Энэ хүрээнд “Малын чанарыг сайжруулах жил” сэдэвт зөвлөлдөх уулзалт өнөөдөр /2017.03.28/ ХХААХҮЯ-ны хурлын танхимд боллоо.
Зөвлөлдөх уулзалтад ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, салбарын эрдэмтэд, ахмад мал зүйчид, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл оролцов. Зөвлөлдөх хэлэлцүүлгээр “Малын чанар сайжруулах” хөтөлбөрт санал авч оролцогчид салбар хуралдаанаар хэлэлцүүлэг хийсэн бөгөөд гаргасан шийдвэр, дүгнэлтийг ХХААХҮ-ийн сайдад танилцууллаа.
Мөн зөвлөлдөх уулзалтаар “Малын генетик нөөцийн тухай хууль”-ийн төслийн талаарх танилцуулга, “Малын чанар сайжруулах төсөл хөтөлбөр”, “Үржлийн шилмэл сүрэг” хоршооны үйл ажиллагаа, “Малын тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх арга зам, анхаарах асуудал” зэрэг сэдвүүдээр илтгэл тавигдав.
Дашрамд дуулгахад, Монгол Улсын хэмжээнд 45 баталгаажсан үүлдэр, омгийн малыг өсгөн үржүүлж байна. Эдгээр үүлдэр, омгийн мал нь Монгол Улсын нутаг дэвсгэрт харьцангуй жигд тархалттай байдаг боловч тодорхой ашиг шимийг чиглэл, онцлогоос шалтгаалан өөр, өөр бүс нутагт цөм сүрэг үржүүлэгдэж байна. Малын төрлөөр авч үзвэл адууны 4, тэмээний 4, үхрийн 4, хонины 22, ямааны 11 үүлдэр омгийн малыг Монгол Улсын хэмжээнд бие даасан үүлдэр, омгоор баталгаажуулсан байдаг байна.
