
Уранаа 60-аад оны сүүлээр Их Зуу аймгийн (Одоогийн Ордос хот) Үүшин хошууны Шарлаг суманд төржээ. 1990 онд Шанхайн Дуу хөгжмийн дээд сургуульд элсэн орж, ёочин хөгжмөөр мэргэжил эзэмшин 1994 онд Герман улсыг зорин очиж, уран бүтээлийн ажил, үндэстний соёлын ажлыг хийжээ. Мөн дэлхийн улс орнуудаар тайлан тоглолтоо хийж, "Замаар", "Хөдөөд", "Тэнгэрийн шувуу", "Тал нутаг" зэрэг олон сайхан уран бүтээлийг амилуулсан байна. 2003 онд Германы хамгийн том дуу хөгжмийн наадамд "Дэлхийн үндэстний уран бүтээлч" шагналаар мялаалгаж билээ.

Тоглолтын үеэр
Энэ удаа Иран, Франц, Польш зэрэг улс орны нэртэй хөгжимчин уран бүтээлчдийг нутагтаа урьж, Ордос хотод "Тэнгэрийн шувуу" нэртэй том концертыг хийсэн байна.
"Хээрийн шувуу нисээд хүрэхгүй газраас хүний хүү эрдэнэ өвөрлөөд ирнэ" гэдэгчлэн Уранаа энэ удаа урлагийн шидтэй Ордос нутагтаа их олон эрхэм бэлэгтэй хүрч ирсэн байна. Авьяаслаг бүсгүй минь урлагт хөл тавьсан 25 жилийн турших олон сайхан уран бүтээлээсээ хамгийн содон арван дууг сонгон толилуулж, улсын дотоод гадаадад тоглолтыг шууд нэвтрүүлсэн билээ.
"Олон дуучид хоолойгоороо дуулдаг. Харин Уранаа сэтгэлээсээ дуулж Ордос ардын дуугаа дэлхийн хүмүүсийн сонорт хүргэж явдаг" гэж түүний үнэнч фенүүд нь үнэлдэг.

Уранаа аав ээжийн хамт
Тэрээр хаа хол харийн нутагт амьдарч явсан ч өөрийн төрж өссөн өлгий нутаг, аав ээж, нутгийн олноо огт мартаагүй. Уранаа урлагт сонирхолтой амьдрал нь хүнд хүүхдүүдийг олон удаа дэмжиж, урлагийн аянд нь урам зориг хайрлаж явсан билээ. Энэ удаа ч дуучин бүсгүй маань гурван сурагчид дэмжин тусалсан байна. Уранаа 4 дүгээр сарын 14-нд Ордос хотын Монгол үндэстний дунд сургуульд “Урлагийн аян” сэдэвт илтгэл хийв. Тэрээр өөрийн урлагийн аян дахь үлгэр түүхээ ярин, хүүхэд багачуудад өөрийн ирээдүйгээ өөрөө бүтээх, өөрийнхөөрөө байх, өөрийн байгаа зүйлдээ итгэлтэй байх, үндэстнээ эрхэмлэх зэргийг сануулан ярьсан байна.
Тэрээр: - Замаа зөв эхлүүл. Хүн бүхэнд өөрийн гэсэн зам бий. Та нар замаа өөрөө бүтээж үз, хайж үз. Хичээл зүтгэлтэй, бүтээлчээр амьдрах замыг сонгож хатуужилтай чармайх хэрэгтэй. Аяны харгуй мэдээж дардан биш, энхэлдонхолтой, саад бэрхшээлтэй. Замаа бүтээхэд итгэл зориг гайхамшигтай тус болно гэв.
Мөн үндэстнээ эрхэмлэх тухайд: - Нэг улс үндэстний хөгжилд үндэстэн хамгийн чухал. Адилхан нэг хүнд ч үндэстэн чухал. Хаана явсан ч өөрийн үндэстнээ эрхэмлэж яваарай. Үндэс хэдий бат бэх бол салаа намаа нь төдий нягт сахлаг байдаг. Бидний үндэс юу вр? Бидний үг хэл, үсэг бичиг, бидний уламжлалт соёл урлагийг хэлнэ. Бид хэзээ ямагт өөрийн зүйлсээрээ бахархаж явах хэрэгтэй гэжээ.
Тийм ээ, Уранаа харийн улсад ч гэсэн өөрийн цэвэр монгол хэлээрээ Ордос ардын дуугаа дуулж, Ордос ардын дуугаараа бахархаж явдаг хүний нэг билээ.
Уранаагийн дууг сонсоход энгүй орчлонгийн хязгааргүй орон зайд орсон мэт сэтгэл зүрхийг эзэмддэг бөгөөд түүний уужим тэнүүн эгшиг дуунд нь хөдөө тал бүхэлдээ багтсан мэдрэмж төрүүлдэг. 4 дүгээр сарын 15-ы өдөр Уранаа өөрийн гадаад улс дахь хамтлагийн нөхдөө дагуулж, Ордосын хүрэл хэрэгслийн музейг сонирхон үзэж, англи хэлээр сайхан ярьж, Ордос нутгийнхаа түүхэн зүйлсийг гадаад хүмүүст тайлбарлаж таниулж өгсөн байна. Дараа нь Ордос ардын дууны үйл ажиллагаа зохион байгуулж, Ордос ардын дууны тухай тайламж хийв.
- Ордос ардын дуу маш баялаг, амьд хүчтэй байдаг. Байгальтайгаа ойрхон явдаг хүмүүс их баясгалантай сайхан байдаг. Дуу гэдэг хүн болон сүнсний хоорондох оньс, дуулж явдаг хүн хэзээд баяртай байдаг юм. Дуу урлаг бол надаас салж болшгүй хувь барилдлагатай, сэтгэл санаа тайвшрахад их хүчтэй, их нээлттэй, хил хязгаарт хаагддаггүй. Дуу хүн хүний хооронд үгээр хэлж чадахгүй зүйлсийг бас илэрхийлж, харилцаж чаддаг. Тэгвэл би бас нэг хэсэг гайхалтай сайхан уран бүтээлчидтэй хамтран ажилласан. Намайг төрүүлсэн аав ээж, төрсөн нутаг Ордос, Ордосын олон түмэн, энгүй сайхан эх байгальдаа хүндэтгэл дэвшүүлэн талархаж байгаа сэтгэлээ илэрхийлье” гэв.
Уранаа-Энэхүү язгуур урлагийн нандин өвийг байгаагаараа уламжилж, тэнгэрлэг урлагийн сүр жавхаа нь хорвоод ганцхан байдаг Ордос ардын дууны ид шидийг дэлхий дахинд таниулж явсан байгаль эхээс заяасан тодоос тод, цээл сайхан хоолойтой том од билээ. Урлагийн ертөнцийн өндрөөс өндөр амжилтыг хүсэн зөгнөж байна.
