Наран налайсан наймдугаар сарын эхээр манай сурвалжлах багийнхан тариан түрүү халиурсан шаргал талын дундуур төмөр хүлгийн жолоог сойн явсаар Шиньжянгийн Жинь шяны Толь суман дахь Цагаанмодон тосгоны малчин Кэнзээгийнд хүрлээ .
Гаднаас нь харахад л бэл бэнчинтэй айл гэдэг нь илэрхий .
Кэнзээ гуай уртын дуу сайхан дуулдгаараа хол ойр алдартай. Сайн адуучин, үлгэр жишээч малчин гэдгээрээ ус нутагтаа хүндтэй . Кэнзээ гуайг бага балчир ахуйд аав нь бурхан болсноор хатуухан өдөр хоногуудыг ээж, хоёр ахынхаа хамт туулж өсөөд дөнгөж бага сургуулиа төгсмөгц малчин болов. Ийнхүү дөрвөн жил гаруй ээж, ах нартайгаа хамт нэгдлийнхээ хонийг хариулж байгаад тааж хэлэмгүй амьдралын эрхэнд арван наймхан настайдаа нэгдлийн адуучин болж, 38 хавар намрыг элээжээ. Багаасаа морь сайн унадаг, бугуйл сайн хаядгаараа тосгондоо цуутай байсан нь түүнийг адуучин болох хувь заяанд хөтөлсөн юм. Тухайн үед арван наймхан настай байсан Кэнзээ нэгдлийнхээ 12 азарга адууг ганцаараа хариулж байсан гэхэд итгэмээргүй санагдана. Хаврын хар хавсарга, өвлийн өрц хайрам хүйтэнд ч тэрээр ганцаархнаа адуун сүргээ тогтоож, өнчин унаганы хохиролгүй нэгдлийн сүргээ малладаг байжээ.
-Тухайн үед нас балчир байсан тул шөнийн цагаар адууны манаанд явахад их айдаг байж билээ. Гэвч мөрөндөө авын буу үүрч байна гэж бодохоор айдас мань арилдаг. Ингэж л авын буугаар хань болгож явахдаа мөн ч олон унагыг боохойн амнаас аварч байсан хэмээн Кэнзээ гуай хуучилж байлаа.
Хар багаасаа хал үзэж хатуужсан Кэнзээ нэгдэл адууг өсгөх үүргээ хэдэн жил дараалан давуулан биелүүлж сайн морьдоор шагнуулж байсан бөгөөд мөн өөр газраас жороо азарга авчран сүрэгтээ тавьж, адууныхаа удам угшлыг сайжруулан, олон сайхан жороо морьтой болж, “ Сайн адуучин ” гэдгээ ард олондоо таниулжээ.
- Машин унаа ховор байдаг тэр үед Жөү, Шяны дарга нар ч морь унадаг байлаа. Миний сургасан жороо морийг сайн унадаг байсан, тэр үед жороо морь унаж байна гэдэг чинь одоогийн “Benz” машин унаж байхтай адил хэмээнэ .
1985 хамтын хөрөнгийг хувьд өмчлүүлэхэд Кэнзээ гуайнхан 70 гаруй адуу өмчлөн авч, 1990 онд хэсэг адуугаараа үхэр болон бог малаар солин авч хувийн амьдралаа босгон, гэр бүл болж, 2 охин 2 хүүгээ өлгийдөн авсан аж.
Ардын нэгдлийн адуучин байсан Кэнзээ өрх толгойлсон эцэг хүн, эзэн хүний амьдрал ийнхүү эхэлжээ. Тэрбээр нэгдлийн үед нойр хоолгүй зүтгэн хөдөлмөрлөж, мал маллах арга туршлагыг багагүй хуримтуулж, хэдхэн жилийн дотор нутагтаа цуутай сайн малчин болж, 1997 онд Шиньжян уйгуурын өөртөө засах орныхоо шинжлэх ухаанчаар мал малжсан “ Хөдөлмөрийн жишээч ” -ээр үнэлэгджээ. Түүнийг “ Хөдөлмөрийн жишээч ” –ийн хүндэт одноор шагнуулахад, ээж нь “ Миний хүүгийн зориг барьж ажилласан хүч хөдөлмөрийн хариу шүү” гээд эрхгүй баярын нулимсаа унагаж байсан гэдэг.
Сайны ерөөлтэй малчин удмын үр саат болсон Кэнзээ гуай мал сүргээ “ Есөн эрдэнэ ” мэт дээдэлдэг эднийхэнд ч малын буян хурж, саяхан болтол 400 гаруй адуу, 200 гаруй үхэр,1000 гаруй хоньтой байсан бол бэлчээр нутаг давчуугаас болж адуу өсгөхөд бэрхшээлтэй болсноор зөвхөн унах хэдэн морио үлдээн, бусад нь худалдаж, оронд нь сарлаг худалдан авчээ. Одоо хүрэхэд Кэнзээ гуай адуу нь цөөрсөн боловч, бусад мал өнөр өсөж, 200 гаруй сарлаг, 80 гаруй үхэр, 600 гаруй бог малтай болж шяныхаа толгой баянаа баталсаар явна. Кэнзээ гуай гэргийн хамт нас дээр болсноос суурьшилдаа сууж, хоёр хүү нь мал сүргээ өнөр өсгөж явна.
- Би 30 гаруй жил адуучин явсан хүн, харин өнөөдөр азарга адуу ч үгүй болно гэж санасангүй явжээ. Бэлчээр нутаг давчуугаас аргагүй л адуунаасаа салсан юм. Морь, Монгол хүн хийморийг босгодог амьтан, одоо ч гэсэн морь харвал сэтгэл минь сэргэдэг гэж Кэнзээ гунигтайхан өгүүлнэ.
Тийм дээ, насныхаа талыг адуутай хамт холбож явсан энэ буурлын сэтгэлд хэлж гарахгүй хатуухан гуниг хурж явна. Гэвч Кэнзээгээс хэн ч авч явж, ямар хязгаарлалд үл өртөх бас нэгэн төрөлх авъяас байдаг.
Үеийн үед, үрийн үрд ам дэмжин дуулагдсаар ирсэн торгууд ардын уртын дуугаа Кэнзээ гуай гайхалтай сайхан дуулдаг бөгөөд олон ч дуу мэгддэгээрээ “Сайн дуучин” цолтой. Түүний ээж нь тухайн үед нутаг усандаа нэртэй сайхан дуучин хүн байсан юм. Удам дагаж, авъяас өвлөдгийн учир Кэнзээ гуай ээжийнхээ авьяасыг авч төрсөн бөгөөд анхны багш нь ч ээж байж, хүүгээ багаас нь хоолой сайтай байдгийг мэдсэн ээж нь торгууд ястныхаа далай их соёлын өв болох уртын дууг заажээ. Тэрбээр ээжээсээ сурсан уртын дуугаа адуундаа явахдаа аялж явж, эзгүй хээр ганцаарддаггүй өнгөрөөдөг.
-Морь дээр гарахад сэтгэл сэргэж , дуу дуулмаар санагддаг юм , сайхан дуу аялах нь хүний сэтгэлийг сэргээдэг. Тэгж л дуулсаар явж, нэг л мэдэхэд дуучин хэмээх алдрыг ардаасаа авсан юм хэмээн тэрбээр ярьж байлаа .
Тус нутгийн ахмад урлагчин Цүлтэм гуайн бүртгэснээр Жинь шянд дуулагддаг торгууд уртын дуу 550 гаруй байдаг бол Кэнзээ гуай 213 дуулж чаддаг. Тэрбээр ээжээсээ 30 гаруй уртын дуу сурч, бусдыг нь нутгийн буурлуудынхаа дуулж байхыг сонсож байгаад өөрөө сурсан гэдэг. “Соёлын хувьсгал”-гийн нөлөөнөөс болж уртын дууг дуулахыг цээрлүүлснээс 10 гаруй жил тасалдсан одоо болж ирэхэд энэ нутагт торгууд уртын дууны ая түрлэг, нуглааг бүрэн гаргаж чаддаг Кэнзээ гуай шиг хүн цөөн хэд байдаг .
Кэнзээ гуай торгууд уртын дууныхаа урын сангаас өв хүртэж явсны хариуд 1999 онд Шилийнхотод болсон найман муж орны уртын дууны уралдаанд 3-р байранд орсноос гадна маш олон дууны уралдаан оролцож, олон шагналаар энгэрээ мялаалгаж байжээ. Мөн түүний дуулсан 50 гаруй уртын дууг Монгол улсаас судлаач ирж эмхтгэн авч, “ Баруун Монгол ардын дуу хөгжим ” хэмээх номд оруулжээ.
Ардын язгуур урлагаа өөрийн биеэр өвлөн авч яваа тэрбээр одоо шяныхаа “Уртын дууны нийгэмлэг”-ийн гишүүнээр ажиллаж бий бөгөөд 300 гаруй шавь хүмүүжүүлээд байна .
Эцэг өвгөдийнхөө эртний ёс заягийг дээдэлж, эгэл даруухан малчин заяанд шүтэж, ардын урлаг соёлынхоо амьд толь болсон энэ бууралтай ярьж суухад наран уул цаагуур орж, маргааш улам гэгээтэй болох мэт санагдлаа. Бидний ярилцлага дуусахад Кэнзээ гуайн ээжээсээ хамаг анх сурч байсан “Цагаан аман дээрээ гарахлаар” хэмээх торгууд уртын дууг дуулж , аян ганзагыг мань мялааж билээ. /Нийтлэл/Зураг: М.Банди /
