Ирландын Корк хотын захиргаанд Ирландын Коркийн их сургуулийн Күнзийн дээд сургууль байгуулагдсаны 15 жилийн ойн арга хэмжээ саяхан болов. Тус арга хэмжээнд орон нутгийн засаг захиргааны албан тушаалтнууд, парламентын гишүүд, Хятадаас Ирландад суугаа ЭСЯ-ны ажилтнууд зэрэг нийгмийн бүх давхаргын 800 гаруй хүн оролцов.
Корк их сургуулийн Күнзийн дээд сургууль нь Шанхайн их сургууль болон Корк их сургууль хамтран байгуулав. Тус дээд сургуулийн Хятад улсын захирал Хуан Жюьи хэлэхдээ “Өнгөрсөн 15 жилийн хугацаанд Шанхайн их сургууль нийт 267 хятад багшийг тус дээд сургуульд ирүүлж, Ирландын 102 их, дээд сургууль, бага, дунд сургуульд хятад хэлний хичээл заав. Үүнд, бага, дунд сургуулийн 43 мянган сурагч, их дээд сургуулийн 2,452 оюутан хамрагдаж байна” гэв.
Корк хотын захирагчийн төлөөлөгч, ахлах зөвлөх Жон Шихань хэлэхдээ “Коркийн их сургуулийн Күнзийн дээд сургууль нь Ирланд, Хятадын найрамдал, ялангуяа Корк, Шанхайн найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлж, Ирланд, Хятад хоёр орны ард түмний харилцан ойлголцол, солилцоог ахиулахад гүүр болж, илүү сайн үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна” гэлээ.
23 настай Ирланд хүү Колм Свини Корк хотын Их сургуулийн Күнзийн дээд сургуулиас Шанхайн их сургуульд нэг жил суралцах тэтгэлэг авч, өдгөө Их Британийн Лондон хотод санхүүгийн компанид ажиллаж байна. Тэрээр Синьхуа агентлагийн сэтгүүлчтэй хятад хэлээр чөлөөтэй ярьж, "Би Шанхай хотод суралцаж байсан цаг хугацаагаа маш их санаж байна. Шанхай хотын орчин үеийн шинэчлэлд маш их сэтгэгдэл төрж байсан. Би хэзээ нэгэн цагт Хятад руу буцаж очоод тэнд ажиллах эсвэл бизнес эрхлэх хүсэлтэй байна" гэв.
