлдээсэн захидал одоо ба ирээдүйд бидний сэтгэлд үргэлж бяцханаараа байдаг үрсэд маань эр зориг, итгэл хайрын гэрэлт бамбар болон мөнхрөх болно. 
 
Хатуугаас хатуу хэрнээ зөөлнөө хүрвэл хэнийг ч өрөвдөн хайрлаж, өмгөөлөн халамжлагч энэ орчлонд гадаа дулаан ч гэрт хүйтэн өдрүүд зөндөө л тохионо. Тэр л үед дуунд гардаг шиг л уул шиг том болсон үр тань таны бичсэн захидлыг задалж уншаад цааш алхах тэнхээ чадлаа олж авна. 
 
Зөвхөн хөл хүнд ч биш, хүүхдээ төрүүлчихээд түүнийгээ хэчнээн хөөрхөн өсч торниж буйг харж баясан суугаа ээжүүд минь үрдээ захидал бичээрэй. Түүндээ хэлэх гэсэн бүхнээ бич.
 
Түүний бяцхан хөлийг үнэрлэхэд энэ орчлонгийн хамгийн тансаг сүрчгийг энгэртээ цацсанаас илүүтэй баяр хөөрөөр бялхадгаа бич. Ганганан ганганан мөөмөө эрж энгэрт чинь асахдаа жижигхэн нүдэнд нь хайр ундарч буйг хараад хэчнээн их догдолдгоо ч бас бич.
Живхийг нь солих гээд өлгийг нь задлатал нүүр өөд чинь шээчихсэн яг л энэ хөгжилтэй хормыг мартахгүйн тулд бич. 
 
Сургуульд орсон хүүгийнхээ хичээлийг давтуулах гэтэл “Яагаад”-ын буман асуултанд хариулах гэж толгой өвтгөснөө ч бас бич. Ханын цаасан дээр таныг, ханийг чинь, бас өөрийгөө дүрсэлсэн “уран зураг”-ийг нь хараад уурлах биш харин хайрлаж өхөөрдсөнөө ч бас бич. 
Таны бичсэн захидал үрийн тань насан туршийнх нь хамгийн хайртай “ном” байх болно. Үргэлж хайр мэдрүүлэх гал дөлийн голомт нь байх болно. Үрдээ захидал бичээрэй. 
 
Монголхатагтай 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл