90-өөд оны сүүлээр Өвөр Монголын Соёлын тэнхим тухайн үеийн Улаанцав аймгийн Дөрвөд хошууны Хонгор сумын Давхар багаас “Юань улсын үеийн цугларал овоо”-г илрүүлэв. Хэмжээгээр том, бүрэн бүтнээрээ хадгалагдаж ирсэн тус овоо нь умардын тал нутгийн нүүдлийн мал аж ахуйн соёл, бурхны шашин, монгол үндэстний зан үйл, улаа өртөөг судлахад ихээхэн үнэтэй үндэслэл болох зүйл хэмээн тодорхойлогджээ.
Энэхүү алдар нь мандсан Юаний үеийн овоо нь нутгийн дээдлэн тахидаг “Хан Хайрхан” болно. 07-р сарын 21-ний өдөр тус овооны тахилгын үйл ажиллагаанд оролцохоор Дөрвөд хошууны төв Улаанхуа суурингаас хойш 40 км аялж, үерлэн урсах Таван хан голыг баруунш туулж, бартаа ихтэй уулын хормойд хүрлээ.

“Дөрвөдийн 4 том овооны нэг”, “Тахир долоон од хэмээгдэх монгол нутгийн долоон овооны хамгийн баруун дээд талын овоо” хэмээн нутгийн хүмүүс хэлэлцэнэ. Цагаанбулаг сумын Сачийн Арын ахмадууд: “Хан Хайрханы оройгоор униартан цэнхэртэж байвал хур бороотой, хөхөрч тодхон харагдаж байвал гантай” хэмээн хуучилдаг. “Хан Хайрхан” 2016 онд ӨМӨЗО-ы анхны бүлэг нэрт овоогоор бүртгэгдсэн нь түүний түүхэн байр суурийн нэгэн тод жишээ юм.
“Хуртай ч хугацаандаа” гэдгээр урт шөнийн цутгасан аадар борооны дараа шинэ өдрөө угтаж, энэ нутгийн сахиус болсон Хан Хайрханаа тахихаар сүсэгтэн олон ар араасаа цувран ирлээ… Ихэс дээдсийн олон зуун жилийн турш баримтлан ирсэн зан заншлаа алдалгүй эрхэм дарааллаар явуулж, хүж сан ариутган ном уншиж, идээний дээжээ өргөн даллага авч хур бороо элбэг, хүн ард амар тайван, адуу мал өнөр, аливаа бүхэн сайн сайхан байхыг даатган залбирна. Овооны хишгээ хуваан амсаж, эр хүний хийморийг сэргээдэг монгол бөхөө барилдуулж, дэлгэр сайхан зуны цагаар дээдсийн уламжлалаа залгамжлан овоо сахиусаа баясган, ард олноороо соёлын сайхан үйл ажиллагааг дээдлэн явуулав.
Овооны тахилгын үеэр Равсалмаа гуай: - Цаг төрийн үймээн зүгширч ард олон эрүүл энх амьдралыг эдлэх болсон тухайн үед манай аав Гармасэдэн болон Зуурайдорж гуайн хамт анх Хан Хайрханы тахилгыг сэргээж тахисан юм. Мөн алдалгүй уламжлан тахиж байгаарай хэмээн аавын минь амьд сэрүүн байхдаа захиж хэлсэн үг. Тэр үед шүүсээ мориндоо ганзагалж ирээд тахидаг байсан. Бороо элбэг байсан үе зам хашигдаад арга бус Хан Хайрханыхаа барааг харж холоос сүжиглэн тахидаг байсан удаатай гэж овооны тахилгын ёслолыг дахинтаа сэргээсэн түүхийг ярилаа.

Хан-Уул багийн дарга Хосбаяр: - Улс чөлөөлөгдөхөөс өмнө ван ноёдын тахиж байсан хошуу засгийн овоо байсан. Эл сумаас сэтэртэй морио авч ирэн хонуут өнжүүтээр тахиж байсан гэж ахмадууд хуучилдаг. Хан Хайрхан овоо нь төвдөө нэг том овоотой, тойроод чулуун хүрээ, эргэн тойрон 108 жижиг овоотой. Ийм сайхан түүхэн судалгааны үнэтэй овоо хайрханаа дээдлэн тахиж, соёл уламжлалаа хөгжүүлэх нь залгамж хойч болсон бидний үүрэг хариуцлага юм гэж ярив.
Монгол нутгийн чухал бэлгэ тэмдэг болсон овооны тахилгыг 2006 онд улсын зэрэглэлийн бодисын бус соёлын өвөөр бүртгүүлж, 2017 онд олон улсын холбоот байгууллагын сурган хүмүүжил шинжлэх ухаан соёлын зохион байгуулалтаас монгол үндэстний овооны тахилгыг яаралтай авран хамгаалах хэрэгтэй бодисын бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлсэн мэдээ бий.
Хол явсан хүн нутаг ус уул хайрханаа сэтгэлдээ тээж явдаг. Аян замд овоо таарвал маш их бэлэгшээн гурав тойрон чулуу нэмж даатгадаг. Даяарчлалын эрин болж байгаа өнөөдөр бид нутаг усны сахиус шүтээн болсон овоондоо чулуу нэмж, уг санаагаа үл мартан, соёл иргэншлийн хөгжилд хүч нэмсэн монгол соёлын алтан хайрхандаа сүжиглэж явах шаардлага тулгараад байгаа юм.
