
1957 оны 6 дугаар сард ууган Улаанмөчир Сөнид баруун хошуунд мэндлэв. Түүний дараа 60 жил Өвөр Монголын Улаанмөчирийн уран бүтээлчид салхи шуургыг сөрөн, хахир хүйтэн, аагим халууныг хайхралгүйгээр говь цөл, тал нутгаар аялж, хөх тэнгэрээр хөшөөгөө болгож, хөрст дэлхийгээр тайзаа болгож, хүн цөөн хөсөг хөнгөн, урлагийн тоглолтоор голлож, ухуулах, малчин тариачдад үйлчлэх зэрэг үүрэг хариуцлагаа идэвхтэй биелүүлж, 1.3 сая гаруй километр аялан, малчин тариачин, үндэстний ард түмэнд 360 мянга гаруй удаа тоглолт хийж, үзэгчдийн тоо 260 саяд хүрч, хөдөө орон нутгийн соёлын амьдралд өнгө нэмж, мал аж ахуй тариалангийн орны соёлын хөгжил цэцэглэлтийг ахиулах, үндэстний эв нэгдлийг бататгах, хил хязгаарын тогтвортой байдлыг хамгаалахад өөрийн онцгой хувь нэмрээ үзүүлсэн юм.

60 жилийн турш Улаанмөчир нийт 13000 гаруй тоглолтыг зохион байгуулж тоглосон бөгөөд 2000 гаруй тоглолт нь аймаг хот болон ӨЗО-ы зэрэглэлийн шагналыг хүртэж, 130 гаруй тоглолт нь улсын зэрэглэлийн шагналыг хүртсэн байна. “Малчин түмэн эв хамт намаа магтан дуулна” дуу, “Сүүний үнэр анхилна” дуу, “Угалзан сийлмэлтэй эмээл” дуу, “Ордос бүжиг”, “Аяган бүжиг”, “Савхан бүжиг”, “Андай бүжиг” бүжиг, “Дүүлэн нисэх ажнай”, “Ордос хурим” зэрэг дуурь нь амьдралд ойртож, ард түмний дунд дэлгэрэн уламжлагдсан шилдэг бүтээлүүд болон төрөн гарсан юм.



“Хаана хамгийн хэрэгцээтэй байна, хаана хамгийн алс хол байна тэнд дуу хуураа хүргэж, бүжгээ бүжнэ. Энэ нь Улаанмөчирийн уран бүтээлчдийн хөдөлмөр хүчээр бүтсэн сэтгэлийн уриа! Социализмын тэргүүний соёлыг дамжуулахын тулд тэд 60 жилийн турш усыг гатлан уулыг давж, хахир хүйтэн, аагим халууныг хайхралгүй, хаана хэрэгцээтэй байна тэнд хүрч мал аж ахуй тариалангийн орны өнцөг булан бүрд мөрөө, дуугаа үлдээж, малчин ард түмэндээ баяр бахархлыг хүргэсээр ирлээ.

1964 оны 7 дугаар сард байж билээ. Зарууд хошууны Улаанмөчирийнхэн Хуулинголын мал аж ахуйн дөрвөн гүншээгээс (Тухайн үеийн сумын нэрийдэл) жилд нэг удаа зохион байгуулдаг наадмын хурал дээр тоглолт зохион байгуулах үүрэг авсан байна.
Тэр зуны бороо өглөө нь сайхан тэнгэр байснаа үд болоход бараан үүл бүрхэж суулга саваар цутгаж байгаа мэт буух нь тэр. Бороо их орсноос Улаанмөчирийн морин тэрэг хоёр өдрийн замыг гурав хонон байж тоглолт зохион байгуулах газар болох Баянбулаг гүншээд хүрсэн юм. Гурван өдөр бороолсноор гурван өдрийн аян гурван жил мэт урт санагдаж, Улаанмөчирийн арван гишүүн бороонд шалба норж, өлсөж ундаасахыг хэлэхийн аргагүй. Бороо намдвал замаа хөөнө, бороо ширүүсвэл морин тэргэн доороо орж хоргодох, өлсөөд тэсэхгүй бол нойтон модоороо гал ноцоож наримын шингэн будаагаа буцалгаад өл дарна.
Баянбулаг гүншээд 3 өдөр тоглолт хийсний дараа буцах бэлтгэлээ хийж байтал 35 километрийн зайтай байрлах Ар хөндлөн гүншээний Баянцагаан багийн отроос хэдэн залуус морьтой ирээд “Улаанмөчир ирлээ” гэж сонслоо. Манай отор дөрөвхөн айлтай. Манай отор дээр хүрч тоглолт хийж өгөөч хэмээн хүсэл бялхсан харцаар ярилаа. Улаанмөчирийнхэн огтхон ч татгалзалгүй “болно” гэж хүлээн зөвшөөрөв. Мориор ирсэн хэдэн залуус магнай тэнийн энэхүү баярын чимээг дамжуулахаар гараад довтолчихлоо. Хэлэхэд 35 километр гэдэг боловч оторт хүртэл хоёр өдөр замнаж үйлээ үзэж үсээ тоолсон юм. Хамгийн хүнд нь тэнд хүрэхэд заавал Ганжуурын уул гэх уулыг давах хэрэгтэй байжээ. Уул эгц, бартаа ихтэй. Манай морин тэрэг уулыг тойрч явахад морь айгаад явахгүй, аргагүй бид тэргэн дээр тээсэн бүгдийг үүрээд уул давж билээ. Хамгийн сүүлд нь мориныхоо нүдийг боож байж арай хэмээн морин тэргээ уулын цаана гаргалаа. Тэр өдөр нь бороогүй харийн амнаас утаа баагих халуун өдөр байсан юм. Ганжуур уулыг давтал үд хэлбийжээ. Ядарч туйлдсан Улаанмөчирийн гишүүд ундаасахын туйлд хүрч, яаж нэг ус олж уудаг билээ хэмээн нэг нэгийгээ харав. Тэр үед савтай ус гээд авч явдаггүй, замаа хөөж хаана гол горхи, айл тосгон таарвал тэндээс ус авч уудаг. Уулын ойр хавиар айл тосгон байх маяггүй. Энэ үед тэртээ хонхорт өмнөх өдөр орсон борооны ус тунаад байгааг олж харан, “Энд ус байна” хэмээн гараараа авч уун цангаагаа тайлцгаалаа. Юутай ч хоёр дахь өдрийнх нь нар таших үеэр оторт хүрлээ. Дөрөвхөн айлтай бөгөөд гурав нь монгол айл, нэг нь хятад айл байжээ. Нийт 12 үзэгч, хоёр талбай тоглолт...

“Аян замдаа хэдий их алжааж ядарсан ч малчдын алга ташилт баярын инээдийг харахаар бүх ядаргаагаа мартаж, сэтгэл зүрх минь баяр жаргалаар бялхах юм” гэж Зарууд хошууны Улаанмөчирийн уран бүтээлч Рааш-Очир гуай дурсан ярив.
Өөрчлөлт нээлтээс хойш эдийн засаг нийгэм хөгжиж үнэхээр их өөрчлөлт гарав.Гэвч Улаанмөчрийн сэтгэл зорилго ард түмэнд үйлчлэх үүрэг хариуцлага нь хувираагүй, хувьсгалт уламжлалаа баримталсаар ирлээ.
2007 оны 8 дугаар сарын нэг өдөр байж билээ. Найман хошууны Улаанмөчир Баянтал сумын бага Данхар гэх багт хүрч тоглолт хийхээр боллоо. Тус баг нь элсний гүнд байрладаг бөгөөд хорин хэдхэн айл өрхтэй байлаа. Тухайн үед багт зам нэвтрээгүй байв. Тэдний тоглолтын машин нь замдаа элсэнд боогдож явж чадахгүй болов. Улаанмөчир ирэх гэж байна гээд багийн ард иргэд хүлээж байгаа. Заавал энэ өдөртөө хүрэх хэрэгтэй. Улаанмөчирийн гишүүд өөр өөрийн хөгжим, хувцсаа авч нэг морин тэрэг олоод аагим халууныг хайхрахгүйгээр элсэн дунд 5 километр гаруй газрыг алхан тоглолт хийх газартаа хүрч, амрах завгүйгээр тоглолтоо эхлүүлсэн юм. Тэд бүгчим халуун нарны доор хоёр цаг гаруй тоглолт хийж, хөлсөндөө дэвтсэн байлаа. Багийн ард түмэн сэтгэл хөдлөхдөө тарвас, хаш түүж авч ирэн Улаанмөчирийн уран бүтээлчдэд өгнө. Багийн нарийн бичгийн дарга Ширэм гуай сэтгэл догдлон багийн иргэдээ төлөөлөн Улаанмөчирийг магтсан нэг бадаг холбоо шүлэг найруулан уншлаа.
Тал нутгаас үндэслэсэн Улаанмөчир ард түмэнтэйгээ ингэж загас усны барилдлагатай явсан. Ард түмэн хүсвэл Улаанмөчирийнхэн ямар ч нөхцөлгүйгээр, ямар ч хүнд бэрхийг ялан давж, малчин түмэндээ тоглолтоо өргөнө. 60 жилийн турш Улаанмөчир “Хувьсгалт утга урлагийн хөнгөн морьт цэрэг” гэх нэр алдраа хариуцан, “Улсын утга урлагийн фронтын нэг туг” болж явлаа.

Улаанмөчир 1965 онд Хятад улсаар аялан тоглолт хийсний дараа Хятад улсын Улаанмөчир маягийн тоглолтын ангийн уран сайхны тоглолт, Хятад улсын анхны урлагийн наадам, Хятад улсын гурав дахь удаагийн урлагийн наадам зэрэг том хэлбэрийн үйл ажиллагаанд олон удаа оролцож, Өвөр Монголын үндэстний соёлын өвөрмөц ид шидийг олны хүртээл болгож, Өвөр Монголын утга урлагийн нөлөөлөх хүчийг өргөтгөх соёлын хуудас болсон байна. Ялангуяа шинэ зуунд орсноос хойш Хятад улсын дотоодын хот, газар нутгаар тоглолт хийж, ахан дүүс, муж оронтой соёлын харилцааг сайжруулсан бөгөөд Ази, Европын 50 гаруй улс оронд тоглолт хийж, дэлхийд Хятад улс болон Өвөр Монголын дүр төрхийг танилцуулж, гадаадтай эдийн засаг соёлын харилцааг ахиулахад өөрийн гэсэн хувь нэмрийг үзүүлсэн байна.
60 жилийн турш Улаанмөчир үргэлж цаг үетэйгээ хамт алхан, хөдөө орон нутгаар явж ард олны соёл урлагийн хэрэгцээ шаардлагыг хангаж, цаг үеийн чиг хандлагыг эзэмшиж, ахуйн сэдэвт шилдэг бүтээлүүдийг бүтээж тоглон, үндэстний дуу бүжгээр төлөөлүүлсэн содон бүтээлүүдээрээ тал нутгийнхаа халуун хөрсөнд, малчин ардынхаа сэтгэлийн гүнд өнөд мартагдашгүй бадран дэлгэрсэн бөгөөд Хятад улсын хийгээд гаднын улс оронд нэр алдартай болж, соёлын тэргүүлэх хүчээрээ Өвөр Монгол цаашлан Хятад улсын хамгийн төлөөлөх чанартай, хамгийн их хүч нөлөөтэй үндэстний цөөнхийн урлагийн брэндийн нэг болж хөгжсөн юм.
