
Энэ журмаар мал аж ахуй эрхлэх хориглосон бүсэд Сүхбаатар дүүрэг хамаардаг. Уулзалтад дүүргийн Засаг даргын орлогч Л.Амарзаяа болон нийслэл, дүүргийн холбогдох мэргэжилтнүүд, хороодын ажлын албаныхан оролцож, дээрх журмын хэрэгжилтийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, нийслэлд мал аж ахуй эрхэлж байгаа иргэдийн хүлээх үүрэг зэргийг танилцуулж, харилцан санал солилцсон юм.
Түүнээс гадна 2017 он гарсаар улсын хэмжээнд 11 аймгийн 32 сум, нийслэлийн Налайх дүүрэгт хонины цэцэг өвчин, 2 аймгийн 5 суманд малын гоц халдварт шүлхий өвчин, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт мал амьтны галзуу өвчин гарч, нийслэлийн нутаг дэвсгэрт өвчний халдвар дамжин тархах болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор авах арга хэмжээний талаар гаргасан нийслэлийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2017 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн 532 тоот, дүүргийн Засаг даргын 2/396 тоот “Албан мэдэгдэл”-ийг малтай иргэдэд хүргүүллээ. Жилээс жилд дүүргийн нутаг дэвсгэр дэх мал бүхий айл өрхийн тоо буурч байгаа хэдий ч урин дулаан цаг болохоор зэргэлдээ бүс нутгаас малтай иргэд орж ирдэгийг таслан зогсоох чиглэлд иргэдтэй хамтран ажиллана гэдгийг энэ үеэр тодотголоо.
