Хятадын Өмнөд нутгийн усыг Умард нутагт татан ашиглах төслийн зүүн дунд шугамын нэгдүгээр шатны барилга ашиглалтад орсны 5 жилийн ой 12-нд тохиолоо. Хятадын Усан ашиглалтын яамны орлогч сайд Жян Шюйгуан мөн өдөр Хятадын төрийн зөвлөлийн мэдээллийн албанд болсон хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Барилга байгуулалт ашиглалтад орсон 5 жилийн турш усыг ашигласан нутгийн хангамжийн байдлыг үндсээр нь өөрчиллөө. Одоогийн байдлаар, тус төслийн хүрээнд 30 тэрбум шоо метр усыг шилжүүлэн ашигласны үр дүнд өмнөд нутгийн ус Бээжин, Тяньжинь, Хэбэй, Шаньдүн, Хэнанийн дунд том 40 гаруй хотын усны гол эх үүсвэр болж, 120 сая хүн ам үр шимийг нь шууд хүртсэн гэжээ.
Хятадын Өмнөд нутгийн усыг Умард нутагт татан ашиглах төсөлд зүүн, дунд, баруун гурван шугам байдаг бөгөөд энэ гурван усан замыг Хөх мөрөн, Хатан гол, Хуайхэ, Хайхэ голтой холбож, дөрвөн хөндлөн, гурван гулд тогтцыг бүрдүүлэн, Хятадын усны нөөцийг өмнөд умард нутагт татан ашиглаж, зүүн баруун нутаг харилцан туслалцахаар зүй зохистой тохируулдаг юм. Энэ бол 438 сая хүн амтай холбоотой том төсөл билээ
