Өвөр Монгол орны алдарт Доронго эрдэмтний найруулан бичсэн “Монгол үндэстний утга зохиолын материалын эмхтгэл” хэвлэгдсэнийг тэмдэглэх онолын бага хурал 7 дугаар сарын 24-ны өдөр Өвөр Монголын Нийгмийн шинжлэх ухааны академид боллоо. Өвөр Монгол орны монгол уран зохиол судлаачдын чухал гарын авлага болж байсан бөгөөд олонх эрдэмтдэд монгол уран зохиолын “Зуун билэг” хэмээгдсэн Өвөр Монголын Нийгмийн шинжлэх ухааны академид дотоод материалаар 9 ном хэвлэгдээд 50 гаруй жил болж байгаа тус номын эмхтгэлийг Доронго эрдэмтний 92 насны өндөр хутаг зооглосон мөчид тэр хэвээр нь илээр гурван ботийг хэвлүүлэн тархаасан байна.
Доронго эрхэм 1948 онд Лү Шюнь нэрэмжит Утга урлагийн дээд сургуульд суралцаж байхдаа Үндэстний утга зохилын замыг эхлүүлж 1958 оноос Өвөр Монголын бүх газраар тойрон ардын аман зохиол, эртний ном бичгийг эрж хайж цуглуулан, 1963 онд “Монгол үндэстний утга зохиолын материалын эмхтгэл”-ийн нэгдүгээр дэвтрийг хэвлүүлснээс хойш 1981 оныг хүртэл нийт 9 дэвтэр хэвлүүлсэн байна. Эдгээр ном нь Доронго эрдэмтний 20 гаруй жилийн туршид хээр хонож хэц дэрлэн, өлсөж ундаасахаа умартан байж ардын цэцэн билэг өв соёлыг хямгадан цуглуулах халуун сэтгэлийн үр бүтээл юм.
“Монгол үндэстний утга зохиолын материалын эмхтгэл” ( гурван бодь ) бүтээлд монгол үндэстний ардын аман зохиол болох баатарлаг тууль, шидэт үлгэр, ардын дуу, домог, үлгэр, холбоо, ерөөл, магтаал, зүйр цэцэн үг, хуурын үлгэр, үлгэрт дуу зэрэг олон сэдэв, мөн орчин үеийн утга зохиолын бүтээлийг хамарсан байна. Өвөр Монголын Нийгмийн шинжлэх ухааны академийн утга зохиол судлаач Б.Бөхчулуу:
- Тус номыг дотоод материалаар хэвлүүлээд гучаад жил болсон болохоор 9 дэвтрийг бүрэн бүтнээр нь олоход маш хэцүү. Хятад улсын дотоод, гадаадын уран зохиол судлагчдын үргэлж эрж сурдаг сурвалж материал болсон учир бид түүхт материалыг ямар ч өөрчлөлтгүй тэр хэвээр нь хэвлүүлсэн билээ. 1.6 сая үгтэй тус бүтээл нь эрдэм шинжилгээний маш их үнэ цэнэтэй, утга зохиол судлах чухал эх материал болно гэж хэллээ.
Өвөр Монголын их сургуулийн профессор Эрдэнэхад:
- Би тус номтой танилцаад 30 гаруй жил болж байна. 1986 онд Өвөр Монголын Багшийн их сургуульд магистр суралцаж байхад тус сургуулийн номын санд иж бүрнээрээ хадгалагдаж байсан бөгөөд дотоод хэвлэл болохоор нь гадагш зээлүүлдэггүй үед нэгэн жижигхэн өрөөнд суугаад уншиж хуулан авч ашиглаж байлаа. Тэр үед энэхүү үнэ цэнэтэй номыг яагаад ил хэвлүүлдэггүй вэ гэж бодож байсан бодол маань 30 жилийн дараа биеллээ оллоо. Материал нь бол эрдэм шинжилгээний үр бүтээлийн суурь болдог. Тус гурван боть номд 305 зохиол сонгогдон орж, уран зохиолын түүхийг бичихэд маш сайн материал болсон байна гэж хэлсэн юм.
Өвөр Монголын Их сургуулийн профессор Хүрэлшаа :
- Тус ном нь түүхэн голт чиглэлээр эртний утга зохиол, орчин үеийн утга зохиолын материалыг багтааж, домог үлгэр, домог яриа, дуудлага, ерөөл магтаал, тууж шастир, эртний дуу, явган үлгэр, шүлэг, өгүүллэг, баатарлаг тууль, хуурын үлгэр, холбоо, жүжиг, үлгэрт дуу зэрэг олон сэдвийг багтаасан. Одоо илээр хэвлэгдсэн нь монгол утга зохиол, соёлын хүрээн дэх баярт үйл явдал боллоо гэж ярьлаа.
