
Хятадын ндэсний аялал жуулчлалын хэрэг эрхлэх газрын статистикийн төвийнхөн гол гол хяналтын цэгүүд, олон газрын мэдүүлсэн статистик бүртгэл болон зам тээврийн яамны жуулчин илгээсэн тоо баримтад үндэслэн ерөнхий тооцоо гаргасан байна. Тооцоолсноор аравдугаар сарын 3-нд бүх Хятадын аялал жуулчлалын салбар давхардсан тоогоор нийт 108 сая жуулчин хүлээн авчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 14.3 хувиар нэмэгдэж, 88 тэрбум юаний аялал жуулчлалын орлого бүтээсэн нь ноднингийн мөн өдрийнхөөс 15.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Үндэсний баярын амралтын гурав дахь өдөр хөдөө тосгоноор аялах, амралт зугаалга, экологийн бүсээр аялах, улаан армийн хувьсгалын дурсгалт газруудаар аялах зэрэг нь аялал жуулчлалын зах зээлийн нэгэн шинэ онцлог болж байна. Түүнчлэн гэр бүлээрээ аялах, найз нөхөдтэйгээ хамт ойр орчмын газруудаар аялах, хувийн унаагаар аялах зэрэг нь гадагшаа зорчих гол хэлбэр болжээ. Олон газрууд баялаг агуулга бүхий үндэстний онцлогтой баяр наадам зохиож жуулчдыг олноор нь татсан байна. Цэцэрлэг паркаар зугаалах, жимс ногоо түүх, амтат зууш ундаа зэрэг нь аялал жуулчлалын бүтээгдэхүүний хангалтыг олон янз болгов.
Мөн энэ өдөр бүх Хятадын төмөр замынхан үргэлжлэн ачаалал ихтэй ажилласан бөгөөд давхардсан тоогоор бараг 11 сая жуулчин илгээжээ. Бээжингийн Төмөр замын товчоо, Шанхайн болон Гуанжөүгийн Төмөр замын корпораци, мөн зарим чухал бүс нутгийн төмөр замын шугам жуулчид ихтэй байна. Авто замын хувьд гол гол аялал жуулчлалын хотууд, аялал жуулчлалын үзэмжит бүсийн замуудын машин унааны тоо эрс нэмэгдэж, хэсэг хурдны авто зам, улсын гол гол авто замын шугам болон чухал үзэмжит газруудын авто замын ачаалал мөн улам ихэссээр байгаа юм. Иргэний агаарын тээврийн хувьд нисэх онгоцны тасалбарын үнэ буурч, дотоодын зорчигч тээврийн нислэгийн ачаалал багассан байна.
