
Энэ жил Шанчи Дажүн авто машины компанийнхан анхны ID4X цахилгаан моторт автомашинаа зах зээлд нийлүүлснээр маш олон хэрэглэгчийн анхаарлыг татаж байна. Уг машины өнгө будаг, дизайн, төсөв зохиогчоор Үйлс гэх охин ажиллажээ. Тэрээр энэ компанид гурав дахь жилдээ ажиллаж байгаа юм. Үйлс 1995 онд Өвөр Монголын Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошуунд төрсөн, бага наснаасаа зураг зурах, урлан бүтээх авьяас нь тодорсон гэдэг. Хүүхэлдэйн хувцас оёх, цаасан хайрцгаар гэр байшин урлах, чихрийн хайрцганд “нууц” оньс хийх зэргээр тоглодог байж. “Би багадаа гоё хайрцаг савыг хаядаггүй. Түүгээр янз бүрийн тоглоом хийж тоглодог байсан” гэж Үйлс бага насаа дурсан ярина. Түүний аав, ээж охиноо балчир ахуйгаас нь учир явдлын мөн чанарыг ойлгуулж, бүх талын өв тэгш боловсролтой болоход нь анхаарч иржээ. Энэ тухай Үйлс “Миний аав, ээж хоёр үглэж яншдаггүй, миний үзэл бодлыг хүндэтгэн, санаа бодлоо харилцан солилцдог. Үргэлж надад урам өгч дэмждэг байсан” гэж ярилаа. Тэрээр бага, дунд сургуулиа төрсөн нутаг Шинэ барга баруун хошуундаа дүүргэж, 2011 онд Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Харъяа дунд сургуульд суралцахаар Хөххотын зүг эрдмийн жолоогоо залжээ. Соёлт ертөнц болох их хотод хөл тавьж, ээж аав, элгэн саднаасаа хол бие даан амьдрахдаа сурах хариуцлагаа өндөрт ухамсарлаж, амьдрах ухаанд давхар суралцсан гэдэг. 2014 онд Үйлс хүсэл сонирхолдоо хөтлөгдөн Даляний Техник мэргэжлийн Их Сургуулийг Аж үйлдвэрийн урлан төсөвлөх тусгай мэргэжлээр төгсчээ. Үйлс өөрийн дуртай мэргэжлээрээ гүнзгийрүүлэн суралцаж ур чадвараа улам ахиулсаар явна.

“Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдгээр тэр их сургуулийн гуравдугаар курсд сурч байхдаа найзынхаа хамт Card Design News-ээс зохион байгуулсан CDN 2017 автомашины зураг дизайн төсөвлөх уралдаанд оролцож, "Хамгийн сайн ирээдүйн харалтад" автомашины дизайн төсөвлөгч шагнал хүртжээ. Card Design News гэдэг нь автомашины зураг дизайн төсөвлөх дэлхийн хэмжээний хамгийн том тавцан юм. Үйлс энэ уралдаанд оролцсон нь түүнд Жи Ли авто машины компанид дадлага хийх боломжийг олгосон төдийгүй 2019 онд сургуулиас нь түүнийг Шанчи Дажүн автомашины компанид танилцуулж өгснөөр ажлын гараагаа эндээс эхлүүлжээ. Шанхай хэмээх түм түжгэнэж, бум бужигнасан дэлхийн том хотод автомашин үйлдвэрлэх компанид ажилд орж хөлөө олно гэдэг амаргүй хэрэг.

- Энэ хоёр жилийн хугацаанд би компанийнхаа анхны цахилгаан моторт автомашин ID4X-г хийсэн төдийгүй компанийнхаа гадна дотно сурталчилгааны ажилд оролцдог. Одоо улсын дотоодод борлуулалтаараа тэргүүлж ирсэн Lavida-г хариуцан төсөвлөж байна гэж танилцууллаа. Мэдээж, автомашиныг зурж төсөвлөж, үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлтэл маш урт хугацаа, их хөдөлмөр шаардана. Гэвч Үйлс өнгөрөгч хоёр жилийн хугацаанд компанийнхаа ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох үйл хэрэгт онцлон оролцох болсондоо сэтгэл өөдрөг байж хамт олондоо үргэлж талархаж явдаг.
- Энэ бол компанийн удирдлагаас надад хүлээлгэсэн итгэл. Тиймээс би тэднийхээ итгэлийг дааж зүтгэл гарган ажиллах болно гэж даруухан өгүүлж суулаа. Тэр бас компанийнхаа ухуулах сурталчилгааны ажилд идэвхтэй оролцож олон удаа илтгэл тавьж, уг ажлыг өөрөө гардан зохион байгуулж ирсэн. Үйлс: “WAF /дэлхийн эмэгтэйчүүдийн ирээдүйн хөгжилтийн сургууль/-ийн тусгай урилгаар өөрийн ажил амьдралынхаа тухай хуваалцаж, энэ нь миний эрхэм нандин өв хөрөнгө юм” гэж онцолсон удаатай.

Үйлсийн зүрх сэтгэлд төрөлх нутаг нь үргэлж бодогдож байдаг. Өнгөрсөн жил цар тахлын үед хэдэн найзтайгаа хамт онлайн хичээл бэлтгэн цахимаар хүүхдүүдэд хүргэсэн. Оюутан байх үедээ Даляньд амьдардаг Өвөр монголчууддаа үнэ төлбөргүй хичээл заадаг байсан төдийгүй тэдэнд найр наадмын хувцас заслыг нь төсөвлөж өгдөг байжээ.
Үйлс:
- Хэзээ нэгэн цагт би өөрийн сурсан мэргэжлээрээ өсөж төрсөн өлгий нутагтаа хүчин зүтгэлээ нэмэрлэх болно гэж бодох бүр эрч хүч нэмэгддэг гэж хэлээд сэтгэл гэжигдэм хөөрхөн нүднээс нь цог асч харагдсан.




