Тэнгэр элсэнд хүн амьтангүй л гэж бодож байсан маань буруу байсныг юу гэлтэй билээ. Тэнгэр элсэнд 400 гаруй нууртай, нуураа дагаад өн шимлэг бэлчээртэй гэдгийг томилолтоор гараад мэдлээ. Усны тунгалаг өвсний соргогийг дагаж нүүдэллэн амьдрах Алшаа зүүн хошууны хэсэг малчид маань тэнгэр, элс залгалдсан энэ сайхан нутаг дээр аж төрж байгаа ажээ.
Энэ оны 8 дугаар сард засагдсан Алшаа аймгийн төв Баянхотоос Гансуу мужийн Минь Чин шяньд хүрдэг “Элс туулсан зам” яг Тэнгэр элсийг хөндлөн туулж гардаг. Энэ нь Тэнгэр элсний гүн дэх малчид явж суухад маш хялбар болсон бөгөөд элсэн нутаг дагуу аялал жуулчлал эрхэлж, ашиг орлого үүдэхэд аз тохиол олгосон гэдгийг Алтанхүүгийн амьдрал үйл нотолно.

Аравдугаар сарын 15-ны өдөр бид товлосон ёсоор Алшаа зүүн хошууны Баянхот суурины Тунгалаг нуур багийн малчин Алтанхүүгийн аялал жуулчлалын баазыг чиглэж билээ. “Дээш харвал тэнгэр, түүний доор нь элс” гэдэг энэ нутгийн хүмүүсийн Тэнгэр элсний тухай хэлдэг үгэнд нь хөтлөгдөн, цэлмэг хөх тэнгэрийн доор алтан шаргал элсэн цохио үргэлжилсэн Тэнгэр элсний этгээд гойд үзэмжийг машины цонхоор харан харан бахадсаар явж, замын хажууд зогссон Алтанхүүгийн машины дэргэд манай машин зогсов.
Өндөрдүү элсэн толгойн оройд суугаад хүлээж байсан Алтанхүү биднийг хараад бууж ирэв. Хүдэр чийрэг биетэй, хөрслөг бор царайдаа инээд тодруулчихсан Алтанхүү бидэнтэй мэнд усаа мэдэлцэн золгов. Бид гөлийсөн сайхан элс туулсан цардмал замаас салж, Алтанхүүгийн машины хойноос дагаж элсэн цохиогоор давхиулж тэднийхийг чиглэв. Эгц даваатай элсэн цохионы дээгүүр давж элсэнд аялах этгээд мэдрэмжийг хүртсээр явж байтал нэг элсэн толгойг давахад гэнэт хөндий дагасан нуур харагдав. Ташсан нарны гэрэлд толь шиг мэлтийсэн тунгалаг нуурын хөвөөгөөр зэгс хулс, өвс ургамал зөөлөн салхины аяар халиуран найгаж, усны шувууд ганганалдан ниссэн гойд сайхан үзэмжийг харсан бид дуу алдан гайхаж, машинаа зогсоон зураг сүүдэр авлаа. Элсэн далайн дунд гэнэт ийм нэгэн “ертөнцийн гаднах тоорын хүрээлэн” гэмээр ногоон бүрд илрэхийг нээрэн бодож олсонгүй л дээ. Бид сайхан үзэмжээс салж ядан эргэцсээр нар шингэхийн наагуур л сая Алтанхүүгийн гэрт хүрлээ.
Алтанхүүгийн суурин орой газар байрласан шинэ хуучин хоёр мөр олон өрөөтэй тоосгон байшин, дөрвөн том монгол гэр, малын бэлчээрээсээ зайдуу аялал жуулчлалд зориулсан барилга төхөөрөмжийг нэлээд сайн барьж байгуулсан айл байлаа.
Алтанхүүгийн бэлчээрт байгаа нуурыг “Эхэн ихэр” гэдэг гэнэ лээ. Эртдээ нэг их нуур байснаа хэзээнээс юм бүү мэд дундуураа тасарч “Эхэн ихэр”, “Адаг ихэр” гэдэг сайхан нэртэй хоёр нуур болж, Эхэн ихэр нуур нь Алтанхүүгийн нутагт хамрагджээ. Энэ нуур нь ямар гантай жилд ч ширгэж татрахгүй, улирлын сайхан болохоор л нуурын хөвөөгөөр цэлгэр ногоон өвс ургамал халиуран, ангир, бор галуу, хун галуу, тогоруу зэрэг зүйл зүйлийн нүүдлийн шувууд хуран цугларч, адуу мал алаглан бэлчээд ногоон бүрдний гайхамшигт үзэмжийг бүрдүүлдгээс Алтанхүүгийн малчин айлын зуслан яг л ингэж байгалийн хишиг, нутгийнхаа буянд түшиж эхэлсэн байжээ.
