Билгийн улирлын хөхөө сарын хорин гурван бол монголчуудын гал тахилгын өдөр болно. Энэ өдөр Сөнид баруун хошууны гуравдугаар бага сургуулийн сурагч Нахиа өглөө эртнээс эмээ ээждээ туслан гал тахилгад хэрэгтэй зүйлсийг бэлтгэхийн хамт эмээгээсээ өвчүү засах ёсыг сурсан байна. Үдшийн бүрийгээр тэднийх монгол хувцсаараа гоёж галын бурхнаа тахиж, шинэ жилийнхээ сайн сайхныг ерөөн бэлгэдэв.
- Эмээ ээж, аав ээжтэйгээ хамт галын бурхнаа тахиж үндэстнийхээ уламжлалт зан үйл, цээр ёсны тухай мэдэж авав. Энэ нь миний амралтын хугацаан дахь хамгийн дурсамжтай үйл ажиллагаа болно гэж Нахиа баяртай ярьж байсан юм.
Бяцхан Нахиагийн амралтын хугацаанд эмээгээсээ гал тахилгын ёс заншлын тухай ойлгож эзэмшсэнтэй харьцуулбал Хөвөөтшар хошууны дунд ангийн сурагч Ариунаа өвлийн амралтын хугацаанд хөдөлмөрт оролцохыг өөрийн зорилгоо болгосон байна. Өвлийн амралт тавиад хөдөө гэртээ ирэхэд Ариунаагийн аав ээж нь эртийн төлөө тосоод тун завгүй ажиллаж байлаа. Аав ээжийнхээ хатуу бор ажилдаа завгүй ажиллаж байгааг харсан тэрээр аав ээждээ туслан гэрээ цэвэрлэж, аргал түлээгээ гэртээ оруулан, гэрийн гаднах цасаа арилгаж, аав ээждээ бага ч гэсэн тус дэм болохоор ажил хөдөлмөрт нь оролцсон байна.
- Энгийн үе, сургуульд сурч байх хугацаандаа аав ээждээ тус болж чаддаггүй, амралтын хугацаанд гэртээ ирээд аав ээждээ туслан бага зэрэг гэр зуурын ажил хийх нь сэтгэлд их таатай санагддаг гэж Ариунаа ярив.
Буурлаасаа зан үйлийн тухай ойлгож мэдсэн Нахиа болон сайн дураараа аав ээждээ туслан хөдөлмөрт оролцсон Ариунаагийн үйл ажиллагаа нь энгийн явдал боловч тэдний хувьд энэ өвлийн амралтын дурсамж болон үлдсэн билээ. Ер нь өвөл зуны амралтын хугацаанд сурагчдын хамгаас илүү хүсэн мөрөөддөг цаг мөч юм. Амралтын хугацаагаа яаж дурсамжтай сайхан, утга учиртай өнгөрүүлэх нь сурагчдын өөрсдийн санаачилга, эцэг эхийн дэмжлэгээс салшгүй. Эцэг эхийн хувьд энэ цаг хугацааг ашиглан үр хүүхдэдээ хичээлээс гадуурх монгол амьдрал үйлдвэрлэлийн мэдлэгийг ойлгуулахын зэрэгцээ амьдралд бодитой оролцуулах нь тэд хойшид биеэ даах чадварыг дээшлүүлэхэд нь тустай. Хүүхэд багачууд ч бодит амьдралын дундаас амьдралын олон зүйлсийг сурч мэдэх нь зайлшгүй юм.
