solongonews
Дарханшилийн “Давхиа” дарга
2016-05-09 12:28
Дарханшилийн “Давхиа” дарга

          Сөнид зүүн хошуугаар сурвалжилж явахад Мандалт суурингийн Дарханшил багийн залуухан дарга Хишигдүүрэн малчдаа удирдан хоршоо байгуулж, хургаа зах зээлийн үнээс үнэтэй худалдсан бөгөөд мөн машины арилжаа худалдааны компани байгуулж залуучуудаа уриалан бизнес эрхэлж байна гэсэн таатай мэдээг дуулж, бид сониучирхан энэхүү багийн залуу даргыг сурвалжилахаар очсон юм.

             Бөх-Наймаачин-Багийн дарга

Тамчийн тэнэгэр талд тоглон өссөн Хишигдүүрэн бие бялдар сайтай, хянамгай зантай нэгэн. Монголчууд хүү заяавал бөх болог гэж ерөөдөг шиг Хишигдүүрэн ч хар багаасаа унан тусан барилдаж, бөхөд аргагүй их хайртай нэгэн болжээ. Хожим нь Хөххотын Биеийн тамирын сургуульд 4 жил сонгодог бөхөөр хичээллэсэн байна.

     Бөхийн бэлтгэл сургуулилтаа дуусгасны дараа Эрээн хотод очиж дэлгүүр ажиллуулж , гутлын бөөний дэлгүүрээ эхлүүлжээ. Юу хийсэн ч бүх сэтгэл зүрхээ зориулж байдаг түүний хувьд арилжаа наймаа нь их урагштай, ашиг орлого сайтай байснаас Монгол Улсад салбар дэлгүүр нээхээр төлөвлөж байжээ. 2009 онд Монгол Улс дахь салбар дэлгүүрээ ажлуулахаар бэлдэж байтал түүнд багийн даргын сонгуульд оролцох эрхийг ард түмэн нь олгожээ. Багийнхаа зон олны итгэл хүслийг хөсөрдүүлэхгүйг хичээж, сонгуульд оролцож багийн даргаар сонгогдсон байна.

    Хувийн ашиг сонирхол, багийн ард түмний ашиг сонирхлоос аль нэгийг нь сонгох болсонд хувийн ашиг тусаа орхиж, өөдтэй өнгөтэй байсан арилжаа наймаагаа бусдад шилжүүлэн өгч, өөрөө багийн даргын тушаалыг хариуцав.

Багийн дарга-Удирдах зөвлөлийн дарга-Удирдагч

   Багийн дарга болсон өдрөөс эхлэн Хишигдүүрэн төсөл авах, багийн ард түмний асуудлыг шийдэх гэж давхиагаар өдрийг өнгөрүүлдэг байлаа.

   Юуны өмнө багийнхаа дэд бүтэц, тоног төхөөрөмж хүрэлцэхгүй байгаа байдлыг мэдэж, төсөл авахаар өргөдөл гаргаж, тоног төхөөрөмжөө бүрэн болгохоор 1 номерын зорилго тавин ажиллажээ. Дээд шатны холбогдох салбарынхантай идэвхтэй харилцаа холбоо байгуулж, 12 сая юаний төслийн мөнгө олж, 250 квадрат метр бүхий талбайтай багийн Соёлын төвийг засан шинэчилж, ус хадгалах зоорь 63-ыг байгуулж, механик хөдөлгүүрт худаг 17-г малтаж, 40 өрхөд ус цэвэршүүлэх машин угсран өгч, ус хүргэх машин 2-ыг худалдан авч, 13 өрхөд шинэ орон сууц барьж өгч, хонь угаадаг онгоц 41, пин саравч 49, өвс хадгалах пин 35-ыг барьж байгуулж, 14.5 километр урт засмал зам тавьжээ. Мөн 14 өрхөд цахилгаан оруулан, 84 өрхөд нар салхины хосолсон цахилгаан үйлдвэрлэх систем бүхий машин суурилуулан өгчээ. 200 үрийн мал худалдан авч, суурин газар байгуулан, жилийн орлого 30 мянган юаньд хүрчээ.

Суурь тоног төхөөрөмж бүрэн сайн байвал малчдын бэлтгэл сайн, сэтгэл зүйн талд ч хүнд бэрхийг ялан давах итгэл зориг нэмэгддэг. Энэ байдлыг мэдэх Хишигдүүрэн 2012 онд багийн олон түмнээ дайчлан “Цагаан хад” мал аж ахуйн тусгай хоршоо байгуулж, өөрөө удирдах зөвлөлийн ажлыг хариуцан ажиллажээ.

   Тус хоршооны анх бүртгүүлсэн хөрөнгө мөнгө нь 500 мянган юань байсан бол одоо 2.27 сая юаньд хүрч, 19 гишүүн өрхтэй болжээ. Хоршоондоо 600 мянган юаний төслийн мөнгө өргөдөл гарган олж, хувиараа 200 мянган юань хуримтлуулж, стандартад нийцсэн саравч 20, орон сууц 5, өвс хадгалах саравч 8, бордоо хадгалах агуулах 2-ыг байгуулжээ. Нутаг бэлчээрийг нийлүүлэн, бүс хуваан сэлгэн маллах, хамтран эзэмших, ядуу буурай өрхийг дайчлан хамтран дэвшиж баяжсан байна.

