solongonews
Шавийн алдар миний бахархал
2016-12-21 16:04
Боловсрол судлалын ухааны доктор Ц.Оюунгэрэл

        

Хятад, Монголын хамгийн том боомт хот болох Эрээнхотод аж төрөн ажиллаж, амьдардаг цөөнгүй монгол иргэд бий. Тэдний нэг, ардын багшийн аугаа үйлсийн төлөө хөдөлмөрөө зориулан зүтгэж яваа Цэрэндоржийн Оюунгэрэл багшийг онцоллоо. Өвөр Монголын Багшийн Их сургуулийн Эрээн хотын Олон улсын дээд сургуультай танилцах, мөн боловсрол судлалын ухааны доктор Ц.Оюунгэрэл багшийн заах арга барилтай танилцахаар зорьж очсон юм.

Ц.Оюунгэрэл багш Өвөр Монголын Багшийн Их сургуулийн Эрээнхот дахь Олон улсын дээд сургуулийн боловсролын салбарт зочин профессороор хоёр дахь жилдээ ажиллаж байна. Анх 2014 онд Өвөр Монголын Багшийн Их сургуулийн урилгаар Монгол Улсын Боловсролын Их сургуулиас томилогдон ажиллажээ.

Дулаан уур амьсгалтай, агаарын бохирдол, машины түгжрэл багатай, нам гүм, иргэдийнх нь амьдрал ахуй тайван амгалан Эрээнхот Оюунгэрэл багшийн хувьд эх орноосоо хол зайдуу, хилийн гадна байгаа гэсэн сэтгэгдэл төрүүлдэггүй гэнэ. 

Өвөр Монголын Багшийн Их сургууль, Монгол Улсын Боловсролын Их сургууль хоорондоо боловсролын салбарт 30 гаруй жилийн хамтын ажиллагаатай. Сүүлийн жилүүдэд энэхүү хамтын ажиллагаа улам эрчимтэй гүнзгийрч, цар хүрээ нь өргөжин тэлсээр байна. Нэгэн тод жишээ дурдахад, тус сургуулийн боловсролын танхимаас сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд боловсрол олгох мэргэжлээр МУБИС-тай хамтарсан “2 + 2 чадвартан хүмүүжүүлэх хөтөлбөр ”-ийг хэрэгжүүлсэн юм. Энэхүү ажлын хүрээнд Монгол Улсаас багш урьж хичээллүүлэх болсон. Тус хамтран ажиллах төслийн хүрээнд Ц.Оюунгэрэл энэхүү салбарт бага насны хүүхдийн боловсролын ухаан, сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролын удирдлага менежмент, заах аргын хичээлүүд орох болсон байна. Ц.Оюунгэрэл багш:

- Одоо 1-ээс 4 дүгээр ангийн нийт 120-иод Өвөр Монгол оюутанд хичээл орж байна. Сургуулийн нөхцөл боломж сайн, орчин тойрон ая тухтай, мөн сургуулийн удирдлагын зүгээс гадаад багш нартаа тавих анхаарал халамж сайн учраас бид маш сэтгэл хангалуун байна гэж ярьж байлаа. 

27 жилийн ажлын туршлагатай Оюунгэрэл багшийн хувьд шавь нар нь аль нутгийнх байх нь хамаагүй. Өвөр Монголын олон аймаг, хотоос очсон сурагчдын хэл авиа, аялга яриа нь ондоо. Оюутны эхний жилд багш шавийн ойлголцол тааруухан байдаг нь мэдээж. Өвөр Монгол оюутны хувьд анх удаа монгол багшийн хичээлд сууж халх аялгаар мэдээлэл хүлээн авч байгаа учраас багшийн зүгээс Өвөр Монгол сурагчдад зааж ойлгуулахын тулд наанадаж үгээ удаан хэлэх шаардлагатай болдог. Хоёрдугаар ангид ороход багш шавь нар нэгэнтээ саадгүй ойлголцох болсон байдаг. Дараа нь тус сургуулийн хамтран ажиллах төслийн дагуу Монгол Улсын Боловсролын Их сургуульд хоёр жилийн сургалтанд сууж баклаврын цол хамгаалдаг. Ц.Оюунгэрэл:

- Анх оюутан болж буй хүүхдүүд аав ээж, ар гэрээ их санадаг. Надад нэг сонирхолтой зүйл ажиглагдсан юм. Хүүхдүүд гэрээ санахаар их иддэг, хичээл орохоор сургуульдаа дандаа боорцог авчирна. Ер нь их сургуулийн нэгдүгээр ангид оюутнууд их идэж, жин нэмэх хандлагатай байдаг. Харин хоёрдугаар ангид орох үедээ ялангуяа, эмэгтэй сурагчид энэ тал дээр анхаарч, гоо сайхандаа санаа тавьж, жин барьдаг нь анзаарагддаг. Бас нимгэн хувцаслаж амархан ханиад хүрнэ. Энэ үед багшийн зүгээс эрүүл амьдралын дадлыг зөвлөж байх ёстой. Багш хүн зөвхөн хичээл заахаас гадна  бас аавын оронд аав, ээжийн оронд ээж болох ёстой. Зүрх сэтгэлийг нь мэдрэн урам зориг өгч байх тусам сурагчид амьдралдаа итгэлтэй болж, хичээлдээ улам шамдана. Хүн гэдэг сэтгэлийн амьтан шүү гэж ярьж байлаа.

 Оюунгэрэл багш мөн Монгол Улсын болон Өвөр Монгол оюутны зан чанарын хувьд бага зэрэг ялгаа зөрүү ажиглагдсан тухайгаа сонирхуулсан юм. Өвөр Монгол оюутан Монголын оюутныг бодвол бүрэг ичимхий, асууж сурах тал дээр төдийлэн нээлттэй биш учир гадаад багшийн хувьд тэдний бас онцлогт нь тохирсон заах арга шаарддаг. Сурагчидтай нэг бүрчлэн  хичээлээ ойлгосон эсэхийг нь асууж байхгүй бол тэд багшаасаа хэзээ ч асуухгүйгээр өнгөрөх магадлалтай. Энэ байдлыг ажиглаж мэдсэн Оюунгэрэл багш сурагчдынхаа зан аашинд тохируулан зааж сургахыг хичээж ирсэн байна. Тэрээр “Үртэй минь ялгаа юу байхав? Аав, ээжийнхээ санаж сарвайж явдаг алаг үрс нь” гэж бодон сэтгэлээ зориулж явсан нь талаар болоогүй ээ.

    Сургуулийн өмнөх насны хүүхдэд боловрол олгох багшийн мэргэжлийн хоёрдугаар ангид нийт 43 оюутан сурдаг. Тэд “2+2 чадварлаг боловсон хүчин бэлтгэх хөтөлбөр”-ийн дагуу эхний хоёр жил тус сургуульдаа хичээллэж дараагийн хоёр жилдээ Монгол Улсын Боловсролын Их сургуульд суралцах болно. Өвөр Монголын өөр өөр аймаг, хотуудаас хүрэлцэн ирсэн шавь нарынх нь нутаг усныхаа ёс заншил, ахуй амьдралыг судалгааны сэдэв болгон дипломын ажлаа гүйцэтгэсэнд Оюунгэрэл багш сэтгэл хангалуун, бахархал дүүрэн явдаг. Оюутнууд “Монгол хурдан морийг бага насны хүүхдэд унуулж сургах”, “Үзэмчин нутгийн дээл хувцасны судалгаа”, “Ар Хорчин ардын дуу”, “Хянган аймгийн сүм хийдийн судалгаа” зэрэг монголчуудын соёлын өвийг түгээх үр өгөөжтэй сэдвийг хөндөж, боломжийнхоо хэрээр гар бие оролцон хөдөлмөр гаргаж бүтээсэн байна.

 Оюунгэрэл гурван хүүхдийн ээж, нөхөр нь мөн тус сургуульдаа багшилдаг. Том хүү нь Улаанбаатар хотын нэгэн дээд сургуульд, дунд хүүхэд нь Өвөр Монголын Багшийн Их сургууьд суралцдаг. Бага охин нь Эрээнхотын Монгол Үндэстний сургуульд сурдаг. Оюунгэрэл Хятад соёлыг хүндлэн сонирхдог. Түүнчлэн ойр зуурын хятад үг сурсан төдийгүй боломж олдвол илүү сайн сурах бодолтойгоо хэлж байсан юм. Ц.Оюунгэрэл:

- Өнөөдрийн хүүхэд ирээдүйд төр гүрний багш болно. Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг хүмүүжүүлэх багш нарт суурь мэдлэг боловсрол олгож өгч байгаадаа баяртай байна. Багш хүн шавиараа бахархана. Монгол оронд минь хамгийн ойрхон боомт хотод ажиллаж, амьдарч байгаа хэдий ч аав, ээж, хамаатан садантайгаа тэр бүр уулзаж чаддаггүй. Энэ дашрамд, эх орондоо байгаа аав, ээж, хамаатан садандаа мэнд хүргэж байна. Мөн монгол орны өнцөг буланд байгаа шавь нартаа, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн хамт олондоо амжилт хүсье.

       "Шавь нарыг минь алдаршуулж өгөөрэй" гэж найдаж байсан Оюунгэрэл багшийн яриаг дахин санаж, "Бүх алдрын дотроос багшынхтай дүйцэх алдар ховор" гэдэг мэргэдийн үгээр үзгийн жолоо татаж байна.

 

Б.ХҮҮДҮҮТ

Найруулагч: huuduut
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл