Яруу найргийн “Болор цом” 34 дэх удаагийн наадам өнгөрсөн бямба гарагт Дорнод аймгийн Чойбалсан хотноо болж, яруу найрагч Борхүүгийн Батсайхан “Тэр эмэгтэй” шүлгээрээ тэргүүн байрт орлоо.
Энэ жилийн наадмыг "Эрээнцавын эвдрээгүй найрагч" хэмээн олноо хүндлэгдсэн Д.Нямсүрэн агсны нэрэмжит болгон зохион байгуулсан билээ.
Б.Батсайханы "Тэр эмэгтэй" шүлэг
ТЭР ЭМЭГТЭЙ
Тэр эмэгтэйд би хайртай
Тэвэрч аваад үнсэхэд нь дуртай
Даарсаар очиход минь угтан авч
Бээрсэн гарыг минь бүлээцүүлж өгдөг
Гоо үзэсгэлэнт тэр хүнээс
Голт зүрх минь хайр мэдэрдэг ээ
Тэр эмэгтэйд би хайртай
Тэртээ холоос ч угтдагт нь дуртай
Халууцсаар очиход минь тосон авч
Хөлсийг минь арчин сэрүүцүүлж өгдөг
Гомдоох ердөө боломжгүй тэр хүнээс
Гоо үзэсгэлэнг илүүтэй мэдэрдэг ээ
Жирийн л нэг монгол эмэгтэйгээс
Жинхэнэ хайрыг би мэдэрдэг ээ
Хайр гэрэлтүүлсэн тэр эмэгтэйг
Ээж гэдэг
