
Хятадын уламжлалт анагаах ухааныг саяхан Швейцарийн Женев хотноо болсон Дэлхийн эрүүл мэндийн 72 дахь удаагийн их чуулганы үеэр 11 дэхээ шинэчлэгдсэн Өвчин эмгэгийн олон улсын зүйлчлэлийн жагсаалтад шинээр бүртгэн авсан байна. Энэ нь Хятадын ардын уламжлалт эмчилгээ, анагаах ухааныг олон улсад таниулах, Хятадын дотоодын уламжлалт анагаах ухааны өвчин судлалын статистик мэдээний нэгдсэн сүлжээг олон улсынхтай холбох нэн чухал алхам боллоо гэж мэргэжилтнүүд онцолж байгаа юм.

Хятад улс одоогоор уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тал дээр туршлага солилцон, харилцан мэргэжилтэн, эм зүйч бэлтгэх чиглэлээр 40 гаруй улс, бүс нутаг, олон улсын байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулаад байна. Түүнчлэн “Нэг бүс нэг зам”-ын орнуудад дорнын уламжлалт анагаах ухааныг сурталчлан таниулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх хэд хэдэн төв байгуулаад байна. Цаашид энэхүү ажлыг өргөжүүлж 30 гаруй улс, бүс нутагт мөн ардын уламжлалт эмчилгээ, эм зүйн хэдэн зуун хүрээлэн байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна.
