Хөх уул хөндий талгүй өвч мөнгөн өнгөөр хучигдсан хоёрдугаар сарын сүүлээр бага зэрэг шуургатай өдөр бид хаагдаж битүүрсэн цасыг хусаж арилгасан замаар машинтай аажим аялсаар хонин угтуул нартай зорьсон айлдаа хүрч билээ. Бидний зорьж яваа айл бол Зүүн Үзэмчин хошууны Самай сумын Хөөрцөг багийн малчин Оюунбилигийнх болно. Ажилч айлын гаднаас нь аж амьдралын гурван хувийг гадарлана гэдгээр Хөөрцөгийн элсний дулаан өвөрт суурьшилтай малчин Оюунбилигийн улбар ягаан өнгөөр эмжээрлэсэн тоосгон байшин болон малын пин хэрэм, хороо хашаа, тэрэг унаа бүхэн нь тэгш эмх цэгцтэй харагдана. Нүүрэндээ баярын инээд тодруулан биднийг угтан гарч ирсэн гэрийн эзэнтэй амар мэндээ мэдэлцэн гэрт орсон бид сүүтэй цай ууж алжаал тайлах зуураа гэрийн эзэнтэй хөдөөгийн зоог идээшүүлж суулаа. “Өнгөрсөн өвөл өнөө хавар манай энд цас их шүү. Өмнө хоёр өдөр хөр цасыг түлхэж зам нээгээгүй бол та хэд орж ирж чадахгүй. Хаврын уур орсон ч цасан шуурга ер намдаагүй. Малчин хүний ажил чинь тэнгэр муухайрах тусам л их болно. Гэр хүрээ хороо хашааны цасанд дарагдсаныг харахгүй юу” гэж Оюунбилиг ярихдаа гаднах шуурга яаж байгаа бол гэсэн шиг гадагш харна.
- Малын хүч тарга яаж байна? Төлийн гөг чинь ойртож байна уу ?
Одоохондоо өвс бордоо өнгөөр голлож байна. Төлийн гөг бас сарын зайтай байгаа. Өнгөрсөн жил ган хавсарга болж жаахан орой төлөө тосож байгаа гэсэн юм.
- Жилийн орлого хэр зэрэг вэ?
Өнгөрсөн жил 40 үхэр, 100 гаруй хонь ямаа худалдсан. Сүргийн татвар мөнгө зэрэг нийлбэл бас 300 мянган юанийн орлоготой. 300 мянган юанийн орлоготой гэхэд 300 мянган юанийн зардалтай, өвс бордоо авах, тос усны зарлага, амьдралын зардал гээд үлдэх юм байхгүй гэж Оюунбилиг орлого зарлагынхаа тухай нуулгүй ярьсан яриа үргэлжилнэ.
Оюунбилиг 466.6 га бэлчээр дээрээ 300 гаруй бог мал, 70 шахам үхэр, 30 адуу маллаж байна. 3 өрөө байшингаа хотын айлаас дооргүй засаж, дулаалга угсарч, орчин үеийн амьдралын эдлэл хэрэгсэл бүхнийг бүрдүүлжээ. Гар утас телевиз дэлгэрснээр хорвоогийн сонин сайхан бүхнийг алдалгүй үзэж сонирхон элсэн нутгийн энэхүү айлд хэлэхэд дутах юмгүй гэмээр. Өвөлжөөний суурьшлын 266.6 га бэлчээр нутаг нь Хөөрцөгийн элсэнд байдаг болохоор өвөл хавартаа өвөлжөөндөө сууж, бусад цагт нь өвөлжөөний нутгаас нь 6 км зайтай зуслангийн нутагтаа суудаг гэнэ. Нутаг бэлчээр уужим ч элсний нутгаа битүүмжлэн хамгаалснаар мал маллах нутаг нь бага болж, олон мал маллахад хүнд болжээ. Гэвч монгол хүний нутаг усаа эрхэмлэн дээдэлдэг сайхан чанартай тул нутгаа хамгаалахыг өөрийн ашиг тусаасаа өндөрт тавьсан нь түүний үйл ажиллагаа бүрэн гэрчилж байлаа. Оюунбилиг нутагтаа тохируулж мал маллахаар бог малаа 2011 онд бусдад сүрэг тавин малжуулсан ч хонины үнэ ханш жил дараалан буураад хэн хэн нь ашиг олз муутай болохоор өнгөрсөн жилийн намар аргагүй сүрэг тавьсан хонио буцаан авч өөрөө маллажээ.
- Одоо малын тоо олдож нутаг бэлчээрийн даацаас хэтэрч байна. Нутаг бэлчээрийн түрээсний үнэ мөнгө өслөө. Тиймээс олон төрлийн мал маллахад хүнд болжээ. Юутай ч байдлыг харж байгаад үхэр хониноосоо нэгийг нь цөөлнө. Цөөлөхгүй бол нутаг тачиршина гэсэн Оюунбилигийн ярианд нутаг л юунаас ч чухал гэдэг санаа цухалзаж байв.
Малчин Оюунбилигтэй бид ийнхүү халуун яриа өрнүүлж суухдаа Хөөрцөгийн элсэн нутгийн малчин айлын ажил хөдөлмөртөө түшиглэн аж амьдралаа цогцлож яваа сайхан араншин болон нутаг усаа нандигнан хайрлаж явдаг эрхэмсургаалийг нь эрхгүй биширч билээ.