Алтанхүүгийнх 700 га бэлчээр дээрээ 300 шахам бог мал, наяад үхэр, арваад тэмээ маллаж, унахаас морьтой таван хошуу малыг бүрдүүлсэн айл. Арваад жилийн өмнө малын ноос ноолуурын орлого унаснаар аавын гэрээс өрх тусгаарлаад удаагүй байсан Алтанхүү өөр аргаар амьдралаа өөд татахыг бодох хэрэгтэй болжээ. Анх эхлээд Баянхот зэрэг хот сууринд байгаа найз нөхдөө хөдөө гэртээ залж дайлсанд нутгийн малын махны үнэр амтыг таалан шагшиж байсанд Алтанхүү гэртээ аялал жуулчлал эрхлэх бодол төрсөн гэдэг. Тэгээд элсэнд машинаар давхихын хав цэнгэлийг багаасаа мэдэрсэн Алтанхүү өөрийн өвөрмөц эх баялгаа ашиглан, амьдарч байгаа гэртээ аянчдыг зочилж малчин айлын зугаацал эрхэлж эхэлсэн билээ. Хэдийгээр тусгаар нэрийдэлгүй, зар сурталчилгаа тавьдаггүй ч найз нөхдийн тусламж, энд ирсэн аянчдаар дам дамаар дамжсаар “Эхэн ихрийн Алтанхүү” л гэвэл хол ойрынхон бүгд мэдэх болж, улирлын сайханд энэхүү малчин айлын амралтын төвд хүн хар тасрахгүй болсон.
Эднийх голдуу бэлчээрийн малын махаараа онцлог бөгөөд монгол хоолоор хүмүүсийг зочилж, байшин болон 4 монгол гэртээ 100 хүн хүлээн авах, идэж уух, амрах үйлчилгээг хангаж чаддаг. Алтанхүүгийн өөрөө сурсан олон төрлийн шарсан мах аяллын газрынх нь онцлог болж, шарсан бүхэл хонь 3000 юань, шарсан мах жиндээ 58 юань хүрдэг. Мөн айл саахалтаараа малчдын машины клубд түшиглэн, вичатаар дамжин нэг нэгэнтэйгээ холбоо барьж, зочдыг засмал зам дээрээс тосож хүргэх ба JEEP машинаар элсэнд давхиулах зэргээрээ хүмүүсийг татаж байгаа ажээ. Шаардлага гарвал бас тэмээ унуулах зэрэг үйлчилгээ үзүүлдэг гэнэ.
- Таван жилийн өмнө бол гол төлөв малын орлогодоо түшээд жилийн орлого 60-70 мянган юань л олж байсан, одоо жилийн цэвэр орлого 200 мянган юань хүрч байна. Угтаа бид олсон жаахан орлогоо малын өвс тэжээл гээд ихэнхийг нь зарцуулчихдаг байсан. Өмнө нь манайх 32 километр л зайтай байгаа Тунгалаг нуур сумын төвд хүрэхэд элсэн замаар цаг гаруй явдаг байсан. Одоо бол шинээр засагдсан ‘Элс туулсан зам’ манайхнаас 6 километр л зайтай, явж суухад маш хялбар болсон. Анх энэ хавьдаа би ганцаараа аялал жуулчлал хийж байсан юм. Одоо арваад айл болж байна гэсэн Алтанхүүгийн үгнээс зам харгуй сайжирснаас Тэнгэр элсний гүн дэх малчдад авчирсан ач тусыг тодорхой хэмжээнд ойлгож болно.
Бид Алтанхүүгийнд байхад Ниншягийн жуулчид ирж хоноглохтой тааралдав.
- Алтанхүү шулуун зантай хүн. Бид танилцаад арваад жил болж байна. Одоо чинь ах дүү садан шиг чиний минийгүй найзууд болсон гэж Ван овогтой нэг нь ярина.
Хятадын олон газраас ирсэн машины хорхойтнууд аялал жуулчлалын улирал болоход энд байнга ирж явдгийг мэдлээ. “Саяхан манай Алшаад болсон ‘Баатруудын цуглаан /FB-Festival/’-ыг зохион байгуулсан газар нь манайхаас ойр болохоор наадмын хугацаанд манайд зочин тасрахгүй ирж, зөвхөн энэ оны улс тунхагласны 7 хоногийн амралтаар би 60 мянган юанийн орлого олсон” гэж Алтанхүү олзуурхан ярилаа. Сурвалжилга өндөрлөх үеэр “Аялал жуулчлалын газраа хойшдоо яаж хөгжүүлье гэж бодож байна?” гэхэд
- Хөгжүүлнэ гэхээс юуны өмнө нутаг усаа яаж хамгаалах билээ гэж л бодож байна. Аялал жуулчлалаар орлогоо нэмэгдүүлэх ч сайхан байна. Гэхдээ манай энд элсэн доторх хэврэг өвс ургамал эвдэгдэхээс сэргийлнэ гэдэг маш чухал байна. Энэ сайхан нутгаа хэвээр нь үлдээхийг бодно хэмээн холыг бодсон хянуур янзтай ярьсан үг нь бидний сэтгэлийг хөндлөө.
