Өнөр тансаг Мандахбулагийн хөдөө хаврын өнгө үзэсгэлэнтэй. Гуравдугаар сарын эцэс болоод байсан ч энэ нутгийн цас дөнгөж хайлж байсан учраас энд тэндгүй хайл гарч, хэзээнээс цасны бараа холдон хавар гэж ийм л уян байдгийг эрхгүй санагдуулж, сэтгэл баясгах нь юутай сайхан. Бид энэ сайхан нутгийн нэгэн гишүүн болох малчин Хосын гэдэг айлд хүрлээ. Эднийх засаг захиргааны хуваарилалаар Зүүн Үзэмчин хошууны Мандахбулаг суурингийн Баянбүрд багт нутагладаг. Төл хүлээн авах ажил нь эхлээд 200 гаруй хонь төллөн, гучаад нь ихэрлээд байсан ч тарга сайтай үзэмчин үүлдрийн хоньд арчлага додомдлого гэхгүй хүний бараа хармагч хургаа дагуулан үргэн цаашилж, хүн малгүй тэнүүн хаваржиж байсан тул тэдний айл гэрийн амьдрал, мал аж ахуйн арга туршлага, үхрийн үүлдэр сайжруулалт, мал аж ахуйн машин механизмчлалт, үйл оёдол, өвс хадлан …-гийнх нь тухай нэлээд удаан зоог таарч суулаа.
Хосынд анх хүрч байгаа миний анхаарлыг татсан хамгийн эхний зуйлс бол энд тэндгүй харагдах мал аж ахуйн хэрэглээний машин багажууд, машин механизм нь эдний маллах үйлдвэрлэл амьдралд заавал байх зуйл гэдгийг сурвалжлах үйл явцдаа олж мэдсэн юм. Өвс хадах машин, өвс боодоллох машин, ачиж тээвэрлэж буулгах машин, хонь хайчлах машин, өөрчилсөн машин тэрэг, мотор тэрэг, хог новш хаягдлыг хусч арилгах машин, трактор зэргээр дүүрсэн энэ малчин айлын хот ус надад өвөрмөц нэгэн байдал төрхийг үзүүлж байсан юм. Хос арван наймтайгаасаа эхлэн сумандаа арван жил жолоочийн ажил хийсэн боловч сүүлд нь тэрхүү хүний царай харж, хэмжээтэй хэдхэн цалин хөлс өгдөг ажлаа орхиод шууд хөөдөөдөө буцаж малаа маллажээ. Багаасаа машин багаж оролдох дуртай тэрээр эвдэрхий машин тоноглолыг эвлүүлж хэрэглэх, хороо хашаагаа гагнаж засахыг бүгдийг өөрөө хийчихдэг учраас өнөөдөр түүн шиг бүхий л амьдралаа машинчилсанаар хөдөлмөр хүчээ чөлөөлөн, мал аж ахуйн өөрийн өртгөө бууруулж чадсан малчин ойр хавийнханд ховорхон байлаа. Хэрэгцээнээсээ бараг гарсан шахуу хоёр балбархай бага тэрэгний машиныг хооронд нь сольж, онгоцыг нь онхолдуулж ачаагаа буулгадаг “балбалж” угсарснаар тэр нь хотын хог хүрзэнгээ тээж буулгах хэрэгцээнд орж, мянган хонь хуйлрах хороондоо оруулж зогсоогоод нөгөө машинаар нь хог хүрзэнгээ цэвэрлэж тээх ажлыг ганц хүн богинохон хугацаанд биелүүлчихдэг. Өнгөрсөн зууны 70-аад онд хэрэглэж байсан хонь хайчлах машин хайч эднийхний хэрэггүй юмсаа хураадаг хөмрөгт хаягдаад нэлээд удаж байснаа нэг өдөр Хосын нүдэнд өртсөнөөр дахин ашиглалтад оржээ. Тэрээр энэ машиныхаа угийн 380 вольтын цахилгаан шаарддаг чадамжийг нь 220 вольт болгон өөрчлөөд, дахин хутгыг нь засаж өөрчлөн хэрэгцээнд оруулсан болохоор 700 хургийг хоёр хүн ердөө нэг л өдөрт хайчилчихаж чаддаг болохоор хурга барьж зөөдөг хүмүүс нь амжихгүй сандардаг гэнэ. Хонины дулаан саравчныхаа дээвэр нурууг хөнгөн төмрөөр гагнаж битүүлснийг нь хараад “Үүнийг ч бас өөрөө гагначихсан уу” гэсэнд “Бусдын хийхийг бас би тоож өгөхгүй юм аа” гэж эрс хариулсан байдаг. Хог новш түлхэж утгаж цэвэрлэдэг “Тэмээн хүзүү”-тэй машины дөрвөлжин халбагынхаа ирмэг дээр хоёр сэрээ угсарчихаад байсан нь хонь малдаа өгдөг боолттой өвсийг хатгаж өргөхөд ашигладаг гэнэ. Эдний боолттой өвс нь 250 кг-ынх болохоор энэ аргыг сэдэж олж дээ. Бас гурван хүрдтэй болж өөрчлөгдсөн бартаат замаар давхиулдаг мотор гэрийнх нь үүдэнд эзнээ “Гайхууланхан” зогсоно. Учир шалтгааныг нь тодруулан асуухад элсэнд унахад өөрийн давуу талтай гэнэ. Хос машин багажаар оролдоход ийм л авьяаслаг хүн учраас түүнийг багийнхан нь ч зүгээр суулгадаггүй. Багийн хэмжээнд цас зуд болж түгжирсэн замыг нэвтрүүлэхэд түүнийг трактортой нь томилдог гэнэ. Өнгөрөгч өвөл багийнхаа гол болох замын цасыг хагалж зам нэвтрүүлэхэд нийт 176 цаг ажилласан гэдэг.
Тэрээр өвс хадах, боодоллох, тээж буулгах машиныг иж бүрдүүлсэн болохоор өвөл хавартаа малдаа хэрэглэх өвсийг билчээрээсээ хадаж хураахад өөрөө бие даан ажиллаж, өөр бусад айл намрын хадландаа 100 мянган юаний зардал гаргадаг бол эднийх зөвхөн 20 мянган юаний л зардал зарцуулдаг гэсэн. Энэ нь яах аргагүй машинчилсны сайн гэж хэлэх биз.
Намартаа 500 жингийнх 600 боолт өвс бэлтгэвэл өвөл хавартаа малаа өвслөөд хүрчихдэг гэх. Эднийх өвсөө ингэж том томоор боодоллоод дөрөв дэх жилээ өнгөрүүлж байна. Ингэж боодгийн учир нь үхэрт билчээрт нь бүхлээр нь тавьж, хонинд задгай тавихад амархан гэнэ. Ер нь тэгээд машинд түшиглээд малаа өвсөлдгөөс энэ нь жижиг боолттой өвсийг бумбар цомбор зөөж хаялахыг бодвол хол амархан бөгөөд цаг хүчинд их арвитай байдаг байна.
Хосынх 2005 оноос эхлэн нутгийн үүлдрийн үнээндээ гар хээлтүүлэг хийснээр өдгөө шимэндэр үүлдрийн үхэр гучаадыг маллаж байна. Эднийх нутагт нь 333.33 га талбай орчим зэгс бутын бэлчээр сүлжилдсэн нөмөр дулаан ихтэй, задгай нууртай манхан газар байдаг. Хүйтэн ороход үхрээ эндээ оруулчихвал пин хороо гэлтгүй ажиггүй өвөлжиж хаваржчихдаг аж. Ес эхлэн хүйтэрч, цас ихсэн бэлчээр дарагдмагц өнөөх бүдүүн боолттой өвснөөсөө нэг удаад арав гаруй боолтыг бэлчээрт нь буулгачихад болдог. Цас хайлтлаа ойролцоогоор 100 боолт өгвөл үхэр нь залгаад цагаан бэлчээртэйгээ золгочихдог болохоор эдний үхэр тар сайтай ногоонд залгаж, ирэх намар нь тарга ч сайн авдаг. Хавар үнээ тугаллаж эхэлмэгц сааль авч эхлэн, долоодугаар сар болтол жилийн туршид идэх хурууд цагаан идээгээ хүрэлцээтэй хураачихвал тугалаа тавин, үхэр сүргээ хээрлүүлж таргалуулдаг. Ноднин намар тугалаа тэгшитгээд 7000 юаний орчих үнээр худалджээ.
Энэ айлын үхрийн арчилгаа маллагааны зуршил нь ийм байна. Ер нь айл гэрийн орлого нь мал худалдсан орлого ба бага зэргийн өвс худалдсан орлогоос ирдэг ба ноднин тугал худалдсанаас гадна хургаа тэгшитгээд 710 юаниар худалдаж, 3000 шахам бага боолттой өвс худалдаж борлуулсан байв.
Мандахбулаг нутагт хот хөдөөгийн хооронд явж суун мал малладаг “Хоёр нутагт”-ны жаргалант амьдралыг эдэлж буй малчин айл олон байдаг. Түүний нэг нь малчин Хосынх. Эднийх суурингийн төвдөө хоёр давхар орон сууцтай бөгөөд хот хөдөөгийн хооронд давхиулдаг 400 мянга гаруй юаний үнэтэй “Адуучин буюу Мүмарэнь” брэндийн машин тэрэгтэй. Хавар болохоор хөдөө ирж төлөө хүүлээн авч, гаралтаа авч дуусгаад малаа зусланд гаргавал өөрсдөө буцаж Мандахбулаг сууриндаа хүрч суудаг. Гэхдээ тэд зүгээр суудаг улс биш нь мэдээж. Хосын гэргий Наранхуар үйл оёдолд уран хүн учраас мал аж ахуйн сул сэлүү цаг болоход Үзэмчний дөрвөн улирлын хувцас заслаа оёхын зэрэгцээ бүх Өвөр Монгол орны хэмжээнд явагддаг Монгол хувцас загварын уралдаан тэмцээнд урьд хожид арваад жил алдалгүй оролцож, Үзэмчин хувцас засал, оёдол урлалыг нийт олонд таниулахад өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж яваа билээ. Наранхуарын оёдлын онцлог нь зөвхөн Үзэмчний дөрвөн улирлын хувцас заслыг л оёж, үзэмчин төрийн таван заслыг бүрдүүлснээрээ онцгойрдог болохоор амжилтын олон медалийг энгэр дүүргэн гялалзуулна. Зөвхөн энэ хоёр жилийн амжилтаас нь яривал 2017 оны 10 дугаар сард Шулуунхөх хошуунд явагдсан бүх аймгийн монгол хувцас заслын уралдаанд Наранхуарын оёсон өвлийн улирлын уламжлалт хувцас засал нь тэргүүн байранд шалгарч, зуны улирлын хувцас засал хоёрдугаар байранд шалгарав.
Мөн тухайн жил Хөххотод болсон бүх Өвөр Монгол орны 14 дэх удаагийн монгол хувцас заслын наадамд түүний оёсон Үзэмчин хувцас засал хоёрдугаар байранд шалгарчээ. Энэ оны нэгдүгээр сард Баруун Үзэмчин хошуунд болсон Юйлүн цом өвлийн улирлын хувцас заслын уралдаанд Наранхуарын оёсон өвлийн улирлын хувцас засал нэгдүгээр зэрэглэлийн шагнал хүлээн авч, зуны улирлынх нь гуравдугаар байранд шалгарав. Тэд хоёул ойролцоогоор жил бзрийн 7-9 сарын хооронд ингэж гадуур явж өнгөрдөг байна. Энэ тухайд Хос:
- Зуны сайхан цагаар гадагш илүү явж нүд нээн, зүдрээ тайлах гэж маллах үйлдвэрлэл дээрээ өөрөө хийж арвилсан тэр хэсэг мөнгөө ‘үрнэ’ шат” гэж хөгжилтэй ярьж байлаа.
Амьдралыг ухаанаар, амжилтыг зүтгэлээр гэгчийг малчин Хосын хийсэн бүтээсэн хөдөлмөрийн гялбаа нэг ёсондоо харуулж чадаж байна гэж би хувьдаа бодно. Өнгөрсөн өвөл 1333.33 га талбай нутагтаа мянга шахам бог, дөч шахам бод мал өвөлжүүлсэн эднийх өнөө хавар 800 шахуу төлийн дуун хангинуулан, өнөр өтгөн мал сайтай ийнхүү сайхан хаваржиж байна.
