solongonews
Дадал зуршил хувь заяа болдог
2018-06-06 16:29
Өнгийн цэцэгс дэлбээлсэн үзэсгэлэнт сайхан зун цагаар “Танил дотно Өвөр Монгол” булангийн маань шинэ дугаарт нэгэн сайхан уран бүтээлч, Өвөр Монголын Урлагийн дээд сургуулийн Найрал дууны сургуулийн багш, төгөлдөр хуурч Б.Оюунгэрэл оролцлоо.

      Түүнийг энэ оны 06-р сарын 19-ний өдөр бие даасан тоглолтоо хийхээр бэлдэж байхад нь уулзсан юм. Мэндийн сайхан үгсээ солилцон уулзсан төгөлдөр хуурч маань хамгийн сүүлд 2014 онд өөрийн бие даасан концертоо Монгол Улсын Филармоний танхимд хийсэн цагаас хойш одоо 06-р сарын 19-нд Урлагийн дээд сургуулийнхаа тоглолтын Их танхимд тоглохоор бэлтгэж байна. Тэрээр төгөлдөр хуур сонирхдог хүүхэд залуучууд, оюутнууд, төгөлдөр хуурт дуртай хүмүүсийн хамгийн хайрладаг зохиолч болох Польшийн нэрт хөгжмийн зохиолч Фридерик Шопений зохиолыг тоглохоор зэхэж байна. 2014 онд Улаанбаатар хотноо зохиогдсон Шопений нэрэмжит “21-р зуун ба Монгол“ нэртэй тэмцээнд БНХАУ-ын Шанхай хотоос Шанхайн хөгжмийн дээд сургуулийн профессор, мөн Польшийн Хөгжмийн дээд сургуулийн профессор зэрэг олон улсын шүүгчид, Монгол Улсын Консерватурын багш нар бүхий шүүгчидтэй наадмын Гурав дахь удаагийн уралдаанд Тусгай байр эзэлж байсан аж.

    Тэр үед тоглож байсан зохиолууд дээрээ нэмээд одоо Шопений уран бүтээлүүдийг тоглохоор бэлдэж байна. Энэхүү танхимд өмнө нь Монгол Улсын уран бүтээлчид ардын хөгжмөөр уран бүтээлээ өргөж байсан боловч сонгодог урлагийн чиглэлээр төгөлдөр хуурчид, хийлчид ихэвчлэн Бээжин, Шанхай, эсвэл Европт төгссөн залуучууд концерт, тоглолтоо хийдэг байна. Харин Монгол Улсаас анх удаа 2003 онд төгөлдөр хуурч С.Саянцэцэг бие даасан тоглолтоо зохион байгуулж байв. Түүнээс хойш Монгол Улсын төгөлдөр хуурч энэ танхимд огт тоглож байгаагүй бөгөөд хоёр дахь удаагийнх нь тоглолтыг төгөлдөр хуурч Б.Оюунгэрэл хийх гэж байгаа нь энэ юм. Тэрээр 2004-2005 онд Хөххотод ажиллаж байгаад дараа нь 2015 оны 12-р сараас Эрээн хотод шинээр байгуулагдсан Өвөр Монголын Багшийн Их сургуулийн шинэ салбарт хоёр жил шахам ажиллажээ. Ингээд 2017 оны 09-р сараас хойш Өвөр Монголын Урлагийн Дээд сургуульд ажиллаж байна. Өмнө нь оюутнуудтай ажиллаж байсан бол одоо тусгай мэргэжлийн дунд ангийн хүүхдүүдэд хичээл орж буй. Төгсөгчдийнх нь ихэнх нь Бээжин, Шанхай, Америк, Европ, Монгол Улсад сургуульд элсэн суралцаж байгаа, төгсөгчдийн чанар чансаагаараа Өвөр Монголдоо маш дээгүүр жагсдаг энэхүү сургуульд түүний дааж авсан анги таван жилийн дараа төгсөнө.  

   Б.Оюунгэрэл Хятад улсад хамгийн анх 2001 онд Бээжингийн Урлагийн Их сургуульд Америкийн Жина Бахауэрийн нэрэмжит Олон улсын тэмцээний нэгдүгээр шатны шалгаруулалтад оролцохоор очиж тоглож байв. Тэр үед төрсөн анхны сэтгэгдэл нь асар том сургуулийн онцгой сайхныг гайхаад буцаж байсан гэх. Ингээд Өвөр Монголд ихэнхдээ Бугат, Хөххотод ажиллах болсон ба хамгийн сүүлд Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошуунд бүх Өвөр Монголын хэмжээнд морин хуурын тэмцээнд оролцсон байна. Б.Оюунгэрэл:

- Надад бол яг арван жилийн дараа эргээд ирэхэд Хятад улс болон Өвөр Монголын өөрчлөлт асар их мэдэгдэж байна. Жишээ нь, БНХАУ-ын Засгийн газраас Өвөр Монголын соёл боловсролд маш ихээр анхаарч ажиллаж байгаа нь бүх талаар мэдрэгдэж байна. Ер нь амжилттай сайхан суралцахын бас нэгэн гол эх үүсвэр бол материаллаг бааз шүү дээ. Хөгжимчин хүн сайн хөгжмийн зэмсэгтэй байвал илүү урам зоригтой байдаг. Тиймээс материаллаг баазын хувьд маш сайн, хангалттай. Мөн багш нарын арга барилын хувьд нэлээн дэвшилттэй, оюутнууд, сурагчидтай харилцах харилцааны болон заах аргын хувьд илүү орчин цагийн дэвшилтэт арга барилуудыг их нэвтрүүлсэн нь тод харагдаж байна. Энэ том үйл хэргийнх нь бас нэгэн хэсэг болоод соёл боловсролын салбарт бага ч гэсэн хөдөлмөр хүчээ зориулах боломж олдсонд баярлаж явдгаа манай сэтгүүлээр дамжуулан илэрхийлсэн юм. Тэрээр энэ жил Хятад улсад өөрчлөлт нээлт хийсний 40 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан энэ улсын өөрчлөлт дэвшлийн тухайд энгийн хүний нүдээр ямар харагдаж буй тухайгаа хуваалцлаа. Б.Оюунгэрэл:

  - Анх 2001 онд би Бээжинд очиж байсан. Түүнээс хойш жилдээ нэг удаа ажлын болон хувийн шугамаар ирж очин явахад ялангуяа, сүүлийн жилүүдэд Хятад улсын өөрчлөгдөж байгаа хөгжил дэвшлийн нөлөө маш их мэдэгдэж байна л даа. Би бол ганц зүйлээр л их тодорхой ойлгодог. Юу гэхээр эдийн засгийнхаа түвшингээр дэлхийд нэгдүгээрт Америк улс, хоёрдугаарт Хятад улс орж иртлээ маш хурдацтайгаар хөгжиж байна. Мөн бид ямагт л хөршүүд байх улсууд учраас хоёр хөршийн тухай мэдээ мэдээллүүд байнга л нүдэнд ил байдаг. Хятад улс 2035 он гэхэд дэлхийн дугаар нэг эдийн засгийн улс болох зорилго тавьсан гэж уншиж байсан. Үнэндээ бидний ажиллаж байгаа салбарт ч юм уу, бүх эд эс дээр энэ улсын Засгийн газрын шийдвэр хэрэгжиж байгаа нь харагддаг учраас их сайхан л санагддаг даа хэмээн ярьсан юм.

 Оюунгэрэлийн хувьд олон том хэмжээний уралдаан наадмуудад амжилттай оролцож, тэргүүний шагнал урамшууллууд хүртэж байсны дотор сэтгэлд нь онцгой дотно үлдсэн дурсамжаас нь бид мөн хуваалцлаа.  

- Мэдээж, Монголын маань уралдаан тэмцээнүүд сэтгэлд их тод байдаг.  Гадаад, дотоодод хамтдаа суралцсан найз нөхөдтэйгээ уралдаж, өрсөлдөж, уран бүтээлийнхээ туршлагыг, санал бодлоо солилцож явна гэдэг яах аргагүй сайхан мөчүүд. Уралдаан тэмцээнээр маш их туршлага олж авдаг. Миний хамгийн хэлэх дуртай, хайртай шагнал маань Төрийн шагналт, Ардын жүжигчин, Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг Ж.Чулуун гуайн нэрэмжит өсвөрийн хүүхдүүдийн тэмцээн. Бас мэргэжлийн хөгжимчдийн дунд зохиогддог Монголын нэрт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа гуайн нэрэмжит энэхүү хоёр тэмцээнд хоёуланд нь тэргүүн байр эзэлсэн. Үүнийгээ хаана ч хэлэхэд их сайхан байдаг юм. Түүнээс гадна, гадаад, дотоодын тэмцээнүүдэд амжилттай оролцсон нь ч бий, мөн туршлага хуримтлуулаад үлдсэн нь ч бий гэж дурсан ярьлаа. Улмаар Өвөр Монгол орон таны хувьд хэр танил дотно вэ, чухам яагаад гэсэн сэтгүүлчийн асуултад:

- Миний хувьд бол бүр хамгийн танил дотно орон гэж хэлж болно. Басхүү Улаанбаатар хоттой ойрхон болохоор ирж, очиход харьцангуй амархан. Тиймээс ерөөсөө гэрээсээ гарсан гэж боддоггүй байсан. Тэгтэл эргээд харахад 2015 оны 12-р сараас хойш нэг мэдсэн ийм хугацаа өнгөрчихсөн билүү гэж бодогдож байна. Бусад орнуудаар буюу Европын орнуудаар тэмцээн уралдаан, тоглолтоор дээд тал нь нэг сар хагас, бүтэн сараар ч гэсэн очиж л байсан. Харин бусад оронд Өвөр Монголд ажиллаж, амьдарч байгаа шигээ ийм удаан хугацаагаар байсангүй. Монгол хүмүүстэйгээ монгол хэлээрээ харилцаад хоёр гурван жил болчихлоо. Уг нь хятад хэл суръя гэж бодсон боловч ажлын зав чөлөө бас тийм ч хангалттай биш болохоор одоо хүртэл хараахан сайн сурч чадаагүй л явна. Хэдийгээр тийм ч гэсэн мөн л эх орондоо байгаа юм шиг монгол хүмүүстэйгээ монгол хэлээрээ харилцаад, монгол хэлээрээ хичээлээ заагаад тавтай тухтай амьдрах боломж тохиож байгаад би маш их баярлаж явдаг гэж ярьсан юм.

    Сэтгэлд дотно инээмсэглэл, чин сэтгэлийн яриагаараа хөдөлмөр бүтээлээ бидэнтэй хуваалцсан төгөлдөр хуурч Б.Оюунгэрэл маань бидэнд Польшийн алдарт хөгжмийн зохиолч Фридерик Шопений “Нэг минутын вальс” зохиолын хэсгээс тоглож сонирхуулсан юм. Элэгсэг дотно яриа, хөдөлмөрч шаргуу зан, эгшиглэнт хөгжмийн айзам хосолсон түүний амьдралдаа баримталж явдаг хэлэх дуртай үг болох “Дадал зуршил хувь заяа болдог” гэсэн үгээр уншигч таны оюунд сэтгэлийн өргөл өргье.

 

Зохиогч: Бэлтгэсэн: Э.ҮРЖИНХАНД
Найруулагч: Солонго мэдээллийн төв
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл