Хаврын улиралд бүх зүйл урган өсч байдаг хэдий ч цаг агаар өөрчлөмтгий хувьсамтгай байдаг болохоор хуучин архаг гэм хөдлөх, биеийн тамир тэнхээ муудах, өвчинд өртөмтгий болдог.
Хаврын улиралд цас мөс хайлж, газар гэсч, газрын дотоод бүлээн уур дээшилж түүний нөлөөгөөр цэцэг ногоо ургадаг үе бөгөөд энэ үед өвлийн сүүл сарын хүйтэн, хаврын бүлээн сарын завсрын үе эхэлж хоорондоо харшилж эхэлдэг. Тийм ч учраас “Хаврын салхи хавирга нэвт” гэсэн үг гарчээ.
Хаврын хавсаргыг даван туулахад хамгийн зохистой идээ, ундаа нь хүйтэн, халууныг тэнцүүлэх бүлээн чанартай идээ байх ёстой юм. Энэ үед шар идээг голчлон хэрэглэх улаан болон хар идээтэй хамт эсвэл дангаар хэрэглэнэ. Шар идээ гэж малаас гарах сүү, сүүн бүтээгдэхүүнийг өнгөөр нь бэлгэдэн нэрлэдэг бөгөөд шар тос, цагаан тос, арвайн гурил болон шар будаатай цай, шар тостой цай, ээзгий, бяслаг, өрөм, зөөхий, уураг, хайлмаг зэрэг идээ, ундаанууд багтана. Шар идээ нь шингэц сайтай, ходоодны галын элчийг сэлбэж, илчийг үүсгэдэг учир хаврын улиралд нэн тохиромжтой.
