Хятадын Статистикийн үндэсний газраас 08-р сард Хятадын улс ардын эдийн засаг үргэлжлэн тогтвортой сэргэснээр нийгмийн хэрэглээний жижиглэнгийн худалдаа, орон сууцны борлуулалт, аж үйлдвэрийн нэмүү өртөг, бараа бүтээгдэхүүний экспорт гэсэн дөрвөн индекс энэ ондоо анх эерэг өсөлттэй гарсан гэж 09-р сарын 15-ны өдөр мэдээллээ.
08-р сард Хятадын нийгмийн хэрэглээний жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 335 тэрбум 710 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.5 хувиар өсөж, он гарснаас хойш анх удаа эерэг өсөлттэй гарчээ. Үүний учир шалтгааны тухай Хятадын Статистикийн үндэсний газрын хэвлэлийн төлөөлөгч Фү Линхүй дараах тайлбарыг өгсөн байна:
Эдийн засаг сэргэхийн хэрээр оршин суугчдын ажлын байр тогтвортой нэмэгдэж, иргэдийн орлогыг нэмэгдүүлсэн байна.
Дотооддоо цар тахлыг үр дүнтэй тогтоон барьж, тахал дэгдсэн эхэн үед авч хэрэгжүүлсэн хориг хязгаарлалтын арга хэмжээг сулруулснаар аялал жуулчлалын цэгүүд үйл ажиллагаагаа сэргээсэн нь хэрэглээг нэмэгдүүлэхэд эергээр нөлөөлсөн.
Оршин суугчдын гадагш зорчих хүсэл эрмэлзэл нэмэгдсээр байгаа нь хэрэглээг тогтвортой сэргээхэд нааштай үндэс суурь болсон зэрэг болно.
Тоо баримтаас харахад 2020 оны эхний найман сард орон сууцны борлуулалтын нийт хэмжээ 969 тэрбум 430 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.6 хувиар нэмэгдсэн байна. Харин 08-р сард 70 том, дунд зэргийн хот суурингийн үл хөдлөх хөрөнгийн зах зээл тогтвортой байж, орон сууцны ханш зохих хэмжээгээр өссөн байна. Тэгвэл 8-р сард үндэсний хэмжээнд жилийн орлого нь 20 сая юаниас дээш аж үйлдвэрүүдийн нэмүү өртөг өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.6 хувиар, 07-р сарынхаас 0.8 нэгжээр өсөн нэмэгджээ. Бараа бүтээгдэхүүний экспортын хувьд оны эхний найман сард импорт, экспортын нийт хэмжээ 2 их наяд 4 тэрбум 880 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.6 хувиар буурсан байна. Үүнд экспорт 1 их наяд 104 тэрбум 830 сая юаньд хүрч, 0.8 хувиар өсөн нэмэгджээ.
