solongonews
Бүсгүй ухаан буурлын сургаалаас эхтэй
2018-01-26 16:45
Айлын бэр ухаантай, ачлалтай бол ахмад буурал нь жаргалтай буянтай байдаг жамтай.

Ханийнхаа аав ээжийн халуун дулааныг нь тэнцүүлэн сайн асарч, ус нутгийн олныхоо дунд хийсэн бүтээснээрээ танигдсаны эцэст ахмадаа хүндэлсэн ачлалт одонгийн орны зэрэглэлийн өргөмжлөлийг хүртэх гэдэг нэгэн малчин бүсгүйн хувьд энэ насны омогшил бахдал байх учиртай. Энэ өргөмжлөлийг хүртсэн ухаант монгол бүсгүйн бол Зүүн Сөнид хошууны Хонгор сумын Баянхонгор багийн малчин Дорноцэцэг болно. 

Бууж мордох зочиддоо цайлган аргагүй зочинсог хандаж, цай ундтай, царай дүүрэн инээмсэглэлтэй Дорноцэцэгийн үг хэл, үйл хөдлөлийг нь ажихад ёстой ч өрх гэрийнхээ нарыг мандуулж яваа гэгээлэг бүсгүй гэдэг нь мэдрэгдэнэ. Дорноцэцэгийн нөхрийг Хүрэлбаатар гэдэг. Аав ээжийн ах дүү долоогийн дотроос Хүрэлбаатар гэрийнхээ голомтыг залгаж бадрааж яваа билээ. Одоогоос 25 жилийн өмнө Дорноцэцэг энэ айлын бэр болон ирээд өнөөдөр болоход 20 гарсан хоёр сайхан хүүхдийн ээж болж, дээрээ ахмад настантай, дэргэдээ үртэй, таван хошуу сүрэг налайлгасан баян монгол амьдралтай айл гэрийн эзэгтэй болон гялалзаж яваа билээ. 

Монголчууд ахмад настныг асрахыг буян хурна гэж үздэг. Дорноцэцэг ч бэр болсон тэр цагаасаа ханийнхаа аав ээжийг сайн харж хандаж хүндэлсээр иржээ. Хадам ээж нь хэдэн жилийн өмнө насан өөд болжээ. Хадам аав нь одоо 90 дөхөж яваа ч бие эрүүл, ухаан тунгалаг жаргаж яваа ажээ.

- Би энэ айлд ирээд хоёр буурлаасаа мал маллах ухаан, зөв бодолтой явах ухаан, уламжлалаа дээдэлж амьдрах ухаан гээд олон сайхан ухаан өвлөж авсан. Настай хүний дэргэд байхад их юм сурдаг юм билээ. Залуу байхад нэг удаа өвөлжөөнөөс нүүх гээд савны ёроол дахь хөлдөөсөн сүүний шавхруу асгахад "нүүж байгаа нутагт сүү асгаж болдоггүй юм" гэж хадам ээжээрээ зэмлүүлээд их ухаан сууж байсан юм. Монгол гэрийн үүдээр шагайж хардаггүй, үнс гадна хонуулдаггүй гэдэг бүр ухаан учиртай. Эдгээрийг ахмадуудынхаа сургаалаас л мэдэж авдаг байлаа гэж Дорноцэцэг өмөлзөж нөмөрлөх ахмад бууралтай амьдралынхаа баяр жаргалыг хуваалцлаа.

Дорноцэцэгийн хувьд олон жилийн турш настай аавыгаа асраад дэндүү дасчихсан гэх үү, аавыгаа гэртээ орхиод гадагш гараад хэд хоног явахад санаа амаргүй байдаг байв. Аавынхаа идэж уухыг зохицуулж, хоол ундыг нь өөрөө л зохицуулдаг гэсэн. Хаврын хонины сүү өвчинд сайн байдаг болохоор ахмад бууралдаа нэг удаа уулгадаг байна. Нөхөр Хүрэлбаатар мал унаа, гэрийн гаднын ажлаасаа бусад зүйлд санаа зовохгүй тайван хүн учир аавынхаа өмсөж зүүхийг нь зохицуулахаас гадна гадагш дотогш авч явах, эмнэлэгт үзүүлэх, эм тан залах гээд бүгдийг Дорноцэцэг л зохицуулдаг байв. Аав нь ч хүүхдүүдээрээ явж байгаад хэд хонолгүй гэртээ харина гэдэг гэнэ. Бодвол энэ бэрийнхээ гарт дэндүү дассаных байх. 

- Манай аавын бие их тэнхлүүн. Гэдэс нь бага зэрэг өвддөг болохоор эм тан бэлтгэсэн байх хэрэгтэй. Нүдний хараа нь муудсан ч холын юмыг ялгаж харахдаа сайн байдаг нь бараг насных байх. Настай хүний сэтгэл санааг нь тайван амгалан байлгах нь чухал, мөн гадагш юм үзүүлж харуулах нь зөв гэж боддог. Өнгөрсөн жил аавыгаа Монгол Улсаар аялуулсан гэж ярьсан Дорноцэцэгийн ярианаас харахад ахмад буурлаа хүндлэн, бие сэтгэл нь эрүүл саруул байхад хянамгай хандаж нямбай асардаг нь мэдэгдэж байв.

2016 онд ӨМӨЗО-ы Ахмадуудын ажлын зөвлөл, ӨМӨЗО-ы Иргэний явдлын танхимаас Дорноцэцэгт “Ахмадаа хүндэлсэн ачлалт одон” хэмээх яруу алдар өргөмжлөлийг олгож, 20-иод жилийн турш хоёр буурлаа асарч хүндэлж явсан хөдөлмөр зүтгэлийг нь үнэлжээ.

Зохиогч: Сараана, Цэцэг
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Шилийнгол өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл