XI зууны үеийн нэрт зураач, уран бүтээлч Сү Шыгийн бүтээсэн чулуу, модыг дүрслэн уран бичлэг “шигтгэсэн” бичээсийг Хонконгийн Кристигийн дуудлага худалдсаныг 463.6 сая Хонконг юань буюу 59.2 сая ам.доллароор нэрээ нууцалсан хүн худалдан авсан байна. Хятад сонгодог уран зураг, уран бичлэг бүхий бүтээлүүдээс одоогоор хамгийн өндөр үнээр зарагдсан зургуудын нэг болсон гэдгийг судлаачид онцолж байна. “Мод, чулуу” нэртэй энэхүү бүтээл нь 26х50 сантиметрийн хэмжээтэй, Сүн гүрний үеийн нэрт уран бүтээлч Сү Шы (1037-1101) зурсан бөгөөд үүгээрээ Хятадын уламжлалт зургийн түүхэнд шинэ өнгө аяс нэмсэн хэмээн үнэлэгддэг.
“Тайвшрал, нам гүмийг мэдрүүлэх хулсны мөчир, хачирхалтай хэлбэр бүхий чулууг санамсаргүй, хааш яаш гэмээр таталган зурж, уран бичлэгээр бичсэн энэхүү зураг цайвар, бараан өнгөнүүдийг зохицуулан дэглэснээрээ урлаг судлаачдын анхаарлыг ихэд татдаг” хэмээн Сүн гүрний үеийн дөрвөн алдартай бичээсийн нэгийн талаар шүүмжлэгч, судлаачид хэлж байна. Сү Шыний хэд хэдэн бүтээл Бээжинд, Хятадын үндэсний уран зургийн музейд хадгалагдаж буй. Дашрамд өгүүлэхэд, Сү Шиг амьдралынхаа сүүлчийн хагасыг цөллөгт өнгөрүүлсэн агаад яруу найраг, уран бичлэг, уран зураг, анагаах ухааны салбарт олон сод туурвилыг үлдээсэн юм.
