Чоно компани нь анх 1992 оноос бизнесийн гараагаа эхэлсэн. Энэ цагаас хойш үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлсээр өнөөдрийн байдлаар үл хөдлөх хөрөнгийн жуучлал, уул уурхай, зочид буудал, тээвэр зуучлал, мод боловсруулах үйлдвэр, бизнесийн зориулалт бүхий талбайн түрээс, үзэсгэлэн худалдаа, хөдөө аж ахуй, газар тариалан болон бусад салбарт хөрөнгө оруулалт хийн 19 дэх жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. 2010 оноос группийн зохион байгуулалтанд орж толгой компани буюу төв оффисийн багаар удирдуулсан 11 салбар компанийн 1000 гаруй ажиллагсадтайгаар МУ-ын бизнес эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байна.
10-р сарын 24-ний өдрийн үдээс өмнө Чоно группийн зохион байгуулсан “Төслийн хөрөнгө оруулагчдын танилцуулга өдөрлөг”-ийн нээлтийн арга хэмжээ BLUE SKY зочид буудалд амжилттай болов. Уг нээлтийн арга хэмжээ нь нийт хоёр хэсгээс бүрэлдэж, эхний хэсэгт нь Чоно группийн урилгаар уг арга хэмжээнд хүрэлцэн ирж оролцсон хамтрагч байгууллага нэгжийн зочдын илтгэлийг танилцуулж, хоёр дахь хэсэгт нь Чоно группээс танилцуулж байгаа хоёр төслийг фильмээр танилцуулсан байна. Нээлтийн ёслолд Чоно группийн гүйцэтгэх захирал Э. Агаар илтгэл тавив. Тэр илтгэлдээ: -Хятад улс нь Монгол Улсын төдийгүй манай Чоно группийн гол чухал түншийн орон юм. Чоно групп нь арваад салбарт бизнес эрхэлж байгаа бөгөөд Хятадын олон аж ахуйн нэгжүүдтэй бизнесийн харилцаатай юм. Манай группийн үйл ажиллагаа цаашид улам өргөжин тэлж, шинэ түншлэлийг бий болгох зорилготой энэ өдрийн арга хэмжээг зохион байгуулж байгаа ба уг арга хэмжээгээр бид Чоно группийн боловсруулж байгаа төслөө танилцуулах болно гэв.

Уг арга хэмжээн дээр Монгол- Хятадын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын шийдвэрээр МУ-ын Үндэстний Худалдаа Аж Үйлдвэрийн танхмын гадаад харилцаа хөрөнгө оруулалтыг дэмжих хэлтсийн дарга хатагтай н.Оюунгэрэл Монгол, Хятадын хамтын ажиллагааны тухай, МУ-ын хөрөнгө оруулалтын орчин, хууль зарчмын чиглэлээр МУ-ын Хөрөнгө Оруулалтын Газар, Хөрөнгө Оруулалтын Үнэлгээний хэлтсийн дарга н.Алтантуяа нар илтгэл тавив.


Бэлтгэсэн : Шинэцэцэг, Хавар
