Өнгө өнгийн дээлээр гоёсон хүмүүс онцгой нэгэн үзэмж болон Үйлс буудалд хурна. 15 дахь удаагийн Хятад · Өвөр Монголын Тал нутгийн соёлын наадмын “Ариун түшигт амин сахиа · Үзэсгэлэнт сайхан гэр орон” монгол дууны билгийн хурал Хөххотод нижгэр сайхан боллоо.
Хурал нь үндэстний шилдэг сайхан өв соёлоо хамгаалж уламжлах болон үндэстний соёлын итгэлийг хөвчлөх, эх хэлний уран бүтээлийг дэмжин, монгол дууг дэлгэрүүлэх, урлагийн шилдэг уран бүтээлчийг хүмүүжүүлэх, монгол хэлний зохиолын дууны түвшинг дээшлүүлэх зэрэг олон зорилготой зохион байгуулагджээ. ӨМӨЗО-ы Намын хорооны ухуулах хэлтэс, ӨМӨЗО-ы Утга урлагийн холбоо санаачлан, Өвөр Монголын Дуучид хөгжимчдийн нийгэмлэгээс хариуцан зохион байгуулжээ.
Хуралд орны зэрэглэлийн алдарт хөгжмийн зохиолч, яруу найрагчаас эхлээд, бүх аймаг хот, хошууны шатны Улаанмөчир, урлагийн ажилтан, соёлын ордны ажилтан, дунд бага сургуулийн багш, малчин зохиолч зэрэг Өвөр Монголын монгол хэлээрээ дуу уран бүтээл зохион бүтээдэг 50 гаруй төлөөлөгч оролцсоноор хамарсан хэмжээ их, мэргэжлийн болон мэргэжлийн бус уран бүтээлчид оролцсон томоохон хэмжээний үйл ажиллагаа болсон байна. Үүнд: Орны дотно гаднын алдарт уран бүтээлч С.Энхбаяр, Насанжаргал, Ү.Начин, Ч.Цолмон нар оролцон, цуглаанд оролцогсдод мэргэжлийн лекц уншсан байна. Мөн “Монгол дуу хөгжмийн амин сүнс нь нүүдлийн соёл иргэншилд байдаг. Хэрхэн нүүдлийн соёл иргэншилдээ идээшин дасах”, “Хэрхэн ардын дуу урлагаасаа шим авч шилдэг уран бүтээл хийх”, “Хэрхэн үгсийн сангаа бяжуулан, дууны шүлэгт оновчтой хэрэглэх” зэрэг монгол дуу уран бүтээлийн зохиолын зангилаа асуудал болон орчин үеийн дууны зохиолын дунд оршиж байгаа дууны шүлэг, ая эгшиг хэт хийсвэр болж, өнгөц болж, бодит ахуй амьдралаас салж байгаа зэрэг талаар тусгай ярилцлага өрнүүлэн, өөр өөрийн үзэл бодлоо солилцон, дууны уран бүтээлийн хөгжлийн тухай санал зөвлөмж өгсөн байна.
“Сайн сайхан нийгэм ахуй, нам засгийн төрийн бодлогын туяан доор манай яруу найрагчид, ая зохиогчид ур чадвар, онгод саарлаа бүрэн гүйцэд дайчлан, хүч зоригоо хөвчилж, санаа оноогоо ололцон хамтран уран бүтээл хийвэл монгол дууны хөгжлийн ирээдүй илүү гэгээн саруул болно. Энэ удаагийн цуглаан нь монгол дууны хойшдын хөгжилд маш чухал нөлөө бүхий, алс хэтийн ач холбогдолтой үйл ажиллагаа болсон” гэж Өвөр Монголын Дуучид, хөгжимчдийн нийгэмлэгийн орлогч нарийн бичгийн дарга Бүрэнцэнгэл ярьж байлаа.
Бүхий л газар, аливаа ажлын байрнаас ирсэн төлөөлөгчдөөс хятадын үндэстний агуу их сэргэн мандалтын мөрөөдлийг биелүүлэх, цагт нь ядуурлыг бууруулах, ядуурлаас ангижруулах ажлын явцад гарсан мал аж ахуй тариалангийн орны шинэ дүр төрхийг магтан дуулсан, нутаг орныхоо уул усны өнгө үзэмж, аав ээжийнхээ ачлал хайрыг магтан дуулсан, амраг хонгор, найз нөхдийн сэтгэлийг илэрхийлсэн эрүүл саруул агуулга бүхий уран бүтээлийг зохион бүтээж, тусгай мэргэжлийн багш нар илүү засан төгөлдөр болгосон бөгөөд мэргэжлийн зөвлөгөө өгчээ. Нэг долоо хоногийн сургалтаар 150 гаруй шинэ уран бүтээл ялгаран гарч ганзага дүүрэн хурал боллоо. Алшаа нутгаас хүрэлцэн ирсэн малчин шүлэгч, ая зохиогч Өлзийбаяр: - Над шиг соёл сургуулийн мөр хөөгөөгүй сүргийн дэргэд байсан малчин хүний хувьд ёстой санаанд оромгүй сайхан сургалт боллоо. Олон сайхан багш нарын хичээлийг сонсож, тухайн талбайд дууны шүлэг бичиж, үнэхээр цаг минутыг алдаагүй олзуурхмаар сайхан хурал боллоо гэж бодож байна гэв.
“Түмэн алхмын түрүү алхам хэцүү” гэдэг ч төрөлх монгол хэлээрээ түг түмнийхээ сонорыг мялаасан сайхан уран бүтээл хийх, үндэстнийхээ урлаг соёлын өв болсон ардын дуугаа цаашдаа өвлөн уламжлах гэсэн энэ удаагийн билгийн цуглаан ая, шүлгийн ариун ундаргатай анхны алхмаа амжилт төгөлдөр зохион байгуулав.