   Хоршоо нь 4.266 га нутаг бэлчээр түрээслэн, 1000 толгой эх мал худалдан авч, гадаадаас импортолсон өвс боож баглах машин нэгийг худалдан авчээ. Хоршооныхоо гишүүдийг дайчлан нутаг бэлчээр түрээсэлж, өвс хадаж боож, зөөвөрлөж, малчдыг дайчлан хоршоонд ажил хийх буюу хувьцаа эзэмшүүлэх арга маягаар малчдын ойлголтыг өөрчилсөн байна.

2014 онд хоршооны хүн бүрд ногдох жилийн дундаж орлого 28 мянган юаньд хүрч, хоршооны ашиг орлого 320 мянган юаньд хүрсэн байна. Үүгээр барахгүй Сөнид Зүүн хошууны малчдыг хямд үнэтэй өвсөөр хангаж, мал аж ахуйн үйлдвэрлэлийн хэвийн байдлыг батлав.

Хишигдүүрэн тасралтгүй судлан суралцаж, зах зээлийн дэг ёсыг анхаардаг. Экологийн хонь үхрийн махаа үнэтэй худалдъя гэвэл шошго тэмдэг хэрэгтэй гэдгийг мэдэрч, “Шар тал” нутгийн хонины шошго тэмдэг ба “Талын улаан” нутгийн үхрийн шошготой болжээ.

 

Дагуулагч-Зохион байгуулагч-Орлогч захирал

 

Сөнид Зүүн хошууны Мандалт суурингийн ложистикийн газарт байрладаг "GRAND" машины ХКК нь 2014 оны 6 дугаар сард байгуулагдаж, машины борлуулалт болон сэлбэг засварыг хослуулсан ерөнхий маягийн үйлчилгээ үзүүлдэг байна. Үүгээр багийн дарга байсан Хишигдүүрэн компанийн захирал болж, одоо тус компанийн үл хөдлөх хөрөнгө мөнгө нь 5 сая юаньд хүрч, жилийн цэвэр орлого нь 200 мянган юаньд хүрчээ.

 

     “Манай компани одоогоор Өвөр Монголын хэмжээнд цорын ганц монгол хэлээр үйлчилдэг машины арилжаа худалдааны компани байх. Манай компанид монгол залуус ажилладаг. Хөдөөнөөс хот орсон залуус буюу их сургуулиа төгсөөд хувийн бизнес эрхлэх бодолтой залуус ч бий. Эдгээр залуучуудад ажлын байр хангахаар барахгүй тэдний дадлага хийх боломж нөхцөлийг хангадаг гэж GRAND машины ХХК-ын захирал Цолмон ярилаа.

Тус компани нь Сөнид Зүүн хошууны залуучууд хамгийн анх хувийн бизнес хийж, хөдөлмөр эрхлэх суурин болсноор барахгүй “Залуучуудын айл” хэмээх сайхан алдартай болсон байлаа. Үүгээр барахгүй тус компани нь банк зэрэг байгууллага нэгжтэй харьцаж малчдад зээл олгожээ.

 Өөрөө компани байгуулж бусдад тусалсан тэрээр малчин түмнийгээ үргэлж бодож явдаг. Малын махны үнэ ханш жилээс жил ирэх тусам  буурч малчдын ашиг орлого ч багасч байгаатай холбогдуулан аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж, малчиддаа ашиг хүртээхийг зорьжээ.

Нутаг орны аж ахуйн хөгжлийг ахиулан, олны сайн танил шошготой болж, малчдын орлогыг нэмэгдүүлэх үүднээс 2015 онд Хишигдүүрэн малчдаа уриалан арга хэлбэрээ өөрчлөн, Шин Хай махны ХК-тай хамтарч, малчидтай гэрээ хийж мах наймаалах ажлыг хийсэн байна. Аж ахуйн нэгж+хоршоо+малчин өрх хэмээх аж үйлдвэржсэн хөгжлийн хэлбэрийг бүрдүүлсэн байна. Хишигдүүрэн хоршоо болон малчин өрхөө төлөөлөн Шин Хай групптэй удаан хугацааны захиалгын гэрээ хийж, өнгөрсөн жил 60 мянган хурга борлуулж, худалдан борлуулах тоогоо жил дараалан нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Малчиддаа бодитой ашиг хүртээсэн Хишигдүүрэн мөн л ажил ихтэй хэвээр нааш цааш давхиулж л байна. Өөрийн бүтээлч санаа, хөнгөн сийрэг тархи, дөлгөөн зан ааш, эелдэг дотно харилцаа нь өргөн олны хүндэтгэлийг олж, өрөөлийн төлөө зүтгэсээр…

Зохиогч: ийтлэл, зургийг: БАЯРЦЭНГЭЛ, ЗҮРХИН, АЛТАН-ОД
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл