solongonews
Таван хошуу малаар талаа чимсэн малчин
2021-07-09 09:30
Таван хошуу малаар талаа чимсэн малчин

Нар хур тэнцэн навч цэцэг дэлгэрсэн зуны дэлгэр долоодугаар сард Хорчин Баруун гаран өмнөд хошууны тойромтой нутгаар аялахад хөвөн үүл цайран хөдөө талд ус тойром туналзаж, өвсний соргог усны тунгалгийг даган таатай бэлчих үхэр сүрэг, хонин сүрэг харааг баясган сэтгэл сэргээнэ. Улаанмод сумын Өвөржалга багаас хойш 10-аад километрт байрлах Сартай жалганд нутагших малчин Баганаагийнд хүрэхэд эхнэр Лүн Мэйгийн хамт тэмээгээ ноослон тун завгүй байлаа.

Тавин насыг давж яваа Баганаа 30 гаруй жил малчин заяа түшихдээ 330 гаруй га нутаг бэлчээртээ мал сүргээ өнөр өсгөн таван хошуу мал маллан тансаг амьдрал эдэлнэ. 20-иод жилийн өмнө хэдхэн хонь, ганц унааны морьтой өрх сэхсэн гэхэд итгэмээргүй байлаа. Тэрээр хэдхэн малаа арчлан өсгөхдөө ахмад буурлуудаас туршлага хуримтлуулан борви бохисхийлгүй хичээн ажиллаж, өглөө үдэштэй тэмцэн байж нэг л мэдэхэд ухаан суусан хашир малчин болжээ. Үүлдэр сайжруулж орлогоо нэмэгдүүлэхийг эрт ухаарсан Баганаа арав гаруй жилийн өмнөөс сан үүлдрийн мал худалдан авч сүргийнхээ үүлдрийг сайжруулан орлогоо нэмэгдүүлжээ.

Аавынхаа нөлөөгөөр тэрээр хар багаасаа тэмээ, моринд онцын сонирхолтой байжээ. 2017 оны нэгэн өдөр гэрийнх нь өмнүүр хоёр тэмээтэй наймаачин өнгөрөхөд эцэж турсан тэмээг хараад өр нь өвдөж тэмээдийг худалдан авч таван хошуу мал бүрдүүлжээ.

Малын мөр тос гэдэгчлэн таван хошуу малын буянд Баганаагийнх өнө шиг баян айл боллоо. Ган гачиг, нутаг бэлчээрийн талд санаа зовох асуудал түүнд мэдээж бий. Малд амьтай Баганаа бэлчээр нутгаа анхаарсаар иржээ. Хүнээс 130 га бэлчээр нутаг түрээслэн авч бэлчээрээ говирхог, зүлэг, бүрд тойромтой бэлчээр болгон хувааж шинжлэх ухаанчаар малаа малласнаар нэг жилийн орлого нь 600 мянган юанийг давснаар нутаг усандаа алдар цуутай сайн малчин болжээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл